СУРВАЛЖИЛГА: “Хоёр зээлтэй, байшингаа банканд хураалгах болсон манайх Цагаан сар манатай сууна”
Маргааш Цагаан сарын шинийн нэгэн. Монголын уламжлалт сарын шинийн баяр болоход ганцхан хоног үлдлээ. Хэдийгээр өнөө жил Цагаан сарын баярыг өнжихөөр болсон ч айл бүхэн гэр гэртээ шинэлэхээр дор бүрнээ бэлтгэж суугаа нь мэдээж. Цар тахалтай, хаанаа хаанаа санхүүгийн хямралтай байгаа энэ цаг үед Цагаан сардаа бэлдэх санхүүгийн боломж айл бүхэнд харилцан адилгүй. Бид энэ удаа Чингэлтэй дүүргийн XV хорооны нэгэн айлаас сурвалжилга бэлтгэлээ. Тэднийх 1-13 насны зургаан хүүхэдтэй. Эхнэр нь жирэмсэн, нөхрийнх нь ажил цар тахлын улмаас зогссон тул тэднийх тодорхой орлогогүй болж, үнэхээр хүнд байдалд оржээ.

Үүний сацуу банкны хоёр ч зээлтэй, өнөөхөө төлөхийн тулд урд хормойгоороо хойдхоо нөхөж яваа Монголын олон залуу гэр бүлийн төлөөлөл. Цар тахлын улмаас ажил нь зогсон, орлогогүй болсон тул тэд хашаа, байшингийнхаа зээлийг төлж чадалгүй хоёр жил болжээ. Улмаар банкнаас хашаа, байшинг нь хурааж авахаар болж, шүүхэд хандаад ялсан байна. Тэгэхээр хэрвээ нэг л өдөр банкныхан хашаа, байшингаа суллаж өг гээд ирвэл нүүгээд очих газар тэдэнд байхгүй. Нэгэнт банкнаас хурааж авахаар болсон тул байшиндаа засвар хийхгүй байгаагаа тэд учирласан.
Зургаан хүүхдээ өлсгөж, дааруулалгүй өсгөхийн төлөө зүтгэж яваа тэд биднийг очиход захаас гулууз мах, жаал жуул юм аваад ирж байлаа. Гэрт нь ороход дэрсхэн өсөж буй зургаан хүүхэд нь аав, ээжийгээ хараад бөөн баяр. “Ээж, надад гоё юм авсан уу. Энийг идчих үү. Дүүтэйгээ хуваагаад идчихье л дээ” гэж ээжийгээ шалах нь хөөрхөн.
“Зарим хүн биднийг шүүмжилж магадгүй. Олон хүүхэд гаргаад, зөв төлөвлөх хэрэгтэй гэх мэтээр. Үнэндээ хаана хаанаа хүнд байгаа энэ үед нөхөр бид хоёр зургаан хүүхдээсээ л амьдрах итгэл, улам хичээх эрч хүч авч явна. Одоо долоо дахь хүүхэд минь гэдсэнд бойжиж байна. Амьдрал хэцүү байна, тэжээж чадахгүй нь гэж сөхөрч үзээгүй. Болгоно, бүтээнэ гээд хөдөлмөрлөж сууна” гэсэн Б.Энхжаргал ярилцлаа.
“ОДОНТОЙ ЭЭЖ”-ИЙН МӨНГӨ БУУВАЛ ТАВГИЙН ИДЭЭ, БУСАД ЮМАА БЭЛДЭНЭ
-Цар тахал танай гэр бүлд хэрхэн нөлөөлж байна вэ. Цагаан сарын баярт бэлдэх санхүүгийн боломж хэр байна вэ?
-Өө, үнэндээ хүнд байна. Хэдийгээр Цагаан сарын баярыг өнөө жил хориглосон, санхүүгийн боломж тааруу байгаа ч юу ч бэлдэхгүй байж яаж болох вэ. Адаглаад ул боов, чихэр жимс авч, бууз хийнэ.
