УЛС ТӨР

Чөлөөлөх дээрээ тулбал Ерөнхийлөгч Д.Ганзоригийг, У.Хүрэлсүх Г.Сайханбаярыг явуулж чадахгүй

Сүүлийн үес цэрэг эрсийн заяагдмал эрхийн асуудал хүчтэй хөндөгдөж байна. Зөвхөн энэ удаад ч бус, дэглүүлсэн, дарамтлуулсан, тэгж эрүүл мэнд, амь насаараа хохирсон цэргүүдийн хэрэг жил бүр л гардаг байсан гэхэд хилсдэхгүй.

Харин тухай бүрд асуудлыг углуургаар нь хөндөж байсан удаа үгүй. Цэргийн салбар нь Батлан хамгаалах яамны биш, Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа учраас сайд нь хариуцлага хүлээж байгаагүй.

Тэгвэл саяхан салаан захирагчдаа зодуулж, амь насаа алдсан цэргийн асуудал гал авалцахад УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүн дээр холбогдох бүх л албан тушаалтнууд нэг дээвэр дор цугларч, цэрэг дэглэлтийн бугшсан асуудлаар нээлттэй ярилцсан нь бараг анх удаа болсон.

Шууд харьяа байгууллага нь болох Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг болон Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар тэнд байлцлаа. Олон нийтийн уур амьсгал ч ширүүсэж, аль нэг албан тушаалтныг огцорч хариуцлага хүлээхийг шаардаж байсан юм.

Үүгээр Д.Ганзориг нэг их муу хүн болж харагдаад өнгөрсөн. Г.Сайханбаяр нь болохоор нэгдүгээрт ажлаа аваад удаагүй, хоёрдугаарт энэ чиглэлд ихийг санаачлан хэрэгжүүлж буй дүр зурагтай харагдсан. Хэлэлцүүлгийн дараа олон нийт Д.Ганзоригийг муучилж хоцорсон. Тэрбээр ч өөрөө хүний эрхийн асар мэдрэмжгүй, агзасхийм хариуцлагагүй зүйлс ярьсан нь үнэн.

Уг нь Д.Ганзориг салбартаа яг гялтайсан мэргэжилтэн гэгддэг. Гадаад, дотоодод сургууль төгссөн, хувь хүнийхээ хувьд ч ил шулуун зантай. Илж бөөрөнхийлөөд байлгүй үнэн байдлыг хэлчихдэг. Харин тийм ч учраас зориуд түүнийг хэлэлцүүлэгт оруулж, галыг түүн дээр чиглүүлээд цэвэр харагдаж үлдэх “бусад” албан тушаалтнуудыг төлөвлөгөө байсан гэх яриа чих дэлсэж буй.

Хүний эрхийн дэд хороо Д.Ганзоригийг чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрт хүргүүлчхээд буй. Гэвч Ерөнхийлөгч түүнийг чөлөөлөхөд тун хүнд. Нөгөө талд Г.Сайханбаярыг ч чөлөөлчихье гээд ард нь У.Хүрэлсүх гэдэг хүн бий.

Тодруулбал, Д.Ганзориг хуулийн хүрээндээ шууд Ерөнхийлөгчийн эрх мэдлээр уг албан тушаалд томилогдсон нэгэн. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгыг төмөр замын ажлаа урагшлуулахад нь гол тулга болдог тул цэргийн салбар, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга гэдэг түүний хувьд халуун цэгүүд. Тиймд Ерөнхийлөгч Д.Ганзоригоо барагтай л бол чөлөөлж өгөхгүй.

Харин Г.Сайханбаяр, МАН-ын дарга У.Хүрэлсүх нар бага, залуу насны найзууд. Иймд ч засаг бүрдэхэд У.Хүрэлсүх найздаа сайдын албан тушаал өгсөн гэж яригддаг. Энэ үүднээс асуудал үргэлжлэн дэвэрч, үргэлж “Манай харьяа биш” гэдэг шалтгаанаар уснаас хуурай гарч ирсэн зүй тогтол халагдахад хүрч, Батлан хамгаалахын сайдад хариуцлага яривал Г.Сайханбаяр ч “ховхорч” өгөхгүй.

Ингээд цэргийн салбар дахь асуудлаар хэн нэгэн дээд албан тушаалтанд хариуцлага тооцъюу гээд ч Ерөнхийлөгч нь Д.Ганзоригоо, У.Хүрэлсүх Г.Сайханбаяраа бамбайлан хамгаалах нюанс үүсчхээд байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ха ха
Ха ха
2021-04-13 14:34

Хилийн цэрэгт хэрэг гарсан юм чинь хууль зүйн сайдыг бас огцруулаач

Зочин
Зочин
2021-04-13 15:25

Тэр нямбаатар ч билүү дултирай бацааныг огцоруулаач.

Жаргал
Жаргал
2021-04-13 19:19

Ганц нэг хүнийг огцруулаад асууд�##� шийдэгдэхгүй л дээ, системийн шийдэл хэрэгтэй, бүтэн зургаар нь нийгмээ харах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button