БОЛОВСРОЛВИДЕО КОНТЕНТНийгмийнЯРИЛЦЛАГА

АМЬДРАЛЫН НОМ | Баярхүүгийн Ичинхорлоо

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Бид энэ удаа Үндэсний Номын сангийн захирал, яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоог урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.

-ХУУЧНЫ ОРЧУУЛГУУД ИХ АМТТАЙ, ХУЖИР ШИГ…-

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Би ганц биш таван ном нэрлэмээр байна. Эхнийх нь “Монголын нууц товчоо”. Түүхийн сурвалж бичиг төдийгүй, уран зохиолын дурсгал гэдэг талаасаа сонирхолтой, баялаг хэлээр бичигдсэн, гайхалтай өгөөжтэй ном. Хаанаас нь ч сөхөөд уншсан нүүдэлчин ард түмний оюун санааны онцлог, охь дээж бий. Эх оронч үзэл, эв нэгдэл, хүч тамир, тэмцэх чадварыг ухааруулсан ном. Цөөхүүлээ хүмүүс  бие, биедээ итгэж байж хүчтэй болдог. Хүчирхэг гүрнийг байгуулахад хүн бүхний оролцоо, итгэл найдвар, эв, нэгдэл чухал байсныг, дайснаа хүртэл өршөөхийн чухал, итгэл хүлээлгэхийн чухлыг сануулсан ном учраас Монголын нууц товчоог уншаасай гэж боддог.

Дараагийн нэрлэх ном бол “Эрдэнийн сан субашид”. Бас л хаанаас нь ч нээгээд үзсэн оюун санааныхаа хэмийг алдахгүй байхад тусалдаг. Хүнийг их хүмүүжүүлдэг ном. Өөрөө, өөрийгөө танья гэвэл “Эрдэнийн сан субашид”-ыг уншаад үзэх хэрэгтэй юм шиг санагддаг.

Харин дараагийн онцлон, нэрлэх бүтээл бол Галидасын “Үүлэн Зардас”. Энэ номыг би унших дуртай. Яруу найраг орчуулах хүсэлтэй хүмүүсийн заавал унших ёстой ном гэж боддог.

Миний нэрлэх дараагийн бүтээл монгол хүний эх оронч үзэл, эх нутаг, элгэн садан, ёс уламжлалыг хэрхэн хайрлаж, хүндэтгэж буйг урнаар харуулсан, баялаг дүр дүрслэлтэй. Дүрүүдийг нь ч сонирхолтой хувь тавилан хүлээж байдаг. Зохиолч Дүгэрийн Маамын “Газар шороо” гурамсан роман.  Сэтгэлийн шүншиг болсон эх орноо дээдлэх үзэл одоо цагт байхгүй болоод байгаа юм шиг санагддаг. Тиймдээ ч Монгол хүн гэдэг “би”-гээ бий болгохын тулд унших л ёстой ном.

Яруу найрагч хүнийхээ хувиар би орчуулгын номуудаас Расул Гамзатовын “Миний Дагестан”-ыг сэтгэл гунигтай үедээ, гундуу явахдаа байнга сөхөж хардаг. Үндэсний онцлогийг шингээсэн, яруу найрагч хүний гал цацалсан дотоод мөн чанарыг сэрээсэн зохиол санагддаг учраас унших сайхан байдаг. Яагаад ч юм  “Миний Дагестан” -ыг уншиж байхад Монгол нутгийн тухай уншиж байгаа юм шиг санагддаг. Тэгж санагдтал сайхан орчуулсан (яруу найрагч Мишигийн Цэрэндоржийн орчуулга). Гадаад хэлийг нэвт мэдэхээс гадна монгол хэлнийхээ үгсийн яруу санг маш сайн мэддэг байж л орчуулга хийх ёстойг уг номоос л олж хардаг, ойлгодог. Маш амттай ном. 

-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн эдгээр номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ? 

-Дунд сургуульд байхдаа гайхалтай уншигч байсан. Аав, ээждээ багахан тус хүргээд үлдсэн бүх цагт нь ном уншдаг байсан. Одоо би дунд сургуулийн сурагч байсан шигээ уншиж чадахгүй байна. Тэгэхэд шөнөжин уншиж хонодог байсан. Гэрэл асааж байгаад уншина. Заримдаа гар чийдэнтэй хүртэл уншдаг байсан. Ямар ч цензургүй, олдсон номыг нь л уншдаг байлаа. Орчуулгын бүтээлүүд ч их амттай байж. Нэртэй, иртэй орчуулагчдын буянаар номд дуртай болсон. Хуучны орчуулгууд их амттай, хужир шиг… Дээр дурдагдсан номуудтай би дунд сургуулийн сурагч байхдаа танилцаж байлаа.

“Монголын нууц товчоо”-г дунд сургуулийн сурагч байхдаа хамгийн анхных нь хэвлэлээр авч, уншиж байсан. Мөн “Эрдэнийн сан субашид”-ыг дунд сургуульд байхдаа уншиж байсан. Тухайн үедээ 10 төгрөгөөр зарагддаг байсан санагдаж байна. Аравдугаар ангид байхдаа шүлгийн уралдаанд түрүүлсний шагналд ирж байсан. Галидасын “Үүлэн Зардас”-ыг харин сурах бичгээс анх уншиж байсан. Түүнээс хойш олон хүний харьцуулсан судалгаа уншсан.

