ВИДЕО КОНТЕНТНийгмийнЯрилцлага

АМЬДРАЛЫН НОМ | Гомбожавын Мэнд-Ооёо: Ээж минь алтан номын үсгийг гишгэж болохгүй хэмээн сонины тасархайг ч галд өргөдөг байсан

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Бид энэ удаа Чингис хаан одонт, МУСГЗ, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёог урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.

Түүний нэрлэсэн гурван ном

  • “Өлзий хутаг” судар
  • “1001 шөнийн үлгэр”
  • Махатма Гандийн “Миний намтар”

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Түүх ярих болох нь. Би Монголын дорнод хээр талд нүүдэлчин, малчин айлын гэр бүлд төрсөн. Манай гэрийн хойморт ганцхан л ном байсан. Тэр ном намайг төрөхөд л байсан байх. Харин би мэдээ орсноосоо хойш тэр шар баринтагтай судрыг олж харсан. Шинэ нутагт буусны дараа ээж маань тэр судар номыг бариад хот хороогоо эргэж, орой болгон гэрээ гурав тойрч, тотгон дээр адислан, гэрт байгаа хүмүүсийн магнай дээр бас адис өгөөд хоймортоо залдаг байсан. Ямар ном болохыг нь би огт мэдэхгүй ч ном гэдэг агуу их хүндтэй зүйл юм байна. Хойморт заларч байх ёстой юм байна гэдгийг тэгэхэд ойлгосон.

Ээж минь сонины тасархай байсан ч алтан номын үсгийг гишгэж болохгүй гээд галдаа өргөдөг байсан. Нэг удаа ээж шар торгоор нэг их сайхан баринтаг оёод тэр номоо баринтагласан юм. Харин тэр өдөр аав өнөөх судрыг задалж, бага үдийн наран дор хуудас, хуудсаар нь эргүүлж байлаа.

Тухайн үед аав бид хоёрын дунд ийм нэгэн яриа болж өнгөрсөн юм.

-Энэ ямар ном юм бол. Юун тухай гардаг юм бэ?

-“Өлзий хутаг” гэдэг судар юмаа.

-Аав та тэгээд энэ номыг уншиж байгаа юм уу?

-Аав нь уншиж мэдэхгүй ээ. Миний мэдэхгүй номын үсгээр байгаа юм аа.

-Тэгээд та яагаад уншаад байгаа юм шиг бүх хуудсыг нь нээж хараад байгаа юм?

-Нар, тэнгэр, огторгуй энэ судрыг хараад уншиж байгаа. Энэ ном байгаа газарт, энэ номыг уншсан, нээсэн газарт “Өлзий хутаг” оршино гэсэн утгатай юм билээ гэв.

Харин хожим аавын минь бие чилээрхэж, хот хүрээ бараадаж ирэхдээ энэ судраа манай гэрийн хойморт залсан даа. Тэгээд “Намайг бурхан болохын цагт магнай дээр минь адис өгөөрэй” гэж хэлсэн. Тэр ёсоор нь ч болгосон. Одоо энэ судар миний номын сангийн хамгийн дээр байдаг.  

Одоо харин надад нөлөө үзүүлсэн хоёр дахь номыг нэрлэе. Хөдөөний сургуулийн хүүхдэд ном бараг л олдохгүй. Намайг дөрөвдүгээр анги төгссөн жил сумын хоршоонд хэдэн шинэ ном ирсэн юм. Хамаг задгай мөнгөө цуглуулаад нэг их гоё зурагтай, хатуу хавтастай “1001 шөнийн үлгэр” гэх номыг хараад худалдаж авсан. Тэгээд зунжин тэр номоо ноолсон. Амьдралын эрээн бараан, сайн, муу, сайхан, муухай гээд бүх юмны тухай ном байсан. Зарим газар нь хүүхэд уншихад ичмээр юм бий ч ичмээр газарт нь буруу харчхаад, уйлмаар газарт нь сэмхэн уйлчхаад уншиж, дуусгасан.

Харин надад нөлөөлсөн гурав дахь ном бол Махатма Гандийн “Миний намтар”. Энэ ном бол 1970-аад онд орчуулагдаж гарсан.

-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн уг номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ?

-“Миний намтар”-ыг их сургуулийн төгсөх ангийн оюутан байхдаа уншиж байсан. Залуу насандаа өөрийгөө олох гээд явж байхдаа энэ номыг уншиж, нөхөрлөсөн. Ёстой нэг салж хагацалгүй уншсан даа. Энэ номыг уншиж байхад маш олон чухал үг, санаануудтай таардаг. Тиймдээ ч уншиж эхэлсэн цагаасаа өөрийгөө хөгжүүлэх бичмэл судрыг хийдэг болсон. Өөрөөр хэлбэл, уншсан номоосоо онч мэргэн үг, өгүүлбэрийг нь түүж бичиж, түүнийгээ “оюуны эрхи” гэж нэрлэсэн. Түүнийгээ үе, үе гаргаж уншин, өөрийнхөө оюун санааг дасгалжуулдаг байсан.

-Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-“Өлзий хутаг” судрыг ямар утга учиртайг нь нэлээд хожуу олж мэдсэн. Төвд хэл оролдож үзээд толь ашиглаж байгаад унших гэж үзсэн. Бурхан багш шавийнхаа хүсэлтээр айлдсан судар юм билээ. Энэ судар намайг номонд дуртай, хайртай болгосон. Мөн ном бол өөрийнхөө утга санааг байнга илэрхийлж, нээнгүүт утга санаагаа хүний оюун санаа руу цацраадаг юм байна гэдгийг надад ойлгуулсан.

Харин их эрдэмтэн Б.Ренчин, агуу их орчуулагч С.Бадраа нарын орчуулсан “1001 шөнийн үлгэр”-ийн орчуулгын хэл хэмнэл миний зохиол бүтээлийн хэл найруулгад ч гэсэн нөлөөлж, надад асар их юмыг суулгаж үлдээсэн гэж боддог. “Миний намтар” номоос бол хүн болгон оюун санааны тусгаар тогтнолд хүрэх хэрэгтэйг ойлгосон.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-“Миний намтар” номоос эшлэл хэлье.

“Эх орондоо хүчин зүтгэх нь гавьяа биш. Энэ бол эх үрсийн элбэрлийн хүрээнд л хийж байгаа үйл хэрэг юм” гэж бичсэн байдаг. Мөн Ганди “Би амьдралынхаа олон талт туршлагаар үнэнээс өөр ямар ч бурхан байхгүй гэж итгэлээ” хэмээн номын төгсгөлд дуу алдан хэлсэн нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн.

-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Багш, доктор, нэрт эрдэмтэн С.Дуламыг урьж байна. С.Дулам бол Монголын бэлгэдэл, уламжлал, ялангуяа дорно дахины утга зохиолыг маш сайн судалсан хүн. Тиймдээ ч өгөөжтэй юм ярих байх.


ӨМНӨХ КОНТЕНТ: Д.Болдбаатар

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-23 11:07

????

Холбоотой мэдээ

Back to top button