УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

ГАЖ ТОГТОЛЦОО: Баячуул нь банкны бага хүүтэйг хүртэж, ядуус нь ББСБ-ын өндөр хүүнд мөлжүүлдэг

Банк бус санхүүгийн байгууллагуудын зээл өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар өсөж, 1.4 их наяд төгрөгт хүрсэн тухай СЗХ-ноос мэдэгдэв. Зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.4 дахин өсөж, 610 мянгад хүрсэн байна. Үүний 85.3 хувийг иргэдийн зээл эзэлж байгаа бол 14.7 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж буй аж.

Өөрөөр хэлбэл дээрх тоон мэдээлэл, “ковид-19”-ийн цар тахалтай хүнд үед банкнаас авах зээл буурч, ББСБ-аас авах зээл өссөн гэсэн үзүүлэлт.

Өнөөдөр нэг, хоёр сая төгрөгийг зээл авч чадахгүй ББСБ-аас өдрийн 3, жилийн 50 хувийн хүүтэй зээл авч байгаа иргэд олон байна гэсэн үг. Ийм өндөр хүүтэй ББСБ-аас мөнгөтэй БОЛОМЖТОЙ нь биш өдрийн хоолоо яаая гэж байгаа БОЛОМЖГҮЙ иргэд л зээл авдаг нь бодит үнэн. Монголд баячуул нь банкны бага хүүиэй зээл хүртэж, боломжгүй ядуу нь банкны шаардлага хангахгүй гэх үндэслэлээр ББСБ-ын өндөр хүүнд мөлжүүлдэг гаж тогтолцоо нутагшаад удаж байгаа.

Харин албаныхан ББСБ-аас иргэд зээл авах нь нэмэгдэж байгааг их л өөдрөгөөр тайлбарлаж. Тэд “мэдээллийн технологид суурилсан үйлчилгээ нэвтэрч эхэлсэн явдал нь ББСБ-ын зээл нэмэгдэхэд нөлөөлсөн” гэж онцолж байгаа. Нэг ёсондоо “ББСБ хөгжөөд байгаа, сайн” гэж хэлж байгаа юм л даа.

Гэвч ББСБ хөгжлөө гээд хүү нь буурлаа гэсэн үг биш. Хөгжсөн ч өндөр хүүтэй, хөгжөөгүй ч өндөр хүүтэй. Ямар ч тохиолдолд иргэдээ мөлжиж л байх.

ББСБ гэх өндөр хүүтэй мөлжигчийн цаана УИХ-ын гишүүд, төрийн өндөр дээд албан тушаалтай хүмүүс хумсаа нуугаад сууж байдаг. Учир мэдэх эдийн засагчид жилийн 3-4 хувийн хүүтэй зээлийг томчууд нь авч ББСБ-ыг санхүүжүүлж 50-60 хувийн хүүтэй болгон мөнгө угаадаг гэж шүүмжилдэг нь үнэн билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button