Сурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

ЭДИЙН ЗАСАГЧИД: 07.01-нээс ААН-үүд зээлээ төлж эхлэх ямар ч боломжгүй, төр дорвитой бодлого гаргах хэрэгтэй

У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын сүүлээр хуралдаж, цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүний өмнөх хуралдаанаараа яг иргэн Дорж, Дулмаад чиглэсэн ямар ч бодлого санаачилсангүй, яам, агентлагуудын шуурхай хурлаар хэлэлцчих хэмжээний асуудлуудыг сүр бадруулан зарлалаа гэж шүүмжлүүлж байв.

Харин эл шийдвэрээр ипотекийн зээл болон иргэн, ААН-үүдийн бусад банк, ББСБ-аас авсан зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах боломжийг олгосон. Ингэхдээ иргэн, ААН-ийн өөрсдийн хүсэлтэд тулгуурлана хэмээсэн юм. Мэдээж эдийн засаг хүндэрсэн, орлого тасалдсан энэ үед бараг бүгд л зээлээ хойшлуулах хүсэлтээ өгсөн.

Гэвч долдугаар сарын 1 болоход хоёр гаруйхан сарын хугацаа үлджээ. Ялангуяа банк, ББСБ-уудын зээлийн хувьд энэ хугацаанд төлөгдөөгүй хүүгийн төлбөр нь хуримтлагдсан. Төлж эхлэхэд хэцүү. Энэ хугацаанд эдийн засаг сэргэлт авсангүй, эрүүл мэндээ ч дорвитой хамгаалж чадсангүй. Халдварын тоо өдөрт 500-гаас дээш давах болж, 15 хоногийн хөл хорионд оржээ.

Энэ нөхцөлд эдийн засагчдын байр суурийг сонслоо.

Д.АНГАР: ЗУРГАДУГААР САРЫН СҮҮЛИЙН ДОЛОО ХОНОГТ Л НЭГ ШИЙДВЭР ЗАРЛАХ БАЙХ ДАА

Долдугаар сарын 1-нээс банк болон ББСБ-уудаас авсан зээлийн үндсэн төлбөрүүд төлөгдөж эхэлнэ, үүн дээр маш том асуудал үүснэ. Сүүлийн зургаа орчим сарын хуримтлагдсан төлбөрөө төлөх шаардлагатай болно. Банк, ББСБ-ууд өөрсдөө мөн бизнесийн байгууллага учраас зээлээ төлөхийг шаардахаас өөр аргагүй. ААН-үүд болохоор бараг жил гаруй хугацаанд үйл ажиллагаа тасалданги, борлуулалтгүй шахуу явсан тул төлөх ямар ч боломж байхгүй шүү дээ.

Үүн дээр миний зүгээс бол ямар нэг шийдэл олж харахгүй байна. Сүх далайтал үхэр амар гэдэг шиг ямартай ч долдугаар сарын 1 хэзээ нэг өдөр болно. Манай төрийн авдаг арга хэмжээний нэг онцлог өөрөө ийм болчхоод буй. Ул суурьтай, төлөвлөгөөтэй бодлого хэрэгжүүлэхгүй, тухай тухай үед нь арга хэмжээ авах маягаар асуудалд хандаад байна. Долдугаар сарын 1 дээр ч мөн тэгэх л байх. УИХ, Засгийн газар, Монголбанк зургадугаар сарын сүүлийн долоо хоногт хуралдаад л нэг шийдвэр зарлах байх гэсэн хүлээлт байна. Үүгээр хэлэх гэсэн санаа нь, ямар нэгэн алсыг харсан, дорвитой арга хэмжээ авахгүйгээр энэ байдал цэгцрэх ямар ч боломжгүй.  

10 ИХ НАЯДЫН ХӨТӨЛБӨРТ Ч ИТГЭХГҮЙ БАЙНА

10 их наядын хөтөлбөрийг анхнаасаа хэрэгжих боломжгүй гэж харж байсан. Яагаад гэвэл, төв банкны үнэт цаасны хүү өндөр байгаа. Тэгэхээр арилжааны банкнууд эрсдэл хүлээж ААН-үүдэд зээл олгосноос, тэр мөнгөө төв банканд 6 хувийн хүүтэй байршуулсан нь ашигтай тусна. Нэгэнт төрийн бодлого зарлагдчихсан тул ААН-үүдээс зээлийн хүсэлтийг бол авч байгаа. Гэхдээ аль болох асуудлыг нь шийдэхгүй, зээл гаргахгүй чиглэлд ажиллаж байна. Хүмүүстэй уулзаад явахад 3 хувийн зээл авсан хүн олдохгүй байна гэж яригдаж байна, яг үнэндээ. Би Монголбанк бодлогын хүүгээ буулгахгүй бол, эсвэл тэглэхгүй бол үүнийг хэрэгжихгүй төлөвлөгөө гэж харж байсан.


