Төгсөх ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлажээ

Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулиас Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчдад зориулан, “Үгийн урлагаар өөрийгөө нээе” уран сайхны эсээ бичлэгийн уралдааныг зарлажээ. Тус уралдааны ялагчид СУИС-ийн Театрын Урлагийн Сургуулийн Жүжиг, киноны зохиолчийн ангид шалгалтгүйгээр элсэн орох юм.
Уралдаанд хэрхэн оролцох вэ?
Оролцогч нь монголын уран зохиолын шилмэл бүтээл болох дараах өгүүллэгүүдээс нэгийг сонгон уншиж, өгүүллэгийн тухай задлан шинжилж, өөрийнхөөрөө эргэцүүлсэн эсээ бичнэ. Энэ бол өөрийн үзэл бодол, хүсэл тэмүүлэл, авьяас билгээ нэгэн эсээнд багтаан бичээд, СУИС-д элсэн орох боломж юм.
Өгүүллэгүүд:
- С.Дашдооров “Бууж мордох хорвоо”,
- П.Лувсанцэрэн “Зүрх мартахгүй”
- Ц.Доржготов “Мөнхийн ус”,
- Г.Аюурзана “Шүтэн бишрэгч”
- П.Батхуяг “Ганцаардалд бууж өгөхгүй”
Жич: Эдгээр өгүүллэгийг СУИС-ийн Театрын урлагийн сургууль фэйсбүүк хуудаснаас унших боломжтой.
Эсээнд тавигдах шаардлага:
- Эсээ бичвэрийг 500 үгэнд багтаан зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй бичигдсэн байна. Үсгийн фонд Times New Roman, мөр хоорондын зай 1.5 байна. Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
- Уралдаанд оролцогч сурагч нь дараах мэдээллийг эсээндээ заавал хавсаргасан байна. Үүнд: Аймаг (хот), сум (дүүрэг) -н нэр, сурагчийн овог нэр (бүтнээр), Ерөнхий боловсролын сургуулийн нэр, анги бүлэг, холбоо барих утасны дугаар.
Хугацаа:
- Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2021 оны тавдугаар сарын 18-ныг хүртэл хүлээн авна. Бүтээлээ СУИС-ийн ТУС-ийн [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.
Ялагчийг тодруулах:
Уралдааны ялагчийг 2 үе шаттайгаар тодруулна.
- Уралдааны эхний шатанд шалгарсан бүтээлүүдийг 2021 оны тавдугаар сарын 25-нд Театрын урлагийн сургуулийн цахим хуудсаар дамжуулан зарлана.
- Нэгдүгээр шатнаас шалгарсан шилдэг 20 бүтээлийг СУИС-ийн жүжигчний мэргэжлээр суралцаж буй оюутнууд уншин телевиз, радио болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан сурталчилна.
- Уралдааны хоёрдугаар шатанд шалгарсан шилдэг 6 бүтээлийг Театрын урлагийн сургуулийн цахим хуудсаар дамжуулан нийтэд сурталчлах ба соёл урлаг, утга зохиолын ”ЦОГ” сэтгүүл, “Залуу нас” сонинд цувралаар нийтэлнэ.
Уралдааны шагнал:
I байр: 1 бүтээл. СУИС-ийн Жүжиг, киноны зохиолчийн мэргэжлийн ангид шалгалтгүй элсэн орох эрхийн бичиг. Өргөмжлөл. Эхний жилийн сургалтын төлбөрийн 50% хөнгөлөлт
II байр: 2 бүтээл. СУИС-ийн Жүжиг, киноны зохиолчийн мэргэжлийн ангид шалгалтгүй элсэн орох эрхийн бичиг. Өргөмжлөл. Эхний жилийн сургалтын 30% хөнгөлөлт
III байр: 3 бүтээл. СУИС-ийн Жүжиг, киноны зохиолчийн мэргэжлийн ангид шалгалтгүй элсэн орох эрхийн бичиг. Өргөмжлөл. СУИС-ийн эрдмийн хамт олны бүтээлийн дээж.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 88191123, 88007571











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.