НИЙГЭМ

ТЭРСЛҮҮ ҮГ: Коронавирусээр л нас бараагүй бол ТӨР иргэдийнхээ амийг тоохоо больжээ

“Энхсаран” сувилалд тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолооч, түүний гэр бүлээс коронавирусийн халдвар илэрсэн мөчөөс хойш УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд хэдий нь сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд архи, согтууруулах төрлийн ундааг худалдаалахыг хатуу хориглосон билээ.

Хэдийгээр энэ хугацаанд коронавирусийн тархалтыг хумихаар дээр дооргүй эрвийх дэрвийхээрээ хичээвч, сайны хажуугаар саар гэгчээр УОК-оос коронавируст халдварт хэт анхаарч, иргэдийнхээ амьдрал, амь насыг үл тоосон өдрүүд өнгөрөв. Хатуухан хэлэхэд талийгаач коронавирусээр л өнгөрөөгүй бол бусдын гарт цаг бусаар, спиртэд хордож, гадаадад гацаад онгоцонд, карентины хугацаанд тусгаарлах байранд нас барах нь төдийлөн сонин биш болсныг олон жишээ харуулна.

Хамгийн харуусалтай нь өнгөрөгч долдугаар сард гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж, эмэгтэй хүний тэсвэр, тэвчээрийг үлгэрлэж байсан Б.Мөнхтуяа бүсгүй БНСУ-д эмчлүүлээд, эх орондоо ирж тусгаарлагдах хугацаандаа бурхан болсон. Тэрбээр өнгөрсөн хугацаанд бяцхан охинтой нь уулзуулж өгөхийг УОК-оос удаа дараа гуйсан ч, жижигхэн үрийнхээ үнэрийг ч авч чадалгүй тэнгэрт дэвшсэн билээ. Үүний адил гадаадаас ирээд 21 хоногийн тусгаарлалтад байсан нэг, гадаадад байх хугацаанд НАЙМАН иргэн цаг бусаар хорвоог орхисон.

Мөн өнгөрөгч долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор эх орон руугаа ирж байсан 62 настай эрэгтэйн бие муудаж, онгоцонд нас барсныг олон түмэн мартаагүй. Хамгийн сүүлд л гэхэд орон нутагт гацаад Улаанбаатар хот руу орохоор 22-ын товчоонд хүлээж байсан 58 настай эмэгтэй, шинжилгээний хариугаа хүлээж байсан 10 настай охин эмчид үзүүлж ч чадалгүй өвчиндөө шаналж шүд зуусаар нас барсан. Тэдгээр иргэд бүгд эрүүл мэндийн шалтгаанаар удаа дараа эмчид үзүүлэхийг хүссэн ч, эзэнгүй төр, хүнд суртал нь дэндсэн эрүүл мэндийн байгууллагын буруутай үйл ажиллагаагаас болж өвчин намдаах эм ч ууж амжилгүй бурхан болцгоосон юм.

Зөвхөн тусгаарлах байр ч бус өнгөрөгч арваннэгдүгээр сарын 25-нд Говь-Алтай аймагт 10 настай охин монгол гэрийн баганаас өөрийгөө боомилж нас барав. Мөн согтууруулах ундааг хорьсон өдрүүдэд дөрвөн иргэн спиртэд хордож, самранд явсан хоёр иргэн осгож, орон нутгаас хот руу гарсан хоёр иргэн автомашинтайгаа живж 20 гаруй иргэн коронавирусээр бус цаг бусаар хорвоог орхилоо.

Архангай аймгаас ирээд 22-ын товчоон дээр шинжилгээний хариу нь гараагүйн улмаас хүлээсээр нас барсан эмэгтэйн кейс ч энэ эгнээнд зүй ёсоор багтана.

Төр нь иргэдээ үл ойшоосоор байвал Монгол улс коронавирусээр бус энэ мэт эмгэнэлт үхлээр иргэдээ цаг бусаар алдсаар дуусах нь. Зөвхөн коронавируст хэт анхаарах бус, хөл хорионы улмаас амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орж буй хүн нэг бүрийн суурь эрхийг хангах чиглэлд анхаармаар.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button