Нийгмийн

Уриалга: Хайртай бизнесүүдээ дэмжье

            Бид өөрийн мэдэлгүй эргэн тойрныхоо зүйлстэй сэтгэл зүрхээрээ холбогдсон байдаг. Тийм л учраас бидэнд дуртай амттан, тухтай газар, хамт байхад дулаахан хүн, ороод гарахад сэтгэл хөглөдөг газрууд гэж бий. Цар тахлаас үүдэлтэй хөл хорио биднийг хайртай, дуртай бүхнээсээ зайгаа барьж, тийш хүрэх замаас хөлөө тушихаас аргагүйд хүргэв. Дэлхий ертөнцөөс гэрийнхээ цонхоор тусгаарлагдсан уйтай өдрүүд бидэнд урьд өмнө төдийлөн анзаарч байгаагүй бодлуудаа эргэцүүлэх хугацаа ч өглөө. Хэрвээ намайг тухтай байлгадаг, надад урам зориг эрч хүч өгдөг, намайг хөглөдөг хайртай бизнесүүд маань үүдээ барьчихвал яах бол?..

            “Бидний хайртай бизнесүүд” уриалгын хүрээнд бид “reverse psychology” техник ашиглан бидний үйлчлүүлэх дуртай газрууд хаалгаа барьчихвал яах вэ хэмээн нухацтай бодоосой хэмээн хүсэв. R.O.C-ийн кофе, “Gold’s Gym”-ийн фитнесс, BRB, “Matrix”, “Faro”-гийн үйлчилгээ, “Lhamour”-ийн бүтээгдэхүүн, “Интерном”-ын бүтээлүүд, “Sweet Kitchen”-ийн амтат бялуу бидний амьдралаас байхгүй болчихвол хэчнээн гунигтай байх талаар эргэцүүлж нэг үзэхийг санал болголоо. Эдгээр бизнесийг хэрхэн эхлүүлж, тэдний ард байгаа багийнхан ямар их хичээл зүтгэл, сэтгэл гарган өдийг хүртэл хөгжүүлж, ямар амжилтад хүрээд байгааг ч бид нийтлэлээрээ дамжуулан хүргэсэн. Бидний амьдралын хором мөчүүдийг хамтдаа бүтээлцэж буй эдгээр бизнесүүдийн тухай илүү ихийг та мэдэж, хайрлах шалтгаан тэр тоогоор нэмэгдсэн болов уу.

            Бид нийтлэл бүрийг “дуустал нь уншаарай” хэмээн уншигчдаас хүссэн. Зарим нь зөвхөн гарчгийг хараад эдгээр газрууд үнэхээр хаалга барьсан хэмээн ойлгон гомдож, эгдүүцсэн бол нээрэн ийм зүйл болбол яах билээ, хөл хорио нээгдэхээр хайртай бизнесүүдээ бүх боломжоороо дэмжих юм шүү гэсэн сэтгэгдэл дийлэнх нь байлаа. Эерэг, сөрөг хандлага бүрийн цаана хайртай бизнесүүдээ гэсэн халуун сэтгэл мэдрэгдэж байсан нь хамгийн таатай байлаа.

Дэлхийн банкнаас цар тахалтай холбоотойгоор Монголын бизнесүүдийн дунд хийсэн судалгаагаар 2021 оны байдлаар судалгаанд оролцосон 360 компанийн 99 хувь нь бэлэн мөнгөний хомстолд орсон бол 90 хувь нь бэлтгэн нийлүүлэгчдээ төлөх төлбөрөө долоо болон түүнээс дээш хугацаагаар хойшлуулаад байгаа аж. Мөн хамгийн харамсалтай нь судалгаанд оролцсон компаниудын 27 хувь нь удаан хугацаанд алдагдал хүлээхгүйн тулд хаалгаа бүрмөсөн барьж, бизнесээ зогсоосон баримт байна. Энэ бол бодит эрсдэл, бизнесүүд үнэхээр хүнд хэцүү цаг үеийг туулж байгаагийн тод жишээ билээ.

            Хөл хорионы үеэр үйл ажиллагаагаа түр зогсоохоос аргагүйд хүрсэн бизнесүүд үе шаттайгаар үйлчилгээгээ нээж эхэлж байна. Тэдэнд яг одоо та бидний дэмжлэг хамгийн их хэрэгтэй үе нь. Зөвхөн үйлчилгээг нь аваад зогсохгүй бусдадаа уриалж, мэдээллийг нь хуваалцаж, санал болгох нь та биднээс их зүйл шаардахгүй боловч хайртай бизнесүүдэд маань хамгийн хэрэгтэй дэмжлэг болно. Ийм учраас Simple дэх найзууд нь та бүхнийг хайртай бизнесүүдээ энэ хүнд хэцүү цагт чадахаараа дэмжээрэй гэж уриалж байгаа юм.

            Бидний уриалгыг хүлээж авсан дээрх найман газар төдийгүй таньд эрч хүч өгч, урам зориг хайрлаж, халуун дулаан мэдрэмж төрүүлдэг тэр л бизнесүүдээ чадахаараа дэмжээрэй. “Simple” тавдугаар сарын турш өөрсдийн фэйсбүүк хуудсыг бизнесүүдийг дэмжих hub болгон, таны хайртай бизнесүүдийн мэдээлэл, үйлчилгээг хуваалцаж, сурталчлан түгээх болно.

Та ч бас өөрийн үйлчлүүлэх дуртай газруудаа дэмжээрэй. Simple Business

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button