Нийгмийн

“Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталлаа

Санхүүгийн зохицуулах хорооны өнөөдрийн хуралдаанаар  нийт 16 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Эдгээрийн нэг нь “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан явдал юм.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.14-т зааснаар биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам тогтоож, хэрэгжилтийг хянах эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд олгосон. Энэ дагуу дээрх журмыг хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Тодруулбал, мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт чиглэсэн биржийн бус зах зээлийн нарийвчилсан эрх зүйн зохицуулалт бий болж, олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээл хөгжих үндэс суурь тавигдаж байна.

Журмаар үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын төлөөллийг багтаасан “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ӨЗБ /МҮЦАЭХ/ нь биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор МҮЦАЭХ-ноос биржийн бус зах зээлийн нарийвчилсан харилцааг зохицуулсан журмуудыг боловсруулахаас гадна арилжааны цахим программ хангамжийн бэлэн байдлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан бүрэн хангаж, биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн хүлээлттэй байна.

Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа нээгдсэнээр компаниудын хувьд компанийн хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах эрх зүйн орчин бүрдэж, үнэт цаас гаргахад цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна хөрөнгө оруулагчийн зүгээс хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх, үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах, мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг чухал ач холбогдолтой. Мөн нийтэд санал болгон гаргах үнэт цаасны шаардлага, шалгуурыг хангахад хүндрэлтэй байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч нарт биржийн бус зах зээлээс санхүүжилт босгох таатай нөхцөл бүрдэнэ.

Биржийн бус зах зээлд оролцогч хөрөнгө оруулагч нарт тодорхой шаардлага, шалгуур тавьснаар зах зээлийн талаар хангалттай мэдлэг, мэдээлэл байхгүй мөн эрсдэл даах чадвар сул, жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах боломж бүрдэнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button