НИЙГЭМСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛЭДИЙН ЗАСАГ

2 их наядын зээлд ААН-үүдийн ТАЛ НЬ Л ТЭНЦЭХ тул шаардлагуудыг хөнгөлнө

Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа. Үүгээр эдийн засаг, эрүүл мэндээ сэргээх “10 их наядын төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй асуудлуудыг хэлэлцсэн байна.

Уулзалтад Монголбанкны удирдлагуудаас гадна арилжааны 12 банкны захирал нарын 30 гаруй хүн оролцжээ. Харин Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас гаргасан мэдээлэлд уулзалтын үеэр яригдсан баялаг агуулгуудаас ганцхан “Ажлын байрыг хадгалах 2 их наяд”-ын сегмэнтийг онцолж дурджээ. Уг нь Ерөнхий сайдын уулзалт бүр шууд лайваар дамжуулагдаж байсан юм. Энэ удаагийн уулзалт хаалттай болсноос гадна албан мэдээнд “Арилжааны банкнууд 2 их наядын зээлийн шаардлагыг бууруулах хүсэлт гаргалаа” хэмээн онцолсон нь анхаарал татав.

ТАНИЛЦ: ААН-үүдэд 2019 оны эцсээр НДШ, татварын өргүй байх зэрэг дараах шаардлагуудыг тавьж байна

Үүний өмнө ААН-үүдэд 3 хувийн хүүтэй 2 их наяд төгрөгийн зээл олгох 10 их наядын хэсгийг процессын хувьд тайлбарлаж бичсэн. Энд цар тахлын үеэр хүнд цохилтод орсон ААН-үүдээ дэмжиж, ажлыг байрыг хадгалах үүднээс нэг ААН-д 500 сая хүртэлх төгрөгийн зээл олгох төлөвлөгөө яригдаж байгаа. Зээл 3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай бөгөөд үндсэн төлбөрөөс нэг жил чөлөөлөгдөх зохицуулалтай.

Харин санхүүжилтийн эх үүсвэр нь өөрөө арилжааны банкнууд бөгөөд тэдний Монголбанкад ТБҮЦ худалдан авах хэлбэрээр байршуулсан хөрөнгийг эргэлтэд оруулах хэлбэрээр шийдэх юм. Мөн хүүгийн зөрүүг төр арилжааны банкнуудад өгөх, нөгөө талд Зээлийн батлан даалтын сангийн дүрмийн санг нэмэгдүүлж, ААН-үүдийн авах зээлийн 60 хүртэлх хувийг батлан даалгахаар зохицуулсан.

Үүний дараа арилжааны банкнууд тус ажлын байрыг хадгалах ААН-үүдэд зориулсан зээлийн хүсэлтийг авч эхэлсэн билээ. Уг зээлд орохын тулд ААН-үүдэд дараах шаардлагыг тавьсан:

  • 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө үүсэн байгуулагдсан, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг байх
  • Зээл хүсэгч нь 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар НДШ болон татварын өргүй байх
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ын тайлангаа бүрэн мэдээлсэн байх
  • Зээл хүсэгч болон түүний хамаарал бүхий этгээд нь 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх
  • 2020 онд үйл ажиллагаа тогтмол явуулсан буюу аль нэг улиралд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын “Үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн тайлан мэдүүлээгүй байх
  • Зээлийн хугацаанд зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, зээлээ төлөх боломжтой байх
  • Барьцаа хөрөнгийн дутагдалтай аж ахуйн нэгжийн хувьд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх.

Дээрх шаардлагуудыг харахад “Аль нэг улиралд ААН-ийн орлогын албан татварын “Үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн тайлан мэдүүлээгүй байх”, “2019 оны эцэст чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх” зэрэг хэсэг нь чанга харагдаж байгаа юм. Харин яг ажлын байр үүсгэж, татвараа төлж тогтмол үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн хувьд татварын тайлан тооцогоо яс хөтлөхөөс өөр аргагүй болдог.