Б.ӨЛЗИЙБАЯР: ДАХИЖ ХОЙШЛУУЛААД НЭМЭРГҮЙ, ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨД НЬ БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Долдугаар сарын 1 юухан байх вэ, хэдхэн сарын дараа боллоо. Гэтэл дахиад л хөл хорио тогтоочихлоо, эдийн засаг яг хэзээ эргээд хуучин хэвэндээ очих нь тодорхойгүй байна.

Цар тахалтай тэмцэхдээ хэрхэн менежмэнт хийх нь эдийн засагтай шууд уялддаг. Бид өвчний тархалтыг хяналтад авсан байсан, одоо алдчихлаа. ААН-үүд зээлээ төлөхөд дахиад л хүндрэлтэй харагдаж байна. Манай эдийн засаг өөрөө улирлын чанартай. Яг сэргэлт авдаг хавар цагтаа нэг үгээр өвчинтэй зууралдаад сууж байна.

Зээлийг мэдээж хэзээ нэгэн цагт төлөх нь тодорхой, санхүүгийн сахилга бат байх ёстой. Гэхдээ эргэн төлөлтөд нь бүтцийн өөрчлөлт хийхгүй бол хүндрэлтэй. Ямар ААН-үүдийг салбар, салбараар нь ангилж, цар тахлын нөлөө хэр хүнд туссанаар нь ялгаж, уян хатан зохицуулалт хийдэг ч юм уу. Зээлийг нь нөгөө 3 хувийн хүүтэй зээлээрээ сольж өгдөг ч юм уу. Тийм дорвитой шийдвэр гаргах хэрэгтэй, дахин хойлшлуулаад бол нэмэргүй гэж харж байна. Хойшлуулна гэдэг асуудлыг шийдэж байгаа биш хойш нь л тавьж байгаа хэрэг.

БИЗНЕС БҮҮ ХЭЛ ӨРХИЙН САНХҮҮГЭЭ ТӨЛӨВЛӨХӨД Ч ХҮНДРЭЛТЭЙ БОЛСОН

Уг яг одооноос л долдугаар сарын 1-нийг төлөвлөж баймаар байна. Гэтэл бид улс орноороо бизнес битгий хэл өрхийн амьдралаа төлөвлөхөд хэцүү нөхцөлд байна шүү дээ. Ямар ч зүйл төлөвлөгөөгүй явна гэдэг амжилтад хүрэх үндэсгүй. Гал унтраадаг төдий биш асуудлаа том зургаар нь харсан, агуулгын чанартай өөрчлөлт хийхгүй ингээд л яваад байвал бид элгээрээ хэвтчих гээд байна шүү дээ.

10 их наядын хөтөлбөрийн хүрээн дэх 3 хувийн хүүтэй зээлийн тухайд, банкнууд өөрийнхөө эх үүсвэрээс зээл гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол хадгаламж эзэмшигчдийн мөнгө. Ийм тодорхойгүй үед банкнуудыг зээл олго гэж шахах нөгөө талдаа хэцүү. Нөгөөтээгүүр хилээ нээнэ л гэж яриад байдаг. Гэтэл манай эдийн засгийн бүтэц өөрөө өөр. Бусад орнууд хилээ нээвэл мөнгө орж ирнэ. Тайланд ч юм уу, Малайз ч юм уу орон руу жуулчид амрах гээд, шоппин хийх гээд мөнгөө бариад гүйнэ. Манайд бол эсрэгээрээ валют гадагшаа гараад явчихна, ийм онцлогтой.

Ер нь бүгд л манан дунд байгаад байна. Тэгээд гэв гэнэт л хөл хорио тогтоочихдог. Маш нарийн тооцоо төлөвлөгөөтэй, ул суурьтай шийдвэрүүд дутаж байна.


Б.ЛХАГВАЖАВ: ААН-ҮҮДИЙН ЗЭЭЛИЙГ ГУРАВ АНГИЛЖ, БҮТЦИЙГ НЬ ЯЛГААТАЙГААР ХУУЛЬЧЛАХ ЁСТОЙ БАЙСАН

ААН гэж орлого олдог, орлого олж байж зарлагаа нөхдөг байгууллага. Харин зарлага гэдэгт ажилчдын цалин хөлс, байрны түрээс гээд бүх зүйл багтдаг. Гэтэл одоо ААН-үүдийн орлого үндсэндээ бүрэн зогсчихоод байна. Энэ үед долдугаар сарын 1-нээс хуримтлагдсан зээлээ төлж эхэлнэ гэдэг маш хүндрэлтэй.

Ер нь асуудал юу гэвэл төрийн л дутуу, буруу хийгдсэн бодлогууд шүү дээ. Зүй нь бол ААН-үүдийн зээлийг:

  • Ковидын өмнөх
  • Ковидын үеийн
  • Вакцины үеийн гэж гурав ангилаад, тус бүрийнх нь зээлийн бүтцийг ялгаатай хуульчлах ёстой байсан. Тэгэхгүй бол энэ 10 их наядын төлөвлөгөөний хүрээн дэх зээл олголтоор, яг нарийндаа арилжааны банкнууд л эх үүсвэртээ баталгаа гаргуулаад авчихаж байгаа юм. Ер нь арилжааны банкнуудад л 10 их наядын вакцин хийлээ шүү дээ.

