Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Махны үнэ 14 хоногт 1500 орчим төгрөгөөр ӨСЧЭЭ

Жил бүрийн хавар махны үнэ өсөж, мах ховорддог ч энэ жилийн хувьд үнэ ханш огцом өсөж байна. Бид энэ удаад “Хүчит шонхор” захаас мэдээлэл бэлтгэлээ.

-ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРАХААР МАХНЫ ҮНЭ НЭМЭГДДЭГ-

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт гарсан үндэсний статистикийн хорооны мэдээгээр махны дундаж үнэ хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8588 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9642 төгрөгийн үнэтэй байсан. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой (03/25-03/31) харьцуулахад 108 төгрөгөөр (1.1%), үхрийн цул махны үнэ 376 төгрөгөөр (3.2%) тус тус өссөн байжээ. Мөн хонины ястай махны үнэ 220 төгрөгөөр (2.6%) өсөж, харин хонины цул махны үнэ тогтвортой байжээ. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд махны үнэ мөн л өссөн бөгөөд үүнийг зарим худалдаачид хаврын улиралд цаг агаар хүйтрэх төлөвтэй болоход махны үнэ 100-200 төгрөгөөр нэмэгддэг гэж тайлбарлаж байлаа.

Хүчит шонхор захаас хотын ихэнх зэх, дэлгүүрийн махны худалдаачид өглөө эртлэн ирж бөөний үнээр бараагаа худалдан авч жижиглэнгээр зардаг. Өчигдрийн байдлаар (04/08) Хүчит шонхор захын махны үнийг танилцуулбал, хонины цул мах 8700 төгрөг бөгөөд ястай мах 8500 төгрөгийн ханштай байв. Харин ямааны мах нэг килограмм нь 8500 төгрөгний үнэтэй ч олдоц ховор байв.  

Үхрийн ястай мах нэг килограмм нь 9800-10000 төгрөгийн ханштай байсан бол цул мах 10500-12500 төгрөг байлаа. Харин адууны цул мах 12000 төгрөг, ястай мах 9500-10000 төгрөг, тэмээний цул мах килограмм нь 7500 төгрөгөөр зарагдаж байсан юм. 


-АРВАН ДӨРВӨН ХОНОГИЙН ӨМНӨ ХОНИНЫ ГУЛУУЗ КИЛОГРАММ 6000 ТӨГРӨГ БАЙСАН Ч ОДОО 1500 ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ-

Биднийг дайвар бүтээгдэхүүний тасагт ороход нэгэн худалдан авагч үхрийн гүзээ  килограмм нь 5000 төгрөг гэхэд “Өдөр болгон үнээ нэмээд байгаа юм уу, одоо яалтай билээ авахаас” хэмээв. Мах болон бусад дайвар бүтээгдэхүүний үнэ өссөн нь иргэдэд хүндээр тусч байгаа нь илт байна.  

Дайвар бүтээгдэхүүний үнийг тодруулбал (04/08) өчигдрийн байдлаар,

  • Умс хятай - 4000 төгрөг
  • Зүрх /үхэр/ - 4000 төгрөг
  • Зүрх /хонь, ямаа/ - 3000 төгрөг 
  • Гол мах - 4000 төгрөг 
  • Гүзээ - 5000 төгрөг
  • Нохойн хоол уут нь 600 төгрөг  

Бид хүүхдүүдийнхээ хамт мах, дайвар бүтээгдэхүүн авч яваа  эмэгтэйгээс махны үнийн талаар яриа сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр нэрээ нууцлахыг хүслээ. Арван дөрвөн хоногийн өмнө ирэхэд л хонины мах гулууз нь 6000 төгрөг байсан гэтэл өнөөдөр гулуузаараа 7500 төгрөг болчихсон байна. Уг нь гулуузаар нь махаа авдаг ч энэ удаад хонь болон тэмээний мах холиод авчихлаа. Ойрын өдрүүдэд хүйтэн байгаа болохоор хүүхдүүддээ умс хятай чанаж өгөх санаатай энүүгээр ороод гарлаа гэв.  


