НИЙГЭМНийгэм мэдээ

ББСБ-уудын сарын зээлийн хүү 4.5 хувиас хэтэрвэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр хэрэгжиж эхэллээ

Монгол Улсад банк бусын зээлгүй хүн "нүдний гэм" болоод нэлээд жил болж байна. Ингэж хэлсний учир "Өнгөрсөн онд Банк бус санхүүгийн байгууллага болон цахим зээлийн аппликейшний давхардсан тоогоор тооцсон харилцагчийн тоо 4.1 саяд хүрсэн" гэх албан мэдээ байна. Өнөөдөр дундаж амьдралтай гэр бүлийн нэг гишүүн ББСБ-ын зээлтэй. Өөрөөр хэлбэл, зээлээс зээлийн хооронд, цалингаа буухаар банк бусын зээлээ төлөөд ахин зээл авдаг систем. Үнэн хэрэгтээ иргэдийн амьдрал өнөөдөр ийм л байгаа.

ББСБ-ууд бол шуудхан хэлэхэд "мөнгө хүүлэгчид". Тэд иргэдэд өндөр хүүтэй мөнгө зээлдэг ашгийн төлөө байгууллага. Угтаа 2025 онд ББСБ-ууд сарын зээлийн хүүг 4.5 хувиас хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл санхүүгийн зохицуулах хорооны хийсэн хяналт шалгалтаар технологид суурилсан, аппликейшнээр дамжуулан зээл олгодог зарим байгууллага хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн буюу сарын есөн хувийн хүүтэй зээл олгосон зөрчил илэрчээ.

Ахин нэг тоо дурдвал Монголд нийт 519 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулж байгаагаас 80 орчим финтек ББСБ цахим болон гар утасны аппликейшнээр дамжуулан санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй. Хачирхалтай нь аппликейшнээр дамжуулан зээл авдаг иргэд давхардсан тоогоор 3.2 саяд хүрээд буй юм. Нэг ёсондоо иргэдэд зээл авах хэрэгцээ байгаа учраас 500 гаруй ББСБ амжилттай ажиллаж, сарын есөн хувийн хүүтэй мөнгө зээлж оршин тогтнож байна.

Мэдээж эдгээрийг цэгцлэх цаг болсон. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн сарын 21-ний өдрийн хуралдаанаараа ББСБ-уудын зээлийн хүүг 4,5 хэтрүүлэхгүй байх мөн нэмэлт шимтгэл, хураамжийг зохицуулах арга хэмжээг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргасан юм. Улмаар тус шийдвэр өчигдрөөс буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг шийдвэрийг зөрчсөн ББСБ-уудад хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болжээ.

Түүнчлэн ББСБ-ууд зээл олгох болон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах бүрдээ холбогдох мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бодит цагийн горимоор бүрэн, шуурхай нийлүүлдэггүйгээс иргэд хэд хэдэн аппликейшнээс зэрэг зээл авах тохиолдол гардаг аж. Үүний "балагаар" өнөөдөр 463 мянган иргэн давхар зээлтэй байна. Иймд зээлийн давхардлыг бууруулах зорилгоор ББСБ-уудыг зээл олгох бүрдээ холбогдох мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бодит цагийн горимоор бүрэн, шуурхай нийлүүлж байхыг үүрэг болгосон байна.

Ташрамд дурдахад, 2026 оны есдүгээр сарын байдлаар 812 мянган хүн ББСБ-аас зээл авсан бөгөөд нийт зээлийн үлдэгдэл 8.9 их наяд төгрөг болжээ. Нийт зээлдэгчдийн 93 орчим хувь нь цахим зээл ашиглаж байгаа бол зээлийн нийт үлдэгдлийн 30 орчим хувийг цахим зээл эзэлж буй юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button