СУРВАЛЖЛАГА: "Монгол Алтайн барагшун" МХЕГ-ын шалгалтын дараа зөрчлөө арилгасан ч БОРЛУУЛАЛТ МУУДЖЭЭ
- БИД АНХНЫ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭГЭЭ АНУ-ЫН ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИД ХИЙЛГЭСЭН-
Хүн төрөлхтөн барагшуны шимт чанар, ач тусыг 3000 жилийн тэртээгээс нээн илрүүлж хэрэглэж ирсэн түүхтэй. Өдгөө дэлхийн олон олон эрдэмтэн судлаачид барагшуныг судалж илүү их гайхамшигийг нээсээр байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Энэтхэгийн эрдэмтэд барагшунд тархины үхэжсэн эд эсийг анагаах чадал оршин буйг тогтоожээ. Монголчууд эрт дээр үеэс барагшуныг байгалиар нь хэрэглэж ирсэн.

Харин Монголчуудын барагшуны уламжлалт хэрэглээг анагаах ухаан, техник технологийн шийдэлтэй уялдуулж үндэсний брэнд бүтээгдхүүнийг анхлан бий болгогч нь “Монгол Алтайн барагшун” ХХК юм. Тус компани нь 2014 оноос барагшуныг шингэн хэлбэрээр үйлдвэрлэх технологийг боловсруулж үйлдвэрт анхлан нэвтрүүлсэн билээ.
Авсаархан савлагаатай, хэрэглэхэд хялбар энэхүү шимт бүтээгдэхүүн дотоодын зах зээлд хэд хэдэн төрлөөр үйлдвэрлэгдэн настайчуудын өдөр тутмын тогтмол хэрэглээ болж чадсаныг энд дурьдах нь зүйтэй болов уу. Манай сурвалжлах баг энэ удаад “Монгол Алтайн Барагшун” үйлдвэрийг зорилоо. Бид үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ, компанийн борлуулалтын албаны дарга А.Эрдэнэсайхантай ярилцлаа.


-Монголчуудын олон зууны турш хэрэглэж ирсэн энэ барагшуныг та бүхэн үйлдвэрлэн бүтээгдэхүүн болгож өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн. Тэгэхээр барагшун гэж юу вэ?
-Барагшун нь хадны шингэн гэсэн утгатай Төвд үг. Монголчууд хадан хайлмал, Оросууд мумиё, Энэтхэг, Хятад болон Европт шилажит гэж нэрлэдэг. Далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт хадан хавцал, хадны ан цавд хад чулууны олон жилийн халах, хөрөх буюу тэлэх агших хөдөлгөөнөөс бий болдог эрдэсийн баялаг нийлэмж юмаа. 50 гаруй төрлийн эрдэс бодисыг өөртөө агуулдаг байгалийн энэхүү гайхамшигт бүтээгдхүүн зөвхөн Төвдийн өндөрлөг уулс, Монгол, ОХУ-ыг дамнасан Алтайн нуруунд л байдаг.
-Бид хүүхэд байхдаа барагшуныг оготны баас гэж ойлгодог байсан. Танайхыг зорихоосоо өмнө хэд хэдэн хүнээс барагшуны тухай юу мэдэх вэ гэж асуулаа. Хүний биед маш сайн ач тустай зүйл гэхээс өөр мэдлэг мэдээлэлтэй хүн таарсангүй ээ?
-Тийм ээ. Хүмүүс барагшуны үүсэл гарлыг нь янз бүрээр ойлгож ярьдаг. Хүн төрөлхтөн 3000 жилийн өмнөөс барагшуныг хэрэглэж ирсэн ч өнөөдрийг хүртэл эрдэмтэд ч нэгдсэн нэг ойлголтод хүрч чадаагүй байна. Тухайн бүс нутгийн ургамал, амьтныг барагшун шим тэжээл, эрдэс бодисоороо тэтгэдэг гэж үздэг. Магадгүй, энэ халуун хайлмаг төлөвтэй ургамлаас амьтан ургамал хооллохдоо ялгадсаа үлдээсний улмаас оготны баас гэсэн ойлголт бий болсон байх. Барагшуныг эрт дээр үеэс эмчилгээнд хэрэглэж ирсэн уламжлалт аргууд байдаг. Манай улсад 1960 оноос эхлэн өргөн дэлгэр судалж Үндэсний биологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны хүрээлэн болон доктор, профессор н.Хайдав гуай судалж эхэлсэн. Унгарын эрдэмтэдтэй хамтран агуулагдаж буй эрдэс бодисын судалгааг хүртэл хийсэн байдаг юм.