-ХЯТАД ХУДАЛДААЧИД МАХЫГ ИХЭЭР ХУДАЛДАН АВСАН УЧИР МАХНЫ ХОМСДОЛ ҮҮСЭЖ, ӨНДӨР ҮНЭТЭЙ БАЙСААР БАЙНА-

Махны худалдаачид махны үнэ өдрөөс өдөрт бага багаар нэмэгдсээр ийм үнэ ханштай болсон гэлээ. Мөн удалгүй малчид махаа зарж эхэлбэл нийлүүлэлт ихсээд үнэ буурах байх. Өвөл махны олдоц багасаж малчид өндөр үнээр махаа өгснөөс үүдэн махны үнэ өндөр болсон. Малчид хавар туранхай махаа зардаггүй бас хятад худалдаачид намар ихээр бас авснаас болж хомсдол үүссэн учир ийм үнэтэй байгаа хэмээн ярьж байна.Тэд махны үнийг бид тогтоодоггүй малчид л хэдэн төгрөгөөр өгч байгаагаас шууд хамаардаг гэсэн юм. 

Адуу үхрийн махны худалдаачин Б.Саранцэцэг:

Махны ханш цагаан сарын үеэс 500-600 төгрөгөөр өссөн байна. Өдөр өдөртөө 100-200 төгрөгөөр өсдөг ч бид 9800 төгрөгөөр зарагдаж байгаа махаа 9500 төгрөгөөр өгөөд л зогсож байна. Хятад худалдаачид мах ихээр авч махны хомсдол үүсгэсэн ч огцом мянган төгрөгөөр өссөн зүйл байхгүй. Ер нь бол бид хавар нөөцөлсөн махаа зардаг ч энэ жил хомсдолтой байгаад л гол учир байна. Намрын нөөцөлсөн мах байхгүй бүгд шахам шинэ мах байгаа учраас худалдаачид шинэ махаа 11500 төгрөгийн хавьцаа зарж байна. 

Гадаа буюу гулууз болон өрөөлөөр мах зардаг ченжүүд: Хөлдөөсөн махаа 6400-6600 төгрөгийн хооронд зарж байна. Харин шинэ махаа 7000-7200 төгрөгөөр, адуу үхрээ 7100-7500 төгрөгийн хооронд зарж байна. Одоо ер нь нөөцийн мах  дуусаж байна, шинэ мах ч ховор байгаа.

Хонины махны худалдаачин Б.Баярбилэг: Хавар мах үнэд ордог. Бас хүйтний эрч чангарахтай зэрэгцээд махны үнэ 100-200 төгрөгөөр өсдөг нь энгийн л үзэгдэл. Худалдан авагчдын тоо буурсан ч жижиглэнгээр мах авагчид  байна. Иргэд нөөцийн хөлдсөн мах гэхээсээ илүү шинэ нойтон махны худалдан авалт хийдэг. 


-НЭГ ХҮНД НООГДОХ МАЛЫН ТООГООРОО ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ Ч МАХ ИДДЭГГҮЙ МАЦАГТАН АРД БОЛОХ ЗАМНАЛ АСУЙ-

Жил жилийн өвөл, хавар махны нийлүүлэлт тасарч, олдоц хомс, үнэ тэнгэрт хадсаар. Өнгөрсөн намар нөөцийн махыг ахиухан бэлтгэхээ яамны сайд дарга нар амласан ч одоогоор худалдаанд гараагүй л байгаа аж. 

Нэг хүнд ногдох малын тоо толгойгоор дэлхийд дээгүүрт бичигддэг манай улс дотооддоо махныхаа үнийг барьж чадалгүй иргэдээ махны хомсдолд оруулах нь энүүхэнд байгаа юм. Махны үнийг барьж, махны нийлүүлэлтийг хянах байтал хятад худалдаачдын үүсгэсэн үнийн хөөргөлтийг барьж дийлээгүй төр засгийн бодлого иргэдээ мах иддэггүй мацагтан ард болгох нь энүүхэнд байгаа нь харамсалтай.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button