Өнөөдөр санхүүгийн хямрал ямар байгаа билээ. Юмны үнэ их өсөж байна. Цагаан сарын баяр гээд үр ч өсчих шиг боллоо. Нөхөр бид хоёр сая захаас жаал жуул юм бэлдээд ирлээ. Мөнгө дутаад хэрэглээний юмаа бүрэн авч чадсангүй. Хэд хоногоос “Одонтой ээж”-ийн мөнгө буувал ул боов авна даа. Тэрнээс наана санхүүгийн боломж хүрэхгүй.
МАНАЙХ “ХҮНСНИЙ ТАЛОН”, ЯМАР НЭГЭН ХАЛАМЖ АВЧ ҮЗЭЭГҮЙ
-Олон хүүхэдтэй, эмзэг бүлгийн өрхөд “Хүнсний талон” олгодог. Танайх авдаг уу?
-Өнөөг хүртэл ганц ч удаа авч үзээгүй. Хорооны Засаг даргаар өмнө нь ажиллаж байсан Цогзолмаатай холбогдон, хүнсний талон авах хүсэлт гаргахад “Одоо хүүхдийн мөнгө буухаар асуудал чинь шийдэгдчихнэ” гээд утсаа тасдчихсан. Манай хэсэгт зургаан хүүхэдтэй хоёрхон айл байдаг. Гэтэл манайхыг хамруулдаггүй. Манайх хашаа, машины хоёр ч зээлтэй. Үнэндээ хүнд байна.
-Ер нь танайхыг Дүүрэг, хорооноос хэр дэмждэг вэ?
-Огт дэмждэггүй. Нэг удаа дэмжлэг авах гээд холбогдоход тэгж хэлсэн. МАН зөндөө сайхан юм амлаад л Засгийн эрх барьсан. З.Төмөртөөмөө манай дүүргээс сонгогдохдоо сайхан, сайхан юм амласан. Сонгуулийн үеэр түүнд “Манайх байшингаа хураалгахад хүрлээ. Газар олгоод өгөх боломж байна уу. Гэр бариад амьдаръя” гэхэд “Сонгогдчихвол бүтээгээд өгнө” гэсэн. Яг цагаа тулахаар худлаа л юм байна. Банк энэ хашаа, байшинг хураагаад авчихвал манайх өөр очих газар байхгүй.
Ер нь төрийн бодлого, халамж зорилтот бүлэгтээ хүрдэггүй. Амьдралаас дэндүү тасархай хүмүүс төр удирдаж байна. Иргэдийн жаргал, зовлонг мэддэггүй.
-Санхүүгийн хямралтай өнөө цагт хоёр ч зээл төлөхийн хажуугаар зургаан хүүхэд өсгөх амаргүй. Хэрхэн зохицуулж байна вэ?
-Нөхөр минь түүхийн эдийн компанид том тэрэг барьдаг. Би бариа засал хийдэг. Цар тахлын улмаас бид хоёрын ажил зогссон. Хүн дайтай хүн болгоно гээд хүүхдүүдээ төрүүлсэн болохоор хүнд, хэцүү байна гээд шантрах эрх бид хоёрт байхгүй. Манай нөхрийн ажлын газраас боломжоороо дэмждэг. Ямар ч байсан болгоод л байна. Хүүхдийн мөнгө их нэмэр болдог. Би бариа засал хийхийн хажуугаар үндэсний малгай хийдэг.
ЗУРГААН ХҮҮХДЭЭСЭЭ АМЬДРАХ ИТГЭЛ, УЛАМ ХИЧЭЭХ УРАМ АВДАГ

-Зарим хүн “Амьдралын боломждоо тааруулж гэр бүлээ төлөвлөх хэрэгтэй” гэж шүүмжилдэг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Бид хоёрыг ч гэсэн зарим хүн тэгж шүүмжилдэг. Хүүхэд бол амьдралын утга учир шүү дээ. Сөхөрмөөр, шантармаар үе бидний амьдралд зөндөө бий. Тэр бүхэнд хүүхдүүдээ хараад аз жаргал мэдэрдэг. Зургаан хүүхдээсээ амьдрах итгэл, улам хичээх эрч хүч авч авдаг. Одоо долоо дахь хүүхэд минь гэдсэнд бойжиж байна. Амьдрал хэцүү байна, тэжээж чадахгүй нь гэж сөхөрч үзээгүй. Болгоно, бүтээнэ гээд хөдөлмөрлөж сууна.