-ЗҮГЭЭР НЭГ УНШААД ӨНГӨРӨХ БИШ, НОМЫГ ЗАЖИЛЖ УНШИХ ЁСТОЙ. ИДЭЖ УНШИХ ЁСТОЙ-

-Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Би эдгээр номыг уншсанаараа яруу найргийн сэтгэлгээтэй хүн юм байна аа гэдгээ ойлгож, амьдрах талбараа олсон. Ер нь ихэвчлэн шүлэглэсэн хэлбэрийн зохиолуудад их дуртай. Энэ нь ч яруу найрагт шимтэхэд маань нөлөөлсөн байх. Шүлэглэсэн хэлбэрийн зохиолуудыг уншсанаар хэл яриа цэгцтэй, сэтгэлгээ задгай болдог.  Мөн ном дотроос энэрэхүй, өршөөхүй, уучлахуйг олж харсан.

Номоос адал явдал, харгислал, зовлон гуниг, тэвчээр, бүгдийг нь олж хардаг. Нэг номыг уншина гэдэг бол тэр номын гол дүрийн амьдралаар амьдрахын нэр. Өвдөж уншина, шархирч уншина, хайлж уншина, уйлж уншина, дуулж уншина… Энэ бүхэн хүн гэдгийг маань надад байнга сануулдаг. Номын шид ингэж л хүнийг хүн болгодог. Тийм болохоор би номын санд хүүхдүүдээ дагуулаад ирээсэй гэж боддог. Хүн зөвхөн номыг уншиж байгаа юм биш. Өөрийгөө ч уншиж байгаа юм шүү дээ. Аль хэсэгт нь сэтгэл тогтоод, аль дүрийг нь би өрөвдөөд, алийг нь өршөөн хайрлаж буйгаа ажиглах нь нэг ёсондоо бясалгал байхгүй юу. Тийм учир ном уншина гэдэг өөрийгөө ч танихын нэр. Ном намайг өөрийгөө танихад тус болсоон.

Ер тэгээд ч ном нас насанд өөр, өөрөөр уншигддаг. Нора хүүхний тухай (Хенрих Ибсен. “Хүүхэлдэйн байшин”) уншихдаа би уйлдаг. Шекспирийг уншихдаа би өвддөг. Яруу найраг уншихаараа хөглөгддөг. Жигүүр ургадаг. Зарим яруу найрагчдын уран бүтээлийг уншаад нулимсанд нь живдэг. Заримынх нь онгод хийморьт нь автаад нисдэг. Тэгэхээр ном гэдэг захгүй далай юм.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-Монголын нууц товчооны “Долдугаар бүлэг”-т Наяа ноёны хэлдэг шүлэг байна. Увас мэргидийн тэргүүлэгч Дайр-Үсүн өөрийн охин Хуланг Чингис хаанд хүргэхээр явах замд Наяа ноён таарч, самуун цаг тул болгоомжлон, өөрийн хамгаалалтад хүргэж ирдэг. Үүнийг нь Чингис хаан дуулаад ухвар мөчид ойлгон хилэгнэхэд, Наяа ноён эзнээ тайтгаруулж ийм шүлэг хэлдэг юм. Энэ шүлэг үнэнч зан чанар нүүдэлчнийх байсан юм шүү гэдгийг батлах харуулж буй.

Хамаг олны эзэн
Хаан Чингис чамайг
Хайрлаж хүндлэхээс өөр
Хар санал надад үгүй.
Харь улсаас олзолсон
Хацар гоо охид ба
Хатиртай сайн морьдыг
Хаан чиний юм гэж
Халдалгүй харж
Хавиралгүй сахидаг билээ.
Үүнээс өөр сэтгэлийг
Үнэхээр санасан буюу
Үйлдсэн зүйл байвал
Үхэхэд надад гомдолгүй

Галидасын Үүлэн зардас”-ын эхлэлд би дуртай. Яагаад ч юм уншихаар үүлэн элчийн явсан зам мөр, туулсан бүхэн дүрслэгддэг.

“Сэрэмж алдсан нэгэн ягшас, хилэнт эзний бошго зарлигаар

Сүр жавхлангаа бууруулан, үзэсгэлэнт амрагаасаа жилээр хагацаад

Сэтгэлд тааламжит гүнжийн угаалд ариудсан мөрний ойр,

Сүүдэр төгөлдөр галбарвас модот Рамын уулнаа суун авай...”

Харин Расул Гамзатовын Миний Дагестан”-ы хэл их цэцэн. Орчуулгыг ингэж л хийх ёстой гэж боддог. Хаанаас нь ч нээсэн сайхан. “Олон чулуу удахгүй сүм, хашаа, ордон шоронгийн хана болно” гэсэн ишлэлийг онцолмоор байна. Хүн чулуутай адилхан байхгүй юу. Амьдралын туршид, гоёлын ч чулуу болж болно, эсвэл үйрч бутраад элс шиг ч болж болно.

Хүн үнэ цэнээ бүтээдэг тул уран бүтээлүүдийг тогтож уншиж чадах юм бол оюун санааны савыг дүүргэх шид номд бий. Зүгээр нэг уншаад өнгөрөх биш, номыг зажилж унших ёстой. Идэж унших ёстой. Сэтгэж, ухаарч унших ёстой.

-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг уримаар байна. Их удаан хүлээж байсан сайд томилогдлоо гээд хүмүүс их ам сайтай байна. Миний хувьд “Хөх зул” яруу найргийн түүвэр хэвлүүлж байсан, утга зохиолд элэгтэй хүн боловсролын сайд болсонд талархаж байгаа. Энэ хүн “Амьдралын ном” –оороо юуг нэрлэж, юу ярих нь сонин байна.


ӨМНӨХ КОНТЕНТ:Ж.БАТБААТАР

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button