-Монгол Алтайн барагшун ХХК барагшуныг хэрхэн судалсан бэ?
-Бид анх барагшунаа АНУ-ын НьюЙоркийн үндэсний лабораторид судалгаа шинжилгээ хийлгэсэн. Эндээс барагшунд агуулагдаж буй 40 орчим эрдэс бодисыг судалж гаргаад шууд уух хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх нь тохиромжтой гэж үзсэн. Дараа нь Монгол улсад шингэн барагшун үйлдвэрлэх технологийн горимыг боловсруулж, түүхий эд бэлтгэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх дамжлагуудын стандартыг тогтоосон. н.Цэрэндагва доктор барагшуныг дорно дахины анагаах ухаанд элэгний рашаан гэж нэрлэсэн байдаг гэж тэмдэглэсэн. Энэтхэгийн эрдэмтдийн сүүлийн судалгаагаар барагшун тархины үхэжсэн эд эсийг нөхөн сэргээдэгийг баталлаа. Үнэхээр барагшун хүний биеийн эрхтэн системийн тогтолцоог бүхэлд нь шаардлагатай эрдэс бодисоор хангаж өгдөг байгалийн гайхамшигтай төгс бүтээгдэхүүн юм.
-AMAZONG ДЭЭР МОНГОЛ БАРАГШУН 30 ГР 35 ДОЛЛАРААР ЗАРАГДАЖ БАЙНА-
-Дэлхий дээр тоотой хэдхэн газар бүрэлдэн бий болдог барагшуныг олон орны эрдэмтэд судалсаар иржээ. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр эрэлт ихтэй байдаг байх нь ээ?
- Дэлхийн бусад улс оронд барагшун гэж зүйл бараг байхгүйтэй адилхан. Монгол улс бол барагшуны хамгийн их нөөцтэй бөгөөд монгол барагш ашиг шимт агууламж хамгийн өндөртэй. Гэвч бидний энэ нөөц өдрөөс өдөрт хорогдсоор л байна. Та amazon руу ороод хараарай, Mongolian shilajit /Монгол барагшун/ 30 гр нь 35 доллараар зарагдаж байгаа.

-Дэлхийн хэмжээнд устаж үгүй болж буй барагшун тэнд хэрхэн очсон бэ?
-Манай компани анх үйлдвэрээ ашиглалтад оруулах үеэсээ барагшуныг түүхий эдээр нь гадагш гаргахгүй гэж тэмцэж ирсэн. Гэвч одоо хүртэл хилээр гарсаар л байна. 2014 оны 5 сарын 5-нд Оюун сайдын тушаалаар барагшуныг түүхий эдээр нь таван жилийн хугацаатай хилээр гаргахыг хориглосон. /тушаал үзүүлэв/ Гэтэл 2014 оны хоёрдугаар сараас 2016 оны 03 сар хүртэл Монгол улсын хилээр 668 тонн барагшун гарсан байдаг. Дээрх тушаалыг тун ч удалгүй хүчингүй болгосныг бид мэдээгүй байсан. За тэгээд дахиад хөөцөлдөж эхэллээ.
Ингээд 2017 оны 4 сарын 14-нд Д.Оюунхорол сайд байхдаа дахиад таван жилээр хилээр гаргахыг хориглосон. Гэтэл 2016 оны 5 сараас 2017 оны 11 сар хүртэл 1300 тонн барагшуныг Араб, Энэтхэг, Орос зэрэг хэд хэдэн улс руу гаргасан байна. Монголчуудын 300-400 жилийн хэрэглээг ганцхан жилийн дотор л хууль бусаар зарчихаж байна шүү дээ. Миний хөөцөлдөж олж авсан албан мэдээлэл 2017 оны 11 сар хүртэлх тоо баримт. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл бас хичнээн тонн хаашаа гарч байгааг таашгүй.
-Дэлхий шунаж байна шүү дээ, манай барагшунд. Тийм үү?
-Аваад дууслаа шүү дээ, одоо. Гаргадаг хэдхэн хүн байдаг байхгүй юу. Гэтэл Монголчуудад барагшуныг органик байдлаар нь бүтээгдэхүүн болгон хүргэж байгаа анхдагч ганц компани нь мэргэжлийн байгууллагын шалгалтын “сенсаци”-ны нөлөөгөөр ажилгүй шахуу болчихоод сууж байна. Монголын хууль, тогтоомж хэнд хэрхэн үйлчилдэгийг эндээс харж болохоор байна.



