Сурвалжилга, Нийтлэл

ХЭРГИЙН МӨРӨӨР: Уяачдаа ГАРАА ХУГАРТАЛ зодуулсан унаач хүүг ГССҮТ мэдэхгүй байна

-ГССҮТ: ТИЙМ ХҮҮХЭД ИРЖ ЭМЧЛҮҮЛСЭН ЭСЭХИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА -

Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр 10 настай унаач хүү уяачдаа морины ташуураар зодуулан, гараа хугалсан байдалтай ГССҮТ-д хүргэгдсэн тухай мэдээлэл сошиал орчинд цацагдсан. Уг мэдээллийг анх байршуулсан иргэн Ө нь хүүг ээж, ах нарын хамт Төв аймгийн Баянчандмань сумаас 61-ийн гарам орох замын унаа хүлээн зогсож байхад нь өөрийн машиндаа суулган, хүргэж өгсөн хэмээж буй. Үйл явдал наймдугаар сарын 8-ны оройн 22 цагийн орчимд болсон гэх. Мөн төдийгүй, ГССҮТ-д аваачин үзүүлэхэд, зодуураас болж тархиндаа хүнд гэмтэл авсан учир эмч томографийн шинжилгээнд хамрагдахыг зөвлөсөн боловч санхүүгийн нөхцөл байдлаас болон /хүүгийн ээж эрүүл мэндийн тэтгэмжид байдаг гэх/ татгалзсан тухай нь бичээд байгаа юм.

Онцлууштай нь, хүүгийн унасан морины уяач гэх иргэн М, “Овооны” наадамд морийг нь түрүүлүүлээгүй гэх шалтгаанаар хүүг ийнхүү зодсон гэдэг мэдээллийг түгээсэн билээ.

Бид ГССҮТ-ийн хүлээн авах болон хэвлэл мэдээллийн ажилтантай холбогдоход, “Тийм хүүхэд ирж эмчлүүлсэн эсэхийг өчигдрийн ээлжинд гарсан эмч нар мэдэхгүй байна. Манай цахим бүртгэлийн сан өвчтний мэдээллийг овог нэрээр нь шүүдэг. Хүүгийн нэр тодорхойгүй байгаа учраас ямар ч мэдээлэл өгч чадахгүй байна” гэсэн юм.

-ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ЮУ ГЭВ-

Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүтэй холбогдон тодруулахад,

“Ийм мэдээлэл цацагдсаны дагуу холбогдох хяналт, шалгалтуудыг хийж байна. Хүүг М гэдэг, 2009 онд төрсөн гэдэг мэдээлэл бий. Овооны наадам гэж бичээд байгаа дааганы уралдаанд хүү уралдаж, долоогоор орж ирсэн боловч уяач М гэгч зодож, танхайрсан хэмээж буй. Гар нь хугарсан эсэхийг бол шүүх эмнэлэг тогтооно. Хохирогч хүүхдийн талаас цагдаагийн газарт ямар нэг гомдол мэдүүлээгүй ч, энэ хэрэгт хавтаст хэрэг нээн хянан шалгах ажиллагааг эхлүүлсэн” гэх тайлбарыг өглөө.

Үүнээс хүүгийн уралдсан морины уралдаан хууль ёсны байсан уу, хүүгийн ээж болон ар гэр яагаад цагдаад мэдэгдсэнгүй вэ, зодож танхайрсан М гэгч хүүтэй ямар холбоотой хүн байсан бэ зэрэг асуултууд урган гарна.

Бидэнд олдсон баттай биш эх сурвалжийн мэдээллээр, хүүгийн ээж бичиг үсэг мэддэггүй учир цагдаагийн газар өргөдөл гомдол гаргаж чадаагүй гэсэн юм. Мөн уяач М хүүтэй “Дараа жил гэрээ байгуулна” хэмээгээд тухайн наадамд уралдсаных нь хариуд ямар ч шагнал, хөлс өгөөгүй өнгөрсөн гэх бөгөөд Төв аймгийн харьяат уяач биш байсан хэмээлээ.

-УРАЛДААН ХУУЛЬ ЁСНЫ БУС БАЙСАН УУ-

Харин ГБХЗХГ-ын Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар,

“Сошиал орчинд хүчтэй тарсан энэ мэдээллийн дагуу ГССҮТ-тэй холбогдож хүүгийн талаарх мэдээллийг авах гэсэн боловч чадсангүй. Тийм хүүхэд ирсэн эсэхийг мэдэхгүй байна гэсэн. Тиймээс анхнаасаа үнэн, худал байсныг нь тогтоохоор ажиллаж байна.  Төв аймагт болсон Овооны наадам гэх тэр уралдаан бол хууль ёсны биш байсан, цаанаасаа морин уралдаан зохион байгуулахыг хориглосон байхад болсон юм шиг билээ. Тус аймгаас ямар ч тодорхой мэдээлэл өгөхгүй байна” гэж ярив.

Үүний дагуу Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-ын дарга н.Ариунболдоос тодруулахад,

“Манай сум гурван багтай. Тэдний нэг Эрдэнэ баг нь жил бүр ийм өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай. Наадам болсон гэх мэдээлэл тарсан байсан, тийм биш юм. Шинэ залуу үед уламжлал, соёлоо таниулах танин мэдэхүйн өдөрлөг маягийн зүйл юм. Энд өчигдөр /2019.08.08/ 18-хан даага уралдсан. Түрүүлсэн хүүхдэд 20 мянган төгрөгийн шагнал л өгсөн.

Уралдаан зохиохыг хориглосон энэ тэр юм байхгүй. Үндэсний их баяр наадмын уралдаан, есдүгээр сарын 1-ний уралдаан болон энэ өдөрлөгийн дааганы уралдаануудыг жилийн төлөвлөгөөнд оруулж, албан ёсоор баталдаг.

Зодуулсан хэмээж буй хүү манай харьяат биш. Уяач М гэгч манай энд ирж уралдаад, түрүүлээгүйгээсээ болж тэр хүүг зодсон юм шиг байна” гэх мэдээллийг өглөө.

-ХҮҮГИЙН ЭЭЖ ХЭВЛЭЛД ЮУ ГЭЖ ЯРИВ-

Цагдаагийн газраас эрэн сурвалжилж хохирогч хүүг олоод хүүхдийн тусламжийн төвийнхөнд хүргэж өгсөн гэх мэдээлэл сүүлд ирсэн. Хүүгийн ээж иргэн Г,

"Миний хүүг ноднингийн зургаан сард 35 орчим насны эр аваад явсан. Ганц ч мөнгө төгрөг өгч байгаагүй. Хүү маань уралдаан болохоос өмнө гурав хоног хот руу явчихсан юм байна лээ, ингээд хэл сураггүй алга боллоо гэж зодсон гэсэн. Уяачийн найзууд нь наад хүүхдээ зодоод хашраачихвал холдож чадахгүй гэсэн сурагтай. Хүүгийн минь гар тохой орчимдоо хугарч, гуя хөл нь хөхөрч шархалсан байсан” гэдэг зүйлийг хэвлэлд ярьсан байна.

Бид хүүгийн ээжээс дэлгэрэнгүй тодруулгыг авч хүргэх болно.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button