СУДАЛГАА: Жирэмсэн эмэгтэйд вакцин тарих нь ургийг хамгаалж магадгүй
Израиль улсад явуулсан шинэ судалгаагаар “КОВИД-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан жирэмсэн эмэгтэй хамгаалалтаа урагт дамжуулж магадгүй гэдгийг харуулжээ.
Хоёрдугаар сард явуулсан тус судалгаагаар бол “Pfizer/BioNTech”-ийн вакциныг жирэмслэлтийн 28 дахь долоо хоногтоо орсон 20 эмэгтэйд тарихад тэдний биед эсрэг бие илэрсэн аж. Мөн тэдгээр эхчүүдийн хүүхдүүдэд ихсээр дамжин эсрэг бие орсон байжээ. Тус судалгаа дээр “Бидний судалгаа жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинжуулах нь “SARS-CoV-2”-ийн халдварын эсрэг эх болон нярайд хамгаалалт үүсгэж магадгүй гэдгийг харууллаа” хэмээсэн байна.
Энэхүү судалгааг Иерусалемын Хассадах их сургуулийн эмнэлэгт ажилладаг мэргэжилтнүүд явуулж үр дүнгээ гуравдугаар сард “medRxiv” сэтгүүлд хэвлүүлжээ. Судалгааны хамрах хүрээ жижиг байсан учир жирэмслэлтийн бусад үеүдэд вакцин ямар нөлөө үзүүлдгийг мэдэхийн тулд цаашид үргэлжлүүлэн судалгааны ажил хийх хэрэгтэй аж.
“Jerusalem Post”-д мэдээлснээр тэдгээр судлаачдын нэг болох Дана Уольф вакцинаар үүссэн эсрэг бие хүүхдүүдэд хэр удаан байхыг мэдэхээр ажиллах болно хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.