БАЛАГ:Шүүхийн зардалд 37.8 тэрбум төгрөг зарцуулсныг “нам дарж”, Х.Бадамсүрэн “Ocean Partners” компанид давуу эрх олгосон түүх
АСУУДЛЫН УЧИГ: УЛС ТӨР, БИЗНЕСИЙНХЭНТЭЙ ОЙР “OCEAN PARTNERS” КОМПАНИЙГ ЯАГААД ЗУУЧЛАЛД ОРУУЛАВ
Ш.Батхүүгийн “Стандарт” банкны өрийг “Эрдэнэт” үйлдвэр төлөхдөө зэсийн баяжмалын трейдер компаниар зуучлал хийлгэсэн нь ихээхэн анхаарал татаж буй. Бүр нарийн нарийн яривал “Ocean Partners” компани нь 2006 онд Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авах асуудалд давхар зуучлагчаар оролцсон түүхтэй.
Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн “Асуудалтай компани гэдгийг нь мэдээгүй” гэж сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа онцолсон юм.
Уг “асуудалтай” компанийн захирлаар Д.Мөнхбаяр гэгч Монгол Улсын иргэн ажилладаг.Зуучлагч компанийн эзэд Таванбогд группийн захирал Ц.Баатарсайханы эхнэртэй нэгэн үес хамтарсан бизнестэй байсан. Мөн MCS-ийн баялаг түүхээр дамжин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой ч бизнесийн зам хоршуулсан түүхтэй зэрэг баримтуудыг хэвлэлүүд сөхсөн. Уг асуудлаар Таванбогд группийн захирал Ц.Баатарсайхан “Би Д.Мөнхбаяр гэдэг хүнийг огт танихгүй” гэж хариулсан нь хардлагыг улам дэврээсэн юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн саналаар уг компанийг “Стандарт” банкны хэлцэлд оруулжээ.
Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Х.Бадамсүрэнгийн санал болгосон компани” гэж намынхандаа учирласан явдал нь ч анхаарал татаж буй.
Улмаар “Ocean Partners” компанийн асуудлыг хөндөж бичсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийг “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс “Хувийн хэвшлийн 49 талын захиалгаар бичиж байна” гэхчлэн ярьж байгаагаас үүдэж, зарим асуудлыг зориуд тодруулан хүргэж байна.
-АРБИТРЫН ЗАРДАЛД 37.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСНЫГ ТӨР БОЛООД 49 ТАЛЫНХАН МЭДЭЖ БАЙСАН Ч ДУУГРАЛГҮЙ ӨНГӨРЧЭЭ-
Ерөнхийдөө 2016 оноос “Эрдэнэт” үйлдвэр Ш.Батхүүгийн өрийг төлөх нь тодорхой боллоо гэх үндэслэлээр “Эрсдлийн сан” байгуулж,
-2016 онд төлж болзошгүй 50.9 сая ам.доллар
-2017 онд шүүхийн зардал, үндсэн хүүнд хамаарах 47.4 сая ам.доллар,
-2018 онд өсөн нэмэгдэж буй хүүгийн төлбөрт зориулж, 12.4 сая ам.долларыг,
НИЙТ: 110.8 сая ам.доллар бую” 292.8 тэрбум төгрөг бүхий санг байгуулсан байна.
Энд бас нэгэн сонин тоо байгаа нь, “Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банканд өр төлөх явцад гарсан зардлуудын тоон дүн. Тодруулбал,
-“Taylor wessing” өмгөөллийн компанид 36.3 тэрбум
-“Эрдэнэт” үйлдвэр ХХК-иас Арбитрын шүүх хуралтай холбоотой томилолтын зардалд1.3 тэрбум,
-“Pinsent Masons” компанийн шинжилгээний хөлсөнд 115 сая төгрөг,
НИЙТ: 37 тэрбум 871 сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргажээ.
ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ НЬ, Эрсдлийн санд 292 тэрбум төгрөг байршуулах, арбитрын шүүхтэй холбоотой нийт 37.8 тэрбум төгрөг данснаас гаргах бүх үйл явцад “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн талынхан ямар нэгэн байдлаар оролцоотой байсан явдал. Сүүлийн жилүүдэд 49 талын эрхийг тодорхой байдлаар хязгаарлаж байсан ч “Эрдэнэт” үйлдвэрийн чухал албан тушаалуудад хүмүүс нь байршиж, дээрх мөнгөн дүн, гүйлгээнүүдийн талаар бүрэн мэдээлэлтэй байжээ. Гэвч төр болоод хувийн хэвшил талаас зөвхөн Арбитрын зардалд 37.8 тэрбум төгрөг урсаж гарах үйл явцад хэн нь юу ч дууграагүй байна.
ЭЦЭСТ НЬ: 143 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ САЛХИНД ХИЙСГЭСЭН БАЛАГ
“Эрдэнэт” үйлдвэрээс Ш.Батхүүгийн өрийг ердөө 40 саяхан ам.доллараар төлчихлөө гэж шоу хийсэн. Гэвч бодит байдал дээр “Эрдэнэт” үйлдвэрийн данснаас Ш.Батхүүгийн өрийг төлөх чиглэлд нийт 143 тэрбум төгрөг төлжээ.
Одоо “Миний чихийг л авбал ав. Өөр юм байхгүй” гэж хэлдэг ганц хариуцагч эзэнтэй. Тэр нь Ш.Батхүү. Дайны хажуугаар дажин гэгчээр түүний тарьсан балгийг цэгцлэх нэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд 1.3 тэрбум төгрөгөөр гадаадад ажиллаж, шүүхийн зардалд 36 тэрбумыг зүгээр л зарцуулжээ. Энэ мөнгийг гаргасан гэж өнөөдөр хэн ч дурсахгүй байгаа нь хачирхалтай.
Баахан улс төр хийдэг.Асуудлыг сарниадаг. Хэвлэлийг худалдагдсан гэж доромжилдог. Гэвчхөшигний ард тэд хэдийнэ гар барьчихаад, ийм байдлаар мөнгө угааж байдаг гэдгийг зориуд онцолмоор байна.
Том утгаараа, Ш.Батхүүгийн тавьсан өрийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх явц ийм байдлаар өрнөжээ. Уншигч та зуучлагч компани, шүүхийн зардал, томилолтын зардал, “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн санд зориудаар төвлөрүүлсэн мөнгөн дүнгүүдийг дахин нэг хараарай.Хэний ч өмнө хариуцлага хүлээх шаардлагагүй эрх ашигтай орон зайд бүлэглэл ингэж л тоглодог аж.
Ж.МЯДАГБАДАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.