НИЙГЭМ

УОК, НОК-ын ойлгомжгүй, хурдан хувьсах шийдвэрийг хүний эрхийн зөрчил гэж үзжээ

…Улсын онцгой комиссын шийдвэрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонссон. Гамшгийн үед мэргэжлийн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хүн, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийлгэхгүй байх үүрэгтэй, тиймээс Цагдаагийн байгууллагын шууд удирдлагаас зорчих хөдөлгөөнийг хязгаарла гэсэн чиглэл өгсний дагуу шаардлага тавьж байна. Түүнээс таны асуугаад байгаа машинтай болон явган явж болох эсэхийг би мэдэхгүй ээ, Ямартай ч 12:00-17:00 цагийн хооронд ямар ч хөдөлгөөн хийлгэхгүй. Таныг би гудамжинд 17:00 цаг хүртэл зогсоолтой биш, очих газар чинь ойрхон бол явган алхаж яваад, буцаж ирээд машинаа авахгүй юу даа…

(Үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчтай
хийсэн ярилцлагаас)

Энэ хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын үед гудамж талбай, олон нийтийн газар хорио цээрийн дэглэм сахиулах явцад цагдаагийн алба хаагчаас хүний эрхийг зөрчсөн үйлдэл цөөнгүй гарсан байна. Иргэдээс цагдаагийн алба хаагчийн шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрхийг зөрчиж байгаа талаар Комисст ирүүлсэн гомдол, мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ, ажиглалтын үр дүнгээс харахад Улсын болон нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэр, дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг чиглэл ойлгомжгүй, байнга өөрчлөгдөж байсан, нөхцөл байдалд тохируулан шийдвэр гаргах эрх хэмжээг цагдаагийн алба хаагчид олгоогүйгээс хүний эрхийн зөрчил гарахад нөлөөлжээ.

Энэ нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа мөрдөж буй дүрэм журмыг хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатайгаас гадна Улсын болон Нийслэлийн онцгой комиссоос гарсан шийдвэрийн талаар үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад мэдээлэл, удирдамжийг шуурхай хүргэж чадахгүй байгаагаас үүдэн цаг үеийн нөхцөл байдалд нийцсэн оновчтой арга хэмжээ авч чадахгүй байгааг харуулж байна. Ялангуяа хөдөлгөөн хязгаарлах чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, албан хаагчдад удирдлагаас өгсөн чиглэл, үүрэг даалгавар ойлгомжгүй, нарийвчилсан заавар зөвлөмж бага, үүний улмаас хүний эрхийн зөрчил, иргэн цагдаагийн алба хаагчдын дунд үл ойлголцол үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд Комиссоос “цагдаагийн алба хаагчийг иргэдтэй зүй бусаар харилцах, хүч хэрэглэхийг хориглох, зайлшгүй тохиолдолд албадлага хэрэглэх үндэслэл, журмыг тодорхой зааварлах, иргэдтэй харилцахдаа цагдаагийн алба хаагчийн баримтлах эрх хэмжээг тодорхой заасан стандартыг чанд мөрдүүлж ажиллах” тухай санал боловсруулж Цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн.

Үүний дараагаар 2021 оны 2 сарын 11-16-ны өдрүүдэд Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсгүүд хязгаарлалтын цэг, хяналтын товчоодод ажиллаж, нөхцөл байдалтай танилцахад цагдаагийн алба хаагчдад “Гамшгаас хамгаалах, бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан алба хаагч нарын баримтлах заавар, зөвлөмж, хэрэгжүүлэх тогтоол” эмхэтгэлийг хэвлүүлэн тарааж, иргэдтэй эелдэг зөөлөн, хүндэтгэлтэй, зарчимч, шударга ажиллах агуулгаар цагдаагийн алба хаагчдад нарийвчилсан заавар, зөвлөмж өгсөн нь сайшаалтай байна.

ХЭҮК-ийн 20-р тогтоолоос...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button