У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЗӨВЛӨХҮҮД ОДОО ЖААХАН ЖУДАГТАЙ БАЙГААРАЙ

Гэтэл Сангийн сайд “НӨАТ төлөгчид нэмэгдлээ, баяртай мэдээ” гэсэн маш амьдралгүй зүйл ярьж байна. Мэдээж бүх ААН 3 хувийн хүүтэй зээл рүү гүйнэ, НӨАТ төлөгчөөр бүртгүүлнэ.

10 их наядын төлөвлөгөөг УИХ-аар хэлэлцэн батлуулаагүй нь хамгийн буруу явдал. Эцэст нь ямар ч улс төрч үүн дээр хариуцлага хүлээхгүй. У.Хүрэлсүх эдийн засагч биш, Л.Оюун-Эрдэнэ ч биш. Сүүлд нь үүссэн эдийн засгийн хүндрэлийг та бид л нуруун дээрээ үүрч, халааснаасаа төлнө. Тэд хариуцлага хүлээхгүй, яваад өгнө.

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын дэргэдэх эдийн засгийн зөвлөхүүд уг нь энэ бодлогуудыг ямар хуумгай, ухвар мөчид агуулгатай гэдгийг харж, мэдэж байгаа. Тэгсэн хэр нь ээ дуугарахгүй байгаа нь сонин. Тэдэнд хандаж, одоо амаргүй цагт жаахан жудагтай байгаарай гэж хэлмээр байгаа юм.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Эдийн засагчид долдугаар сарын 1-нээс ААН-үүд зээлээ төлж эхлэх ямар ч боломж байхгүй гэж үзэж байна. Ерөөс асуудлыг ажил хэрэгчээр дэлгэж тавьдаггүй, байж болох хамгийн хялбар шийдвэр гаргадаг төр засгийн бодлого богино настай.

Эрүүл мэндээ ч хамгаалж, эдийн засгаа ч сэргээнэ гэсэн 10 их наядын хөтөлбөрийг ч эдийн засагчид үл сайшааж буй. Банкны эх үүсвэрээр зээл олгож буй гэдгээрээ аль, аль талдаа маргаан дагуулж байна. Хөтөлбөрийн үр дүн гарах эсэх нь бүрхэг болж эхэллээ. 3 хувийн зээл дагасан олон асуудал хөндөгдөж буй.

Одоо гагц вакцинтайгаа зууралдаж байх хооронд долдугаар сарын 1 ирнэ. Тэр үед нь эдийн засагч Д.Ангарын хэлснээр, зургадугаар сарын сүүлийн долоо хоногт хуралдаад нэг шийдвэр зарлах уу. Эцсийн дүндээ эдийн засагч Б.Лхагважавын онцолсончлон, эргээд гарах үр дагаврыг нь улс төрчид биш иргэн, ААН-үүд л нуруун дээрээ үүрэх билээ.

У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар нарын хийгээд явсан энэ асуудал дээр Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан нар ядаж сарын өмнөөс бүтээлч гаргалгаа хайна, УИХ-ын гишүүд дуугарна гэж найдаж байна.


ӨМНӨХ КОНТЕНТ:

Зээлийн төлөлтөө хойшлуулсан иргэд, аж ахуй нэгжүүд ажилгүй, орлогогүй болжээ

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ххк
ххк
2021-04-14 09:13

сонгуулийн дараа ард түмнээ бодохгүй ээ. Төлүүлнэ гээд баахан компаниуд сүйрэх бх

Зочин
Зочин
2021-04-14 12:08

ОЮУНЭРДЭНЭ, ХҮРЭЛСҮХЭД ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛААР ЗӨВЛӨДӨГ ЯМАР МАЛУУД БАЙДАГ ЮМ БОЛДОО_ ХАМСААТАН ЦҮНХ БАРИГЧИД НЬ Л БИЗДЭЭ. БАЙЛААС ХАРВАЛ ТЭД ҮНЭХЭЭР МАЛААС ДОР ГАХАЙНУУД БАЙДАГ БОЛОЛТОЙ

Компани
Компани
2021-04-14 13:26

манай компани лав төлж чадахгүй. Цомхотгол хийж зардлаа хэмнэнэ

Зочин
Зочин
2021-04-14 15:07

Энэ муу худ�##�ч,ардчилсан намынхны �######� долоогчид юу гээд худлаа хуцаад байгаа юм бэ?. Та нар тийм л сүрхий юм бол 17 хувийн өсөлттэй эдийн засгийг хүлээж аваад хасах нэг хувь хүртэл нь унагааж, самарч байхад үхэж д�##�д орсон ардчилсан намынханд яагаад юу ч хэлээгүй юм бэ?.

Холбоотой мэдээ

Back to top button