НИЙГЭМ

Тайваньчууд хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат хандивлав

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар нь шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтнүүдийг эмчлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 5-р сарын 7-ны өдөр хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, амны хаалт зэрэг халдвар хамгааллын хэрэгслийг Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн үндэсний газрын харьяа Сэргээн засах үндэсний төвд хандивлав. Ингэснээр тус төвд эмчлэгдэж байгаа шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдэд чанартай, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нь хувь нэмэр оруулах боломжтой юм.

Сүүлийн үед Монгол Улсад дотоодын халдварын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа ба үүний дийлэнхийг нийслэл Улаанбаатар хотод гарсан тохиолдлууд эзэлж байна. Улаанбаатар хотын улсын болон хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтнүүдийг хүлээн авч эхэлсэн билээ.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах үндэсний төв ч мөн адил цар тахлын эсрэг тэмцэх үйл хэрэгт нэгдэн оров. Одоогоор тус төв нийт 30 өвчтөний ортойгоор шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтнүүдийг хүлээн авч эмчилж байна.

Тиймээс өвчтнүүдийн амь насыг сахин хамгаалах болон тус төвийн эмнэлгийн мэргэжилтнүүдийг халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардагдах халдвар хамгааллын хэрэгсэл нэн шаардлагатай байв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн үндэсний газрын харьяа Сэргээн засах үндэсний төвийн захирал Б.Өнөрбилэг хэлсэн үгэндээ “Тайваньчууд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтнүүдийн эмчилгээ, үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа 3 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, амьсгалын гуурс, 2000 ширхэг амны хаалт болон бусад халдвар хамгааллын хэрэгслийг хандивласан явдалд гүнээ талархаж байна. Сэргээн засах үндэсний төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмчлэх, нөхөн сэргээхэд эмчилгээний явцад нь дэмжлэг үзүүлдэг мэргэжлийн байгууллага бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг хүлээн авч эмчилж буй явдал нь миний болон манай хамт олны хувьд томоохон сорилт байлаа. Манай хамт олон Тайвань анд нөхдийн маань зүгээс халуун сэтгэлийн хандив хүлээлгэн өгч буй тухай мэдээг нэн талархан хүлээж авсан” хэмээв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс.Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын хүндэрсэн тохиолдлуудын тоо нэмэгдэж, цар тахлын эрсэг тэмцэл өрнүүлж буй энэ цаг үед Тайваньчууд өнгөрсөн онд олон тооны амны хаалт, халдвар хамгааллын хувцас хэрэгсэл Монгол Улсад хандивласан билээ. Тайваньчууд саяхан 150 ширхэг  хүчилтөрөгч үүсгэгч, 500 ширхэг хүчилтөрөгчийн цилиндр зэргийг одоогоор халдварын тархалт хамгийн өндөр байгаа Энэтхэг Улсад хандивлаж, “Тайвань тусалж чадна” /Taiwan Can Help/ гэдгээ батлан харууллаа. Эрүүл мэндийн салбар дахь урт хугацааны түншийн хувьд манай төлөөлөгчийн газар Монгол Улсад ажиллаж амьдарч буй Тайвань иргэдийг вакцинжуулалтанд хамруулахад гүн туслалцаа үзүүлсэн явдалд Монгол Улсын засгийн газарт гүн талархал илэрхийлж байна. Тайвань цаашид ч цар тахлаас урьдчилан сэргийлэх туршлага болон бусад нөөц бололцоогоо хуваалцаж, Монгол Улстай гар нийлэн хамтран ажиллаж, цар тахлыг аль болох богино хугацаанд даван туулахыг эрмэлзэж байна.” гэв.

Тайваньчууд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах үндэсний төвд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтнүүдийн эмчлилгээ, үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа 3 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг хандивлав. Эдгээр хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг тус төвийн захирал Б.Өнөрбилэг хүлээн авлаа. /Зураг дээр баруун гар талаас/

Тайваньчууд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, амьсгалын гуурс, 2000 ширхэг амны хаалт, 8 ширхэг ус буцалгагч  зэрэг халдвар хамгааллын хэрэгслийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах үндэсний төвд хүлээлгэн өгөв.

Эх сурвалж: Тайваний төлөөлөгчийн газар

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button