-ӨНГӨРСӨН ХУГАЦААНД МОНГОЛ АЛТАЙН БАРАГШУН 300 ГАРУЙ МЯНГАН ХҮНД ХҮРСЭН –
-Энэ оны эхээр “Монгол Алтайн барагшун” үйлдвэрийг зогсоолоо гэсэн мэдээлэл тархсан. Одоогийн байдлаар танай үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна?
-Бид байгуулагдсан цагаасаа хойш хэрэглэгчдийнхээ талархал, үр дүнгээ хуваалцаж баярласнаа илэрхийлсэн сайхан үйлдлүүдээр урамшиж ёстой л гялалзаж явсан үйлдвэр. Бид анхнаасаа монголын ард түмнийг хуураагүй, чанартай, хүнд өндөр ашиг тустай долоон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийн сэтгэлд хүрч чадсан. Гэтэл ганцхан удаагийн шалгалтын жижигхэн зөрчлөөс болоод өнөөдөр дахин бүхнийг шинээр эхлүүлэх хэмжээнд хүрчихээд байж байна.
-Тодруулбал...?
-Манайд зөрчил байсан уу, байсан. Ямар зөрчил гарсан бэ гэхээр, тухайн үед барагшуны өтгөрүүлсэн ханд, үе мөчний наалт хоёр бүтээгдэхүүнд улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан. Өтгөрүүлсэн хандыг бүртгүүлэх үйл явц эхэлчихсэн, үе мөчний наалтыг судлах шатандаа явж байсан. Манай улсад наалтны технологи хөгжөөгүй учраас мөрддөг стандарт гэж байхгүй. Үйлдвэрлэж байж л эхлэх ажил юм даа. Дээрээс нь манай түүхий эдийн уутан дээр асуудал үүсгэсэн.

Манай барагшуныг тухайн нутгийн уул ус, байгалийн тогтоцоо сайн мэддэг хөдөөний хүмүүс нийлүүлдэг. Тэд ахуйдаа хэрэглэсэн шуудай, эсвэл дэлгүүрт зардаг Хятад уутанд хийж авч ирдэг. Гэтэл шуудайтай барагшуны зураг Хятадаас түүхий эдээ оруулж ирдэг гэсэн утгатай тараагдсан. Ерөөсөө ийм л зүйл болсон юм.
-МХЕГ анх танайд хандахдаа хэрэглэгчийн гомдлын мөрөөр шалгасан гэсэн?
- Барагшун маань тухайн нутгийн цаг агаар, ургамал, амьтан, байгалийн зүй тогтлоосоо шалтгаалан амт, үнэр нь харилцан адилгүй байдаг. Тийм учраас амт нь чанга сул гэх мэтээр гардаг. Бид химийн нэгдэл бий болгон үйлдвэрлэж байгаа бол амт нь сул байна, чанга байна, үүнийг нэмье энэ тэр гэж болно. Гэвч Монгол Алтайн барагшун нь байгалийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас тухайн үеийн түүхий эдийн хандаараа л гардаг. Үүнээс үндэслэн нэг хэрэглэгч маань МХЕГ-ын утсанд “Сул амттай барагшун үйлдвэрлэж байна” гэж хандсан юм билээ.
-МХЕГ танайд ямар ямар шаардлага тавьсан бэ?
-Иргэний гомдлын мөрөөр ирсэн шалгалтын баг долоон бүтээгдэхүүний хоёр нь баталгаажаагүй байна гэж дүгнээд зөрчлөө арилгахыг шаардсан. Манайх биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхтэй үйлдвэручраас үйлдвэрлэж болно. Хоёр бүтээгдэхүүн баталгаажуулаагүй зарсан нь бидний буруу байсан. МХЕГ-аас ийм шаардлага тавиад хоног хугацаа өгсөн. Бид зөрчлөө арилгасан. Яаж гэхээр улсын бүртгэлд бүртгүүлэх хүртлээ үйлдвэрлэхээ больё гэсэн.
-Гэтэл өнөөдрийн бодит байдал огт өөр төсөөлөөгүй нөхцөл байдлыг бий болгожээ?
-Яг манай дээр илэрсэн зөрчил бол ноцтой асуудал биш. Бид зургаан жил үйл ажиллагаа явуулахдаа нэг ч хэрэглэгч хохироогоогүй, гомдоогоогүй. Үргэлж хэрэглэгчдийнхээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн талархлын үгсээр урамшиж явсан. Дээрээс нь байгалийн энэ гайхамшигт бүтээгдхүүнийг монгол хүн өөрөө хэрэглээсэй гэсэндээ хилээр гаргуулахгүй гээд тэмцэж явсан. Гэтэл мэргэжлийн байгууллагын шалгалт ирээд нөхцөл байдлаа дүгнүүлээд нэгдсэн ойлголтод хүрчихээд байж байтал орон даяар бохир заваан орчинд Хятадаас түүхий эд оруулж ирж бүтээгдэхүүн хийдэг гэсэн буруу, хар мессэж өгчихсөн байхгүй юу.

