НИЙГЭМ

“Утга зохиол” цуврал: “Багт хүний наманчлал” шинээр хэвлэгдлээ

XX зууны Японы нөлөө бүхий зохиолч¬дын нэг Мишима Юкиогийн 1949 онд бичсэн “Багт хүний наманчлал” хэмээх роман Монсудар хэвлэлийн газрын “Утга зохиол” цувралын 36 дахь дэвтрээр хэвлэгдэн гарлаа.

Зохиолч Мишима тус романаараа уран зохиолын ертөнцөд нэрээ таниулж дараачийн хоёр арваны хугацаанд шинэ ном бүтээлийг ар араас нь туурвисаар, урын сан нь дөч гаруй роман, арван найман жүжиг, өгүүллэгийн хорин түүвэр, эсээний хорин түүвэр болон олон арван кино зохиолоор хэмжигдэх болжээ. 

Мишима 1968 оны Нобелийн шагналд нэр дэвшиж байсан хэдий ч ээдрээт амьдралынхаа төгсгөлд тэрээр Японы уламжлалт сэппүкү буюу гэдсээ хүүлж амиа тэвчин нэр төрөө сэргээж, эртнээс тээж явсан “баатарлаг” үхлээр үхэх хүслээ биелүүлсэн юм.

Зохиолын тухайд төлөвшлийн романы шинжийг агуулах бөгөөд гол баатар болох ихийг эргэцүүлж боддог, өршөөлгүй, ил шулуухан зантай Кохан хэмээх би хүүрнэгч хэрхэн том хүн болж, насанд хүрч буй тухайгаа хүүрнэн өгүүлнэ. 

Төлөвшлийн романы онцлог шинж болох зөрчлийн тухай эл зохиолд тунчиг нарийн тусгажээ. Нэг талаас гол баатар насанд хүрэх явцдаа ёс суртахууны хэвшмэл төсөөлөлтэй гэр бүлээс нь учруулах дарамт буюу нийгэмтэйгээ зөрчилдөж буй тухай харуулна. Харин нөгөөтээгүүр зохиолын баатар маань бэлгийн сонирхлоо мэдэрч, дур хүсэлтэйгээ харилцан, зохицуулж сурах шаардлага гарч ирснээс улбаатай дотоод зөрчил үүснэ.

Өсвөр насандаа өөрийн биеэр амссантай нь тун төстэй гол баатрынхаа эдгээр зөрчлийг хайр найргүй ил тод, чин шударга илчлэн бичсэн нь Мишимагийн гавьяа. Тиймдээ ч эл зохиолын тухай Сандей Таймс сонин “Өнөөг хүртэлх ямар ч “наманчлал” өөрийгөө өрөвдөх хийгээд өөгшүүлэхээс ийн ангид байсан удаагүй” хэмээн сайшаасан бөгөөд уншигчдын сонорт хүрэхэд бэлэн болжээ. 

МОНСУДАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-05 18:43

Хүргэлт бии юу

Холбоотой мэдээ

Back to top button