-Гурван хүүхэд нь сургуульд, хоёр нь цэцэрлэгт сурдаг. Теле хичээлээ хэр сайн ойлгодог вэ. Хангалттай мэдлэг олгож чадаж байна уу?
-Ер нь гайгүй ээ. Дутуу ойлгосон юмаа лавлаж асуух боломжгүй, теле хичээл их хурдан заадаг нь хүндрэлтэй байдаг. Манай хүүхдүүдийн теле хичээл давхцахаар жаахан хэцүү. Сард датаны төлбөрт овоо хэдэн төгрөг гардаг.
Гурван настай нэг охин минь дөрвөн мөчний чангаралтай. Уг нь гадаадад эмчилдэг гэнэ лээ. Өртөг өндөртэй, 70-80 сая төгрөг шаардлагатай гэсэн. Охиноо эмчлүүлчих юм сан гэж их бодох юм. Даанч санхүүгийн боломжгүй тул дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байна. Яалтай ч билээ дээ.
Уг нь охин минь эрүүл төрсөн. Шарлалт өндөр явагдсаныг эмч мэдээгүй. Төрснийх нь дараа эмчид үзүүлэхэд “Зүв зүгээр байна” гэсэн. Гэтэл ийм юм болчихлоо. Би өөрөө бариа засал хийдэг болохоор хүүхдээ байнга барьдаг. Одоо бас ч гэж овоо болчихоод байгаа нь энэ. Гэхдээ л гурван нас хүрээд байгаа хүүхэд алхаж, сууж ярьж чадахгүй байх хэцүү шүү дээ, өөрт нь (уйлав).
ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ТУЛ БАЙШИНГ МИНЬ БАНКНААС ХУРААХААР БОЛСОН
-Танай байшин засвар хийлгүй их удаж. Хэзээ худалдаж авсан бэ?
-Манайх энд амьдраад долоон жил болж буй. Энэ байшинг ХААН банкнаас лизингийн зээлээр худалдаж авсан юм. 45 сая төгрөгөөр худалдаж авах гэрээ байгуулаад, урьдчилгаа 30 хувь болох есөн саяыг нь төлсөн. Банкнаас зээл авахад хэчнээн шалгуур өндөртэй билээ. Тэр бүхнийг даваад л уг нь энэ байшингаа авсан юм. Сан нь буруу хийгдсэн онцгүй байшин авснаа бүр сүүлд нь мэдсэн. Тэгээд өчнөөн засвар хийгээд, янзалсан. Яг сайхан янзлаад, тухтай амьдрах гэж байтал санхүүгийн хямралд өртсөн. Үнэндээ ийм зүйл болно гэж яаж мэдэх вэ. Эрсдэлээ сайтар тооцож байгаад зээл авалгүй яах вэ. Яалт ч үгүй нөхөр бид хоёрын ажил зогсоод, орлогогүй хоёр жил шахам байхаар хурааж, хуримтлуулсан мөнгөгүй манайх үнэхээр хүнд байдалд орлоо.
-Банкнаас хашаа, байшинг нь яагаад хурааж авахаар болов. Зээлээ төлөлгүй хэр удаж байгаа вэ?
-Бид өнөөг хүртэлх хугацаанд банканд 30 төгрөг төлсөн. Гэтэл дахиад 30 төгрөг бөөнөөр нь төлөөд байшингаа өөрийн болгож ав гэсэн. Тийм их мөнгө бидэнд яаж байх билээ. Гэтэл ХААН банк манайхыг шүүхэд өгсөн. Шүүхээс “Зээлийн хүү, алдангыг нь заавал төл” гэсэн. Шүүх ер нь банкны талд л ордог юм билээ. Манайх хэчнээн төгрөгийн хүү өнөөг хүртэл төлснийг харгалзаж үздэггүй юм байна лээ.
