СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛЭДИЙН ЗАСАГ

ТБҮЦ-ны 8 их наяд үлдэгдлийг хөдөлгөж, ААН-үүдэд 2 их наядын зээл олгох төлөвлөгөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлж, “10 их наядын хөтөлбөр”-өө танилцуулаад удаагүй байна. Коронавирусийн үед эрүүл мэндээ эдийн засагтай нь хамт авч явна гэсэн агуулгатай уг хөтөлбөрт ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгох, “Залуус” орон сууцны хороолол барих зэрэг зоримог шийдлүүд багтсан.

Харин 10 их наяд төгрөгийн эх үүсвэрийг шинэ Засгийн газар хаанаас гаргах нь хэлэлцэгдсээр байна. Энэ дундаас ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгох буюу ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулах 2 их наяд төгрөгийг хэрхэн босгох нь анхаарал татаж байгаа юм.

Олон нийтэд Төв банк мөнгө хэвлэх нь гэсэн ойлголт түгсэн ч Сангийн сайд Б.Жавхлан мөнгө хэвлэх, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хоёр бол тусдаа ойлголт хэмээж буй. Энэ агуулгаар мөнгөний эх үүсвэрүүдээ тайлбарлан хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгч ч амжжээ.

-АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ 2 ИХ НАЯД: ТБҮЦ-ИЙГ ХӨДӨЛГӨНӨ-

Энэ удаад онцлон тайлбарлах гэж буй Ажлын байрыг нэмэгдүүлэх 2 их наядын төлөвлөгөөний агуулгыг: ААН-үүдэд гурван жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хөнгөлттэй зээл олгоно. 2 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийн талыг Хармагтайн бүлэг ордын баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, талыг нь Засгийн газар баталгаа гаргах замаар бүрдүүлнэ гэж танилцуулсан.

Гэвч Сангийн сайд Б.Жавхлан дараа нь “Хармагтайн бүлэг орд бол нөөц төлөвлөгөө байсан” гэж дурдаад, 2 их наядыг Төв банкан дахь үнэт цаасны үлдэгдлийг хөдөлгөж гаргах хувилбар дээр тохирсноо тайлбарлажээ. Тэрбээр анх мэдээлэл хийх үеэрээ Төв банкан дахь үнэт цаасны үлдэгдлийг 7.9 их наяд төгрөг болсон хэмээн онцолж байлаа.

Төв банканд хамгийн сүүлд буюу хоёрдугаар сарын 22-нд хийгдсэн арилжаагаар, үнэт цаасны нийт үлдэгдэл 8 их наяд 367 тэрбум 418 сая төгрөг байна. Үүнийг энгийн бүдүүлгээр арилжааны банкнууд активгүй болох эрсдэлээс сэргийлж Төв банкны үнэт цаасыг худалдаж авах хэлбэрээр хадгалсан хөрөнгө гэж ойлгож болно. Нэг ёсондоо арилжааны банкнуудын мөнгө. 

-ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ДҮРМИЙН САНГ 50 ТЭРБУМААР НЭМНЭ-

Тэгэхээр үндсэндээ 2 их наядын эх үүсвэр нь Төв банк биш арилжааны банкнууд болж таарч байна. Энэ мөнгийг ААН-үүдэд 3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээлбэл арилжааны банкнууд алдагдал хүлээнэ. Үнэндээ банкнууд яг одоо ААН-үүдэд зээл олгохоос айж, Төв банкны үнэт цаасыг худалдан авч нөөцөө хадгалж байна. Тэгэхээр энэ эрсдэлийг хуваалцахын тулд Зээлийн батлан даалтын санг оруулж ирэхээр зохицуулжээ. Өөрөөр хэлбэл тус сангаар 2 их наяд төгрөгийн батлан даалт гаргуулна.

Зээлийн батлан даалтын сан дүрмийн сангийнхаа хөрөнгийг 20 дахин өсгөсөнтэй тэнцэх мөнгөн дүнг батлан даадаг. Одоогоор дүрмийн сан нь 8 тэрбум төгрөг байгаа учир 160 тэрбум төгрөгийн зээлийг л батлан даах бололцоотой. Тэгэхээр 2 их наяд төгрөгийг батлан даахын тулд дүрмийн сан 60 тэрбум төгрөг болж өсөх хэрэгтэй. Харин энэ зөрүү-нэмэгдэл 50 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газар шийдэх аж.

Үүнийг төсвөөс гаргавал “Төсөвт гар хүрэхгүй” хэмээж буй Засгийн газрынхны ам, ажил зөрөх нь. Сангийн сайд бол “Эрх биш 50-60 тэрбумын асуудлыг Засгийн газар шийднэ” гэж ярьжээ. Энэ 50 тэрбум төгрөг нь Зээлийн батлан даалтын сангийн нэр дээр Төв банканд байрших аж.

-ХҮҮГИЙН ТАТААСЫГ ЗАСГИЙН ГАЗАР ТӨЛНӨ-

Үүн дээр дахиад нэг асуудал байгаа нь, хүүгийн зөрүүний асуудал. Юу гэхээр, арилжааны банкнуудын үнэт цаас хэлбэрээр худалдаж авсан 8 их наяд төгрөгийн эх үүсвэр өөрөө 9 хувийн хүүгээр орж ирсэн. Гэтэл 3 хувийн хүүтэйгээр буцаагаад зээлэхээр зөрүү 6 хувийн хүүгээрээ шатна. Үүн дээр Засгийн газар орж ирэх бөгөөд, зөрүү 6 хувийг банкнуудад “бэлэглэх” агуулга яригдаж байна.

Энэ прогнозоор харвал асуудал Төв банкнаас бол холуур өнгөрөхөөр байгаа юм. Өөрөөр хэлбэл мөнгө хэвлэхгүй нь. Харин банкнуудад хүүгийн зөрүү болгож өгөх болон Зээлийн батлан даалтын сангийн дүрмийн санг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулах мөнгөнүүд Сангийн яамнаас гарах юм байна.

Тэгэхээр 2 их наяд төгрөгийн эх үүсвэр нь арилжааны банкнууд боловч хөрөнгийг эргэлдүүлэхийн тулд шаардагдах хөрөнгийг Засгийн газар хаанаас олох нь тодорхойгүй байна. Бусдаар олон ААН үүдээ барьсан энэ цаг үед ажлын байрыг нэмэгдүүлэх, яг гүрийж зүтгэдэг хөдөлмөрчдөө дэмжих зөв агуулгатай бодлого гэж харагдаж буй.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Харагдаад байх ч юмгүй, тийм л бодлого байгаа! Хаанаас гаргах нь чух#### биш энэ цагт ажил олгогчид, үйлдвэрлэл бизнес эрхлэгчдмйг дэмжиж байгаа нь л чух#### шдээ

  2. Банкууд дампуурч , зээлийн өр нэмэгдэж магадгүй шүү. Монголын иргэдэд мөнгө хэрэгтэй байгаа ч мөнгийг шингээх үйлдвэрлэл , үйл ажиллагаа байгаа юу гэдэг нь эргэлзээтэй.

  3. ААН д олгох зээл нь эргээд банкуудын хувьцааг худ####даж авхад зарцуулагдаж улс банкуудад 6% татаас олгоно.Ийм зурагл#### харагдаад байна.Миний л бодол шүү Хөгжилийн банкны зээлээр Эрдэнэтийг аваад ноогдол ашигаар нь өрөө дарсан ингэж л авсан гэдэг биздээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button