Б.Ганхуяг: “А6-20” бизнес төлөвлөгөөний дагуу таван жилд 32 их наядын орлоготой ажиллана
Тэрбээр 2016-2020 оны ажлаа дүгнэж, дараагийн таван жилд ажиллах зорилтоо тодорхойлох “А6-20” бизнес төлөвлөгөөг батлаад буй талаар ярилаа. Уг төлөвлөгөө өнөөдрөөс эхлэн хэрэгжих юм байна.
Б.Ганхуяг “А6-20 нэртэй бизнес төлөвлөгөөг ТУЗ-өөр удаан хугацаанд хэлэлцэж, батлуулаад байна. Энэ төлөвлөгөө өнөөдрөөс эхлэн хэрэгжээд явна. 2016-2020 оны хооронд бүтээн зүйл дээрээ үндэслэж, цаашид ажиллах зорилтууд тавьснаа товчхон танилцуулъя.
Бид ирэх таван жилийн үсрэнгүй хөгжлийн үе шат гэж нэрлээд буй. Энэ төлөвлөгөөний дагуу таван жилийн хугацаанд 32 их наяд төгрөгийн орлоготой ажиллана. 20 төслийг хөдөлгөж, 5500 шууд ажлын байр бий болгоно.
Харин 2016-2020 оны хооронд хийж хэрэгжүүлсэн зургаан ажлаа тодорхой дурдвал:
- Нүүрсний нөөцийг нэгтгэн тайлагнаж, үнэ цэн тогтоосон
- Өргүй, алдагдалгүй болгож, ашигтай ажиллуулсан
- 1072 хувьцааг амилуулж, анх удаа ногдол ашиг олгосон
- Төмөр замуудыг санхүүжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн
- Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, утааг 50 хувь бууруулсан
- Ажиллах орчныг сайжруулж, урамшууллыг нэмэгдүүлсэн зэрэг болно. Эдгээр нь “А6” гэсэн үгийн утга юм.
Харин ирэх таван жилд стратегийн 20 төслийг хөдөлгөнө гэж буй нь “20” гэсэн тооны агуулга. Яг манай компанитай хамаарал бүхий найман төсөл байна.
Үүнд:
- Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам
- Дулааны цахилгаан станц
- Уул техникийн тоног төхөөрөмж
- Нүүрс баяжуулах үйлдвэр
- Конвейерийн систем
- Бусад ачилтын байгууламж, логистик төв зэрэг найман төслөөс манай компани хувь эзэмшиж байгаа.
Эдгээр төсөл хэрэгжих явцдаа 2023 онд 7 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олно. Үүнээс хойш графикт төлөвлөгөөний дагуу орлогоо нэмэгдүүлээд явна” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.