НИЙГЭМСПОРТ

Б.Отгонбаяр: Гиннесийн рекорд 70 байдгийг 73 болгон шинэчилсэн, цаашид 80 хүргэхээр зорьж байна

Таеквондогийн ОУХМ Б.Отгонбаяр гарын ар болон урд тал дээр солбиж суниах  төрөлд Гиннесийн амжилт тогтоохоор бэлтгэж байна. Уг төрөл дэх Гиннесийн рекорд одоогоор нэг минутад 70 суниалт байдаг. Түүний хувьд одоогоор 73 суниагаад буй. Цаашид үүнийгээ 80 хүргэхээр зорьж яваа гэнэ.

БИЧЛЭГ:


-Анх яагаад гарынхаа ар, урд тал дээр солбиж суниах төрлөөр хичээллэх болсон бэ?

-Цар тахлын улмаас хөл хорио тогтооход, удаан хугацаанд гэртээ байх  хугацаандаа гэрийн нөхцөлд яаж дэлхийн залуустай өрсөлдөх боломжийг өөртөө бий болгох вэ гэж бодсон. Учир нь таеквондо бол олимпын бус төрөл. Ингээд цахим орчноос бичлэг үзэхэд надад тохирох төрөл нь суниалт байсан. Үүгээр гар дээр суниаж эхэлсэн, дөрвөн сар хичээллээд 30 секундэд 58 суниадаг болсон. Гэтэл нэг арга хэмжээн дээр очтол нэг залуу гарч ирээд 57 суниачихсан. Тэгэхээр олонх монгол залуусын чадах төрөл юм байна гэж ойлгоод гарын ар болон урд тал дээр солбиж суниах төрлөөр хичээллэхээр шийдсэн.

-Одоогоор энэ төрлөөр нэг минутад яг хэд суниаж байгаа вэ?

-Өмнө нь өөртөө 71 гэдэг рекорд тогтоосон байсан. Үүнийгээ эвдэж, 73 болгоод байгаа.

-Үүгээр дагнан хичээллэдэг танаас өөр монгол тамирчин байдаг уу?

-Байдаггүй. Нэлээд содон, ховор төрлөөс гадна нэг өдөр хийгээд сурах биш, удаан хугацааны бэлтгэл шаарддаг спорт юм билээ.

-Та амжилтаа Гиннесийн номонд бүртгүүлэхээр хүсэлт явуулсан гэсэн. Ямар хариу ирсэн бэ?

-Бид оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 24-нд албан ёсны бичлэгээ хийгээд, Гиннесийн хороо руу явуулсан. Уг бичлэгтээ нэг минутад 71 удаа суниаж явуулсан.  “Хүсэлтийг хүлээн авсан тухайгаа дуулгахад таатай байна” гэсэн хариу длагалдах хууль ёсны болон стандартын шаардлагуудын хамт ирсэн. Одоогоор энэ төрөлд Гиннесийн рекорд 70 байгаа юм байна. Миний хувьд 73 болгочихоод буй. Ядаж 80 хүргэх зорилт байна. Гэхдээ нэг минутад 80 гэдэг үнэхээр чамлалтгүй дээд амжилт болох юм.

-Энэ төрлөөр суниахад тавигдах нэгдсэн стандарт гэж байх уу?

-Цээжин дороо нойлын цаас тавьж, зайгаа барьж байгаа. Энэ стандартыг дэлхийн залуус яг барьж, суниадаг.

-Шүүгч нар нь Монголд ирэх үү, процесс нь ямар зохион байгуулалттай явагдах юм бол?

-Цар тахлын улмаас шүүгч нарыг тухайн улсаас нь томилохоор болсон. Өөрөөр хэлбэл хараат бус дөрвөн шүүгч томилох юм билээ. Тэр дөрвөн шүүгчийн тавьсан оноонд үндэслэн шийдвэр гарна. Үзүүлбэрээ олон нийтэд ил хийж, бичлэгээ хавсарган явуулах заавар ирсэн.

-Танд амжилт хүсье.

-Баярлалаа, та бүхэнд ч бас амжилт хүсье. Цар тахалтай үед нийгмийн сүлжээгээр тархаж буй олон муу муухай мэдээллийн зэрэгцээгээр яаж өөрийгөө хөгжүүлж болох вэ гэдэг боломжийг эрэлхийлээрэй, хувьд өөрийн гэсэн зорилготой болоорой гэж залуустаа уриалмаар байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ Б.ЭРДЭНЭБАЯР.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button