ДЭЛХИЙ

“Oxford/AstraZeneca”-ийн вакцины Өмнөд Африкт илэрсэн төрлийн эсрэг өгөх хамгаалалт хязгаарлагдмал

“Oxford/AstraZeneca” хоёрын хамтарч бүтээсэн вакцин Өмнөд Африкт илэрсэн коронавирусийн төрлийн эсрэг бага хэмжээний хамгаалдаг хэмээн эрдэмтэд судалгаанаас дүгнэв. Тус судалгаа нь дунджаар 31 настай 2 мянга гаруй хүнийг хамарсан хэмжээтэй явагджээ.

Харин Оксфордын их сургуулийн вакцин бүтээгч профессор Сара Гилберт хэлэхдээ тус вакцин хүнд хэлбэрийн өвчлөлөөс хамгаалах ёстой гэсэн юм. Түүний хэлснээр бол Өмнөд Африкийн төрөлтэй тэмцэхээр ирэх намар гэхэд хувиргасан Оксфордын вакцин бүтээх аж.

Профессор Гилберт “Andrew Marr Show”-д ярилцлага өгөхдөө одоогийн вакцинууд коронавирусийн зарим төрлийн эсрэг үзүүлэх үр дүн нь бага хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Бид халдварын нийт тохиолдлыг бууруулж чадахгүй гэхдээ нас баралт, эмнэлэгт хэвтэх болон хүнд өвчлөлийн эсрэг хамгаалалт үүсдэг” гэсэн юм.

Өмнөд Африкт илэрсэн төрөлд E484K нэртэй мутаци байдаг бөгөөд энэ нь вирусийг дархлаанаас “бултахад” тусалдаг аж. “Johnson&Johnson”, “Novavax” компаниудын Өмнөд Африкт явуулсан вакцины туршилтыг өөр улсад хийсэн туршилттай харьцуулахад үр дүн нь буурсан үзүүлэлт гарсан билээ.

Өнгөрсөн бямба гарагт (2021.02.6) “AstraZeneca” компаниас тэдний вакцин Их Британид анх илэрсэн төрлөөс сайн хамгаалдаг гэсэн мэдэгдэл хийсэн юм. Мэргэжилтнүүд одоо дархлаажуулалтад ашиглаж байгаа вакцинуудыг өөрчлөх хэрэгтэй болбол хэдэн долоо хоногоос хэдэн сарын дотор хувиргах боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button