НИЙГЭМ

Сэлэнгэд 4649 иргэний PCR шинжилгээ бүгд СӨРӨГ гарчээ

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас эрүүл мэндийн яамтай хамтран Сүхбаатар сумын өрх бүрээс 1 иргэнийг PCR шинжилгээнд хамруулах ажлыг арванхоёрдугаар сарын 11, 12-ны өдөр амжилттай зохион байгуулжээ. 

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос өнгөрсөн шөнө шинэ мэдээлэл хийлээ.

(2020.12.14, 02:15 цаг)

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Чухал ажлын үр дүн гарч, шинжилгээ өгсөн 4649 иргэний PCR шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан мэдээг Эрүүл мэндийн яамнаас өглөө. Сэлэнгэчүүд бид сайхан мэдээтэй байгаа ч хариуцлагаа улам сайжруулж, иргэн бүр дор бүрнээ хичээн энэхүү аюулт вирусний халдварын тархалтыг таслан зогсоож, сайхан цагийг авчирна.

Аймгийн Онцгой комиссоос коронавирусын цар тахлын голомттой бүс нутгийн иргэдээ түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, энэхүү халдварын тархалтын ерөнхий зураглалыг гаргаж чадсан. Энэ ажлаа бататгах үүднээс хамгийн ихээр тохиолдол бүртгэгдэж байгаа Сүхбаатар сумын өрх бүрээс нэг төлөөллийг PCR шинжилгээнд хамруулж, өмнөх гаргасан зураглалаа баталгаажуулах арга хэмжээг амжилттай хэрэгжүүллээ.

Хэрэв “Ковид-19” халдварын тохиолдол шинээр бүртгэгдвэл өмнөх тохиолдлын ойрын хавьтал буюу эрсдэлтэй гэж үзэн, тусгаарлалт, хяналтад авсан иргэдийн дундаас гарах магадлал байна.

PCR-ийн сорьц өгсөн иргэдийн шинжилгээний хариу СӨРӨГ гарсан нь иргэн таныг шинжилгээ өгөх мөчид л халдваргүй байгааг тодорхойлсон баримт гэж ойлгох ёстой. Энэ нь халдвар авахгүй гэсэн баталгаа биш ээ. Тиймээс иргэд та бүхэн нэг минут ч тайвширч, анхаарал болгоомжоо сулруулахгүй, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих, нэг удаагийн бээлийг хэрэглэж дадах, гэрийн дэглэмээ мөрдөөрэй. Хүн бүр хариуцлагатай байснаар энэ аюултай вирусын халдварын тархалтыг бүрэн зогсоож чадна. Иргэд та бүхэн дор бүрнээ хичээж мэргэжлийн байгууллагаас өгч байгаа анхааруулга, зөвлөмжийг баримталж бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна” гэв. 

Эх сурвалж: АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button