-БИД МУУ, МУУХАЙ ЗҮЙЛ ХИЙГЭЭГҮЙ БОЛОХООР ДАХИАД БОСООД ИРНЭ ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА-
-Харамсалтай юм аа...?
-Үнэхээр харамсалтай байгаа. Барагшун бол үйлдвэрлэх, ургуулах, тариалах боломжгүй байгаль дээр хэдэн зуу мянган жилийн туршид бүрэлдэж бий болдог гайхамшигт төгс бүтээгдэхүүн. Эхний үйлдвэрлэлийг байгаль дэлхий бидэнд бүтээгээд өгчихсөн. Бид энэ төгс бүтээлийг байгалийн бохирдлоос нь гар аргаар цэвэршүүлж үйлдвэрлэж байна. Байгаль эх дэлхий өөрөө бүтээсэн 50 орчим биологийн идэвхт бүтээгдэхүүний нэгдэл гэж энэ дэлхий дээр барагшунаас өөр байхгүй шүү дээ. Гэвч бид эхнээсээ муу, муухай, шударга бус зүйл хийгээгүй болохоор дахиад босоод ирнэ гэдэгтээ итгэлтэй байна.
-Зургаан жил ард түмэн та бүхэнд урмын болон үр дүнгийн сайхан үгсээ илгээж урамшуулж иржээ. Тэр хүмүүсийн зүрх сэтгэлд одоо ямар нэгэн хүлээлт үүсчихсэн байгаа шүү дээ?
-Монголын ард түмэнд тэр буруу мэдээлэл хүрснээс хойш “Арай ч дээ, ийм юм хийж байсан юмуу” гэсэн гомдол төрсөн байгаа. Би бат итгэлтэй хэлье. Энэ үйлдвэр анхнаасаа бүх зүйлийг ёс журмын дагуу, стандартаар нь эрүүл ахуйн шаардлага ханган ажиллаж монгол улсад барагшуны үйлдвэрийн зохих стандартыг бий болгож ирсэн. Тийм учраас чанар, стандарт, аюулгүй байдал, эрүүл ахуйн тал дээр санаа зовох зүйл юу ч байхгүй шүү. Бид түүхий эд хүлээн авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл өөрсдөө үйлдвэрлэж, найдвартай, баталгаатай, ач тустай бүтээгдэхүүн хүргэсээр ч ирсэн, цаашид ч хүргэх болно.
-Одоо та бүхний гол асуудал бол хэрэглэгчээ эргэн татах шүү дээ. Яаж...?
-Та судлаад үзээрэй. Яг манай үйлдвэрийн араас барагшун үйлдвэрлэдэг 10 гаруй газар бий болсон. Ямар ч хяналтгүй, хаяггүй, хаана яаж хийдэг тодорхойгүй. Бид нар эсрэгээрээ мэргэжлийн хяналт шалгалтын байгууллагыг ч, магадгүй тэр гомдолтой байгаа хэрэглэгч байвал үйлдвэртээ урьж байна. Бид стандарт, горимын дагуу хэрхэн үйлдвэрлэдэгээ харуулахыг хүсч байна. Үнэхээр бид анхнаасаа хуурамч бүтээгдхүүнийг эдийн засгийн ашиг сонирхлоор хийсэн бол өнөөдөр тантай уулзах нүүр байхгүй л байсан. Бид энэ гайхамшигт байгалийн баялаг нэгдлийг шунан дурлаж, бахархаж хэрэглэгчиддээ хүргэж ирсэн, хамт олон шүү дээ.

-Долоон төрлийн бүтээгдхүүнээс тавыг нь худалдан борлуулах эрхтэй байгаа?
-Тийм ээ. Тухайн үед мэргэжлийн хяналтын байцаагч эмэгтэй “Зөвшөөрөлгүй бүтээгдхүүнийг л худалдаг борлуулахыг зогсоосон. Үйлдвэрийн орчны тухайд байгалийн бүтээгдхүүнийг гар аргаар цэвэрлэж байгаа учраас хүлээн зөвшөөрнө. Бусад зөвшөөрөлтэй бүтээгдхүүнээ худалдан борлуулах эрхтэй” гэж хэлсэн. /бичлэгийг үзүүлэв/ Хичнээн эрхтэй гэдгээ мэдэж байгаа ч борлуулалт нэлээд буурчихаад байна.
Биднийг очиход тус үйлдвэр хүн цөөнтэй, хөдөлгөөн багатай байлаа. Борлуулалт муудсан учраас үйлдвэр урьдын адил тасралтгүй ажиллахаа больсон гэж оффисын ажилтан хэллээ.
Б.БАЯРТ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Т.ХҮЧИТБААТАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мөн ч шаах юмаа 2500 өндөрт хад х�##�ж тэлээд шингэн я�##�гаруулаад байж гэнэ