Нөгөөтээгүүр Зээлийн батлан даалтын сан зөвхөн ЖДҮ, үйлчилгээний шаардлага хангасан ААН-үүдийг батлан даах агуулга орчихсон байгаа юм. Өмнөх мэдээллүүдээр хүссэн зээлийнхээ 60 хувьд хүртэлх дүнг тус сангаар батлан даалгаж орох боломжтой гэж ойлгосон ААН-үүдийн хувьд энэ шаардлага төсөөллийн зөрүү үүссэн болов уу.

САНГИЙН ЯАМ: 48 мянгаас 28 мянга нь л тэнцэнэ / ХААН банк: Манай зээлдэгчдийн 88 хувь нь тэнцэхгүй

Монголын үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй “10 их наядын төлөвлөгөө” сэдвээр товч ярилцахад тэр дээрх шаардлагуудад анхаарах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл “Нэгэнт дэмжлэг үзүүлж байгаа бол бүх ААН-үүдэд хүртээлтэй байх чиглэлд анхаарах хэрэгтэй. Өндөр шаардлага тавьчихвал ихэнх нь орж чадахгүй, түүнчлэн ААН-үүдэд төсөөлөл, бодит байдлын зөрүү үүсвэл улам алдагдалд орно” хэмээсэн юм.

Тэгвэл өчигдрийн уулзалтаар Монголбанк болон арилжааны банкны төлөөллүүд зээлийн шаардлагыг хөнгөлөх хэрэгтэй гэцгээсэн аж. Тухайлбал ХААН банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Одоогийн шаардлагад манай нийт зээлдэгчийн 88% нь тэнцэхгүй, нийт 28 мянган зээлдэгчийн 3,300 нь л тэнцэхээр байна. Тиймээс 500 хүртэл сая төгрөгийн зээлийг бичил бизнес эрхлэгчдэд, 3 тэрбум хүртэлх зээлийг  ЖДҮ эрхлэгчдэд олгох байдлаар тавигдах шаардлагын босгыг буулгах нь зөв” гэжээ.

Харин Монголбанкны зүгээс татварын тайлангаа тухай бүрд нь мэдүүлж байх ёстой гэж шаардвал олон ААН бүдэрнэ, иймд шаардлагыг зөөлрүүл. ААН-ээ дэмжиж чадвал урт хугацаандаа өгөөж авчирна гэдэг байр сууриа илэрхийлсэн байна.

Сангийн сайд Б.Жавхлангийн тооцоогоор нийт 48 мянган ААН буйгаас 28 мянга нь тус зээлийн шаардлагыг хангаж, хамрагдах боломжтой аж.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Арилжааны банкнууыг өндөр шаардлага битгий тавиарай гэхээр иртэл харин ч эсрэгээр, төрөөс шаардлагаа хөнгөлөх хүсэлт тавилаа” хэмээн онцлоод, асуудлыг эргэн харахаа амлаад байна.

Арилжааны банкнуудад өөрсдөд нь ч эрсдэлтэй ийм цаг үед ТҮБЦ-ны үлдэгдлийг хөдөлгөх төлөвлөгөө эдийн засагчдад таалагдаж байгаа. Гагцхүү зээлийн шаардлагыг хэрхэн харах нь хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл одоо тавигдаж байгаа шаардлагуудыг хөнгөлөх асуудал яригдахаар боллоо. Монголбанк, МҮХАҮТ-ын байр суурьд дурдагдсанчлан, ААН-үүдээ зориг гаргаад дэмжчихвэл урт хугацаандаа эдийн засаг сэргэх гол хөдөлгүүр болж өгөх юм.


ӨМНӨХ КОНТЕНТ: ТБҮЦ-ны 8 их наяд үлдэгдлийг хөдөлгөж, ААН-үүдэд 2 их наядын зээл олгох төлөвлөгөө

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button