СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

Х.Баттулгын хувь заяаг “дэнслэх” ҮХЦ-ийн хоёр гишүүнд нэр дэвшигчид өнөөдөр тодорно

Өнөөдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болно. Үүгээр Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүний оронд томилогдох эрхмүүдийн нэрийг нууц санал хураалтаар тодруулж, УИХ-д санал оруулах юм.

Мэдээлэл өгөхөд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд болох Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд дуусгавар болсон. Үүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн ч нөхөн томилох асуудлыг сөхөлгүй өдийг хүрсэн байдаг.

Хуулийн заалтаар бол, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3.4-т:

“Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг УИХ 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан.

Тэгэхээр процессын хувьд Улсын дээд шүүх нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, хэнийг томилох саналаа 14 хоногийн дотор нэгтгэн УИХ-д оруулна гэсэн үг. Дээд шүүх нэр дэвшигчдийн материалыг гуравдугаар сарын 9-16-ны хооронд хүлээн авсан бөгөөд 18 хүн материалаа өгч, хоёр нь өөрөө нэрээ татаад буй. Үлдсэн 16 хүний хэн хоёрыг нь томилох санал дээр нэгдэхээ Дээд шүүхийн нийт шүүгчид өнөөдөр хуралдаж, шийднэ гэсэн үг.

-ЦЭЦИЙН ХОЁР ГИШҮҮН СОЛИГДСОНООР, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

Харин улс төрийн агуулгаар харвал Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүн солигдох нь шууд Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх асуудалд холбогдох юм.

Ерөнхийлөгч сүүлийн үес Үндсэн хуулийн цэц рүү “гүйдэл”-тэй болж, хэвлэлийн албатайгаа очин байр сууриа илэрхийлж, уулзалтын бичлэгээ ил цацах болсон. Энэ нь цэцийг “илж” яваа хэлбэр, нөгөө талдаа “Цэц дээр ийм процесс явж байгаа шүү” гэсэн мессежийг олон нийтэд өгч буй үйлдэл гэж харагдсан.

Энэ бүхэн нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэмэгдсэн 30.2 дугаар заалтад тулж очно.

Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид “…зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж тодорхойлж өгсөн. Энэ нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэг удаа сонгогдчихсон гэдэг утгаараа дахин нэр дэвших эрхгүй юу, эсвэл хууль буцаж үйлчилдэггүй тул үүнээс хойш л мөрдөгдөж эхлэх заалт уу гэх маргааныг үүсгэсэн.

Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго уг асуудлыг цэцийн түвшинд хөндөөд буй. Д.Солонгын хувьд 30.2 заалтаар “Х.Баттулга нэр дэвшиж болохгүй” гэж тусгайлан тусгаж өгөөгүй гэх иргэний мэдээллийг цэцийн маргаан шийдвэрлэх ажиллагаа болгож, Ерөнхийлөгчөөс хариу тайлбар хүссэн байдаг.

Үндсэн хуулийн цэц нь УИХ-ын тогтоосон хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцдэг болохоос хуульд ямар заалт орох ёстой эсвэл ёсгүй байсан асуудлыг хөнддөггүй тул энэ нь илтэд ашиг сонирхлын шинжтэй үйлдэл харагдаж байв. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчид ашигтай үйл явдлын эхлэлийг тавьсан.

Цэц дээрх энэ маргаан эцэслэн шийдвэрлэгдвэл Х.Баттулгыг дэвшиж болно, эсвэл болохгүй гэсэн тодорхой шийдвэр гарна. Тэгэхээр Д.Солонго, Ш.Цогтоо нарын оронд ямар хүмүүс томилогдохоос шалтгаалж Цэц уг асуудлыг нэг тийш нь болгоно. Энэ ч утгаар уг асуудал хамгийн анхаарал татсан сэдэв болоод байна.

Хөшигний ард Д.Солонгыг Хөх хотод суух Ерөнхий консулаар, Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатыг Швейцарын холбооны улсад Элчин сайдаар томилох тохироо яригдсан гэх мэдээлэл түгсэн. Д.Солонго нь дахин цэцийн гишүүнээр ажиллахаар материалаа өгөөд байгаа юм. Хэрэв энэ үнэн бол Цэцийн уг маргаан шийдвэрлэлтэд нөлөөлөх, Ерөнхийлөгчийн эсрэг талын оролдлого болж харагдах юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button