ДЭЛХИЙ

Энэтхэгт эмнэлгийн бохир хэрэгслүүдээс болж хар мөөгөнцөр тархаж байна уу

Энэтхэгт “КОВИД-19”-өөс гадна өөр нэгэн тахал дэгдээд байгаа юм. Тус улсад 8800 гаруй хүн аюултай хар мөөгөнцрийн халдвар авсан. Энгийн үед Энэтхэг улс даяар жилдээ 20 хүрэхгүй мукормикозын тохиолдол бүртгэж авдаг.Энэхүү ховор халдварын улмаас мукормикоз нэртэй аюулт өвчин үүсдэг бөгөөд туссан хүмүүсийн нас баралт 50 хувьтай байдаг аж. Сүүлийн саруудад Энэтхэгт “КОВИД-19” тусаад эдгэсэн мянга мянган хүмүүс энэхүү ховор төрлийн халдварыг авах болжээ.

Энэхүү өвчин нь хүн эсвэл амьтнаас хүнд дамждаггүй. Харин хүрээлэн буй орчинд тархсан мөөгөнцрийн спороор халдварладаг юм. Мукормикоз нь дархлаа дарангуйлагдсан хүмүүст тохиолддог өвчин. Мэргэжилтнүүд ариун цэвэр сайн хангахгүй байх нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэжээ. Мумбай хотын Хиндужа эмнэлэгт ажилладаг нүдний эмч хэлэхдээ “Хүчилтөрөгчийн баллон болон чийгшүүлэгч хэрэглэхэд ашигладаг гуурс их хэмжээгээр бохирддог. Дархлаа чинь дарангуйлагдсан байхад хүчилтөрөгчийн гуурс удаан хугацаагаар залгуулбал халдвар үүсгэгч биед нэвтрэх боломж нь ихэснэ” хэмээсэн байна. Харин Гандигийн нэрэмжит Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнд ажилладаг СП Калантри хэлэхдээ “Дөрөвдүгээр сарын өмнө ч гэсэн эмнэлгүүд бохир байсан. Яагаад одоо халдварын тохиолдол ихсэж байгааг мэдэхийн тулд эпидемиологийн судалгаа хийх хэрэгтэй” гэсэн аж.

Хар мөөгөнцөр нь амьсгалын замаар тархаж хүний нүүрний бүтцийг элэгдүүлдэг байна. Зарим тохиолдолд эмч нар халдвар өвчтөний тархинд хүрэхээс сэргийлж мөөгөнцөр халдварласан нүдийг нь авахаас өөр аргагүй болдог аж. Халдварласан хүмүүс коронавирусийн халдвар аваад эдгэрснээс хойш 12-оос 18 хоногт өвчин тусаж байгаа аж. Энэтхэгийн баруун бүсэд оршдог Гужарат, Махараштра мужуудад мукормикозын тохиолдлын тал нь бүртгэгдсэн байна. Энэтхэгийн 29 мужид хар мөөгөнцрийн халдварыг тахал болгож зарласан аж. Хар мөөгөнцрийн халдварын улмаас 250 гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж: Al Jazeera, BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button