ВИДЕО КОНТЕНТНийгмийнЯРИЛЦЛАГА

АМЬДРАЛЫН НОМ | Дангаасүрэнгийн Энхбат

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Бид энэ удаа Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч Дангаасүрэнгийн Энхбатыг урилаа. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан түүнтэй онлайнаар холбогдож, ярилцсан юм.

Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.

-НУУЛГҮЙ ХЭЛЭХЭД, ЭНЭ НОМЫГ БИ ЗУРГААН УДАА УНШСАН-

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

Амьдралд минь өөрчлөлт авчирсан мэргэжлийн ном бол тоогоо алдсан. Ер нь тэгээд хүчтэй нөлөө үзүүлсэн номнууд он цагийн эрхээр хувьсан өөрчлөгдөх юм. Жишээлбэл, би бага байхдаа адал явдалтай, романтик номуудыг амтархан уншдаг байлаа. Жек Лондон, Жюль Верний номууд л даа. Харин оюутан байхад Европийн классик зохиолууд их сэтгэгдэл үлдээдэг байлаа. Тухайн үед би Оросод сурч байсан юм. Шекспирийн зохиол болон Оросын зохиолчдын бүтээлүүд маш их таалагддаг, ялангуяа хошин шог зохиолууд маш амттай санагддаг байжээ. Харин сургуулиа төгсөж монголд ирээд бизнес, улс төр, техникийн номуудтай нөхөрлөсөн. Гэхдээ яг өнөөдрийн нүдээр эргээд харахад миний амьдралын сүүлийн жилүүдэд элдэв сэтгэлгээ, сэтгэх чадвар, ирээдүйгээ харах, дадал зуршлаа өөрчлөх, бүтээмжээ дээшлүүлэх, ялангуяа бизнесмен хүмүүсийн сэтгэлгээний онцлог, тэдгээрийн арга барилтай холбоотой номууд өвөрмөцөөр нөлөөлж.

Хувь хүнд минь хамгийн их нөлөөлсөн ном бол яахын аргагүй Экхарт Толлийн “Одоо цагийн хүч”. Энэ номыг би арав гаруй хүнд бэлэглэж байсан. Хүмүүс уншчихаад, ялангуяа 30 орчим насны залуучууд ойлгохгүй байна гэж хэлж байсан. Дараа нь дахин дахин уншаад надаар тайлбарлуулсныхаа дараа гурван ч залуу “Энэ ном миний амьдралыг маш их өөрчиллөө” гэж хэлсэн. Уншаад дууссаны дараа надад ч тийм мэдрэмж төрж байсан.

-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн уг номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ? 

-Би англи хэл дээр уншиж байсан. Учир нь англи хэл дээр юмыг их энгийнээр тайлбарласан байдаг. Энэ ном шашны олон урсгалын үзэл санааг өнөөдрийн хүний хэлээр дахин ярьж байгаа юм. Анх 14-15 жилийн өмнө худалдаж авч байлаа. Золоор танилцаж байсан гэх үү дээ. Гадаадад аялалаар явж байхдаа онгоцны буудал дээр хийх юмгүй олон цаг сууж байгаад номын дэлгүүрээр шагайж, замдаа унших 2-3 ном авсан юм. Түүний нэг нь “Одоо цагийн хүч” гэсэн нэртэй эл ном байсан. Өмнө нь би Японы Бүшидо, Зэн буддизмын талаар уншиж байсан болохоор сонирхоод авчихсан юм.

Аялалаар явж байх хугацаандаа номоо уншиж дуусгасан. Маш өвөрмөц сэтгэгдэл төрүүлсэн. Нуулгүй хэлэхэд энэ номыг би зургаан удаа уншсан байх. Унших болгонд өөр байдаг. Эхлээд өвөрмөц сэтгэгдэл төрж байсан боловч яг сайн ойлгоогүй байсан юм билээ.

-Энэ ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Хүний тархины 80 хувь нь хэзээ ч болоогүй, аль эсвэл болохгүй, хэзээ ч байхгүй юмны төлөө санаа зовж, өөр юм бодож явдаг. Улмаар төрөл бүрийн бодол сонирхол, шунал, хүсэлдээ захирагдаад зан араншин, үйлдэл амьдралын хэв загвар нь өөрчлөгддөг. Гэхдээ хүн үүнийгээ ухамсарлах хэрэгтэй байхгүй юу. Хүнд шунал байж болно. Уурлаж болно. Янз бүрийн юм бодож болно. Гэхдээ түүнийхээ боол болж болохгүй.

“Одоо цагийн хүч” ном бол “Та яг юмыг үнэнээр нь харахгүй байна шүү. Дандаа өөрийн бодол, бусдын бодлоор хараад байна шүү” гэж хэлж чаддаг. Одоо цагтаа амьдрахын тулд яаж сэтгэх ёстойг тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хүний ухааныг задалж, бусдын бодолд захирагдахгүй, өөрийнхөө бодлыг хэт дагахгүйгээр ямарваа нэгэн зүйлийг өргөнөөр чөлөөтэй харахад тус болдог ном. Энэ номыг анх уншсаны дараа сонирхол төрөөд буддизм, философи, гэгээрлийн 20 гаруй ном уншсан. Надад бол юмыг өөрөөр харах өнцгийг өгч, хорвоогийн сонин сайхан зүйлийг харуулсан.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-Нэг хэсгийг нь сугалаад эшлээд өнгөрөх хэцүү. Учир нь ганц хоёр өгүүлбэрээр эш татахаар ном биш. Монгол хэл дээр хэвлэгдсэн байгаа. Хүмүүсийг заавал уншаасай гэж бодож байна. 

Амьдралын нас болгонд өөр, өөрөөр нөлөөлж байгаа. Магадгүй энэ ном 20-той залууд шал өөрөөр нөлөөлнө. Сонирхолыг нь татахгүй ч байж болно. Гэхдээ яг өнөөдөр хэрэг болдоггүй юмаа гэхэд, таны амьдралд яг цаг нь ирэхээр хэрэг болно. Сонирхолтой санагдаагүй бол таны цаг нь болоогүй байна гэсэн үг.

-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-“Адмон” группийн үүсгэн байгуулагч ноён Роозонгийн Энхбатыг урьмаар байна. Энхбат бол олон ном орчуулж, хэвлэж гаргасан хүн. Номоор амьдарч, амьсгалж буй хүн. Тиймээс номын тухай сонирхолтой, өгөөжтэй зүйл ярих болов уу гэж бодож байна.

ӨМНӨХ КОНТЕНТ: Л.Энх-Амгалан

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Соросын либeр####измаар тархи нь угаагдсан тэгснээ коммунист үeийн бүтээгдхүүн гэдэг нь үe үe цух####здаг хүн. Хийхээсээ ярих нь их

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button