“Байшингаа суллаж өг” гэдэг дарамтад сүүлийн гурван жил амьдарч байна. Үүнээс өөр газар ч үгүй бид зургаан нялх хүүхдээ аваад хаачих билээ. “Хүү, алдангаа тооцохгүй гэвэл үлдсэн зээлээ хуваагаад төлье” гэхэд банкныхан “Шүүхээр орчихсон болохоор тэгэх боломжгүй” гэсэн. Хамгийн аймар нь хашаа, байшинг маань хурааж авахдаа өнөөг хүртэл төлсөн хүү, урьдчилгаа есөн сая төгрөгийг буцааж өгөхгүй гэсэн. Тэгэхээр манайд аймар хохиролтой байгаа биз дээ. Яг манайх шиг ийм байдалд орсон олон айл бий.
-Зээлдээ сард хэдийг төлдөг байв?
-Лав эхний гурван жил 1.3 сая төгрөг төлдөг байсан. Үүний 600.000 нь зээлээсээ хасагдаад, 700.000 нь хүүнд нь төлөгддөг. Ер нь өнөөгийн залуус банкны хүүд ёстой “алуулж” байна. Зээлгүй гэр бүл ховор. Бүгд зээлээс зээлийн хооронд амьдарч байна шүү дээ. Манайх сүүлд машинаа барьцаанд тавиад зээл авсан юм. Анх есөн сая төгрөгийн зээл авсан. Одоогоор есөн сая төгрөгийн хүү төлөөд байх жишээний.
НӨХРӨӨ БНСУ РУУ ЯВУУЛАХЫН ТУЛД МАШИНАА БАРЬЦААНД ТАВЬЖ, ЗЭЭЛ АВСАН
-Хашаа, байшингийн зээлээ төлөхийн тулд машинаа барьцаанд тавьсан юм уу?
-Санхүүгийн хямрал нүүрлэлээ, банкны зээлээ төлж чадахгүйд хүрлээ гээд нөхөр маань БНСУ руу явж ажил хийхээр шийдсэн юм. Тэгээд нөхрөө явуулахын тулд машинаа барьцаанд тавиад зээл авсан. Манайхны таньдаг нэг хүн “БНСУ руу виз гаргаж өгнө” гэхээр нь мөнгөө өгчихсөн. Одоо болтол виз ч үгүй, мөнгө ч үгүй сууж байна.
-Тухайн иргэнд хэдэн төгрөг өгсөн бэ?
-Бэлэн таван сая төгрөг хоёр жилийн өмнө өгсөн.
-Байшингийн зээлээ төлж чадахгүйд хүрээд удаж байгаа юм байна. Машины зээлээ тогтмол төлж байгаа юу?

-Манайх машины зээлд сард 700.000 төгрөг төлдөг. Нөхөр бид хоёр хоёулаа ажилтай үедээ тогтмол төлөөд байсан юм. Гэтэл арваннэгдүгээр сард хөл хорио тогтоосноос хойш төлж чадаагүй явна.
-Цар тахлыг хэзээ дарах тодорхойгүй. Дахиад хэр удаан үргэлжлэхийг урьдчилан таах аргагүй. Ийм цаг үед төр, засгаас залуу гэр бүл, иргэдэд чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна вэ?
-Одоо цаг үе нэгэнт ийм болсон юм чинь халдвараас зугтаж, бүгж бус дасан зохицож амьдрах хэрэгтэй. Төр, засгаас юуны түрүүнд хөл хорино гэх бус иргэдээ ажлын байртай, тогтмол орлоготой байлгах тал дээр анхаараасай. Банкны зээлийн төлөлтийг түр зогсоовол их нэмэр болно. Улсаас мөнгө, элдэв халамж хэчнээн өгсөн ч нэг удаагийнх. Ажлын байраар хангавал тухайн гэр бүл, иргэний амьдралын баталгаа болно шүү дээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.