УЛС ТӨР

Ж.Батсуурь: Одоог хүртэл бүх аймаг PCR аппараттай болоогүй нь Засгийн газрын зорилт хэрэгжихгүй байгааг илтгэж байна

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдөр АН-ын бүлгийн хуралдааны үеэр коронавирусийн нөхцөл байдлын талаар УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайд нараас тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр цар тахал дэгдсэнээс хойш нэг жил дөрвөн сарын хугацаа өнгөрсөн боловч 21 аймаг PCR шинжилгээний аппараттай болж амжаагүй байгаа асуудлыг хөндсөн юм.

Ж.Батсуурь гишүүн “Тендер зарласан гэдэг хариу авч байгаадаа гол горойж байна. Дайн байлдаан болбол тендер зарлаж байна гээд суух уу. Хоёр Засгийн газар дамжлаа, цар тахал гараад жил, дөрвөн сар боллоо. Яагаад бүх аймаг PCR аппаратаар хангагдаагүй юм бэ. Мэдээж Засгийн газар олон ажил хийж хэрэгжүүлж байгаа ч хамгийн анхан шатны, гол арга хэмжээ бол PCR аппарат шүү дээ. Бид цар тахлаас сэргийлэхийн тулд аль болох хөл хорихоос татгалзаж, эдийн засгаа хамгаалахаар хичээж буй. Гэвч аймаг, орон нутагт PCR шинжилгээний аппарат байхгүй учраас халдвар гарсан дор ерөөс хөл хорих арга хэмжээ л авч байна. Бүх ААН үүд хаалгаа барьж, эдийн засаг унаж байна. Тэгэхээр эдийн засаг, эрүүл мэндээ хамтад нь сэргээх Засгийн газрын бодлого анхан шатандаа хэрэгжихгүй байгаагийн илрэл биш үү. Анхдагч бэлтгэлээ базаагаагүй байж хоёр, гурав, дараагийн арга хэмжээнд бэлтгээд яах юм бэ?” гэлээ.

Түүний асуултад Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:

“Бид энэ асуудлыг ойлгож байгаа. Улсын хэмжээнд 29 PCR шинжилгээний аппарат байгаа. Тэдний 13 нь аймаг, орон нутагт бий. Цаашдаа бүх аймгийг PCR лабораториор хангах бэлтгэл ажил зайлшгүй хийх ёстой. Хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтыг түргэн зохион байгуулах ажлыг хийж байна. Нэг удаагийн оношлуурыг ГХЯ, ЭСЯ-аар дамжуулж, гадаадаас шууд үйлдвэрийнх нь үнээр худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нэг ширхгийг нь 5 ам.доллараар худалдан авч буй, яг энэ үнээр аймаг, орон нутагт нийлүүлэхээр бэлтгэж байна” гэж хариу өглөө.

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хувьд “Урьд нь ЭМЯ төсөвтөө тааруулж орон нутгийн хэрэгцээг хангадаг байсан. Харин он гарснаас хойш аймгуудаас захиалга авч,  худалдан авалтыг нь уг захиалгад үндэслэн хийж, хангаад явж байна. Мэдээж хүссэн дүнд хангаж чадахгүй байгаа. PCR аппаратыг аймаг бүрд тавих бололцоо байгаа. Гэвч өрөөний стандарт зэрэг дагалдах зүйлс бий. Зарим эмнэлэг PCR аппарат байршуулах стандартыг хангахгүй байгаа, бид судалгаа авсан” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button