Жоомны хөдөлгөөнийг үүсгэсэн энэтхэг залуусын эсэргүүцлийн цаадах учир
Энэтхэгт залуусын үүсгэсэн Жоомны хөдөлгөөн үргэлжилж, эсэргүүцлийн жагсаал тэлж байна. Эрх баригчид жагсаалыг дарахын тулд өргөн хүрээтэй арга хэмжээ авч, тус хөдөлгөөний удирдагчид болон сөрөг хүчний улс төрчид зэрэг олон мянган хүнийг баривчилжээ.
Жоомны хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан “Cockroach Janta Party” буюу Жоомны намын тэргүүн Абхижит Дипкэг цагдаа нар өнгөрсөн долоо хоногт баривчилсан юм. Тус намыг анх тоглоом болгон үүсгэсэн ч одоо Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газрыг эсэргүүцсэн томоохон улс төрийн хүчин болж өөрчлөгдсөн. Энэтхэгийн Ерөнхий шүүгч Сурьяа Кант тавдугаар сард нийгмийн идэвхтнүүд болон ажилгүй залуусыг жоом гэж хэлснээс сэдэвлэн тус намыг үүсгэсэн байна.
Цагдаа нар Абхижитээс гадна түүний хамтран зүтгэгч Саурав Дас, Ашутош Ранка нарыг саатуулсан юм. Мөн зүүний үзэл баримтлалтай оюутны бүлгүүдийн гишүүд зэрэг олон мянган жагсагчдыг баривчилжээ.
Абхижит тэргүүтэй хүмүүсийг албаныхан Шинэ Делид газардахад нь баривчилсан аж. Онгоц газардсаны дараа цагдаа нар бүхээгт нэвтэрч буй бичлэгийг Абхижит өөрийн “Instagram” хуудсандаа нийтэлжээ. Цагдаа нар өөрт нь ойртоход тэрбээр “Би баривчлуулах гэж ирсэн. Та нараас айхгүй” гэж хэлсэн байна. Ашутошийн нийтэлсэн өөр нэг бичлэгт Абхижит “Энэ бол дарангуйлал” гэж хэлжээ.
Сөрөг хүчний зарим улс төрч, мужийн засгийн газрыг өмнө нь тэргүүлж байсан хүмүүсийг ч албаныхан баривчилсан байна. Тэдний дунд Баруун Бенгал мужийн ерөнхий сайд асан Мамата Банержи, Дели хотын ерөнхий сайд асан Арвинд Кежривал, Керала мужийн ерөнхий сайд асан Пинарайи Виджаян нар багтсан юм.
Жагсаалын үеэр Энэтхэгийн цагдаа нар “Scroll.in”, “Newslaundry” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын хэд хэдэн сэтгүүлчийг саатуулжээ. Тэднийг сулласан ч саатуулах үеэр зарим сэтгүүлчийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хураан авсан гэж “Newslaundry” мэдээлсэн байна.

Цагдаагийн алба ням гарагт мэдэгдэл хийхдээ саатуулсан бүх хүнийг сулласан гэжээ. Учир нь Энэтхэгийн Дээд шүүх тэднийг баривчилсан нь хууль бус гэж үзсэн байна. Жоомны намын удирдагчдыг нэг жилийн хугацаанд нийтийн хэв журмыг алдагдуулахгүй байх нөхцөлтэйгөөр сулласан гэж цагдаагийн алба мэдэгджээ.
Абхижит ням гарагт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модиг дээрэлхэгч хэмээн шүүмжилсэн байна. Тэрбээр өөрийн сошиал хуудас дээрээ “Моди бол ерөнхий сайдын хувьд Энэтхэгийн ичгүүр. Энэ улс хэзээ ч ийм хулчгар, бусдыг дээрэлхэгч удирдагчтай байгаагүй” гэж бичсэн байна. Жоомны намыг хамтран даргалдаг Саурав Дас суллагдсаныхаа дараа цагдаа нар мафийн толгойлогчид шиг ирж, онгоц дотроо тэднийг хулгайлан авч явсан гэж бичсэн юм.
Тохиролцсоны үндсэн дээр залуусын хөдөлгөөний удирдагчдыг сулласан гэж цагдаа нар мэдэгдсэн ч тэд эсэргүүцлээ үргэлжлүүлж, эрх баригчдын шахалтад бууж өгөхгүй гэдгээ илэрхийлжээ.
Саурав өөрийн сошиал хуудастаа “Бид бол залуу үеийнхэн, хариуцлага тооцохыг шаардсаар байх болно. Биднийг айлган сүрдүүлж чадахгүй, дуу хоолойг маань ч хааж чадахгүй. Бид ухрахгүй харин улам хүчтэйгээр эргэн ирнэ” гэж бичжээ. Ням гарагт тус хөдөлгөөний зарим гишүүнийг дахин саатуулсан байна.
Ямар учраас эсэргүүцлийн жагсаал өрнөж байна вэ?
Эсэргүүцлийн жагсаал өрнөх болсон гол шалтгаан нь Энэтхэг сонгууль өгөх боломжтой иргэдийн нэрсийн жагсаалтыг шинэчилж байгаа явдал юм. Сонгуулийн хороо уг ажлыг нас барсан, давхар бүртгэгдсэн болон сонгуульд оролцох эрхгүй хүмүүсийг хасах зорилготой, тогтмол хийгддэг ажил гэж тайлбарлаж буй.
Одоогоор сонгогчдын жагсаалтаас 130 сая хүний нэрийг хассан байна. Гэвч энэ жил хэд хэдэн мужид маргаан дагуулж, олон арван мянган хүн өөрсдийнх нь нэрийг үндэслэлгүйгээр хассан гэж гомдол гаргажээ.
Жоомны нам болон сөрөг хүчний намууд Сонгуулийн хорооны дарга Гьянеш Кумарыг нэрсийн жагсаалтыг шинэчлэхдээ Ерөнхий сайд Нарендра Модигийн “BJP” намд давуу байдал олгож байна гэж буруутгасан байна. Сонгуулийн хороо болон BJP энэ мэдэгдлийг няцааж байгаа юм.
Харин Энэтхэгийн Indian Express сонины хийсэн шалгалтаар Сонгуулийн хорооны хоёр гишүүн Кумарын гаргасан олон шийдвэрийг эсэргүүцэж байсан нь ил болсны дараа тус улсын хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал өрнөсөн байна.
Энэтхэгийн Сонгуулийн хороо нь Үндсэн хуулиар байгуулагдсан, гурван гишүүнтэй байгууллага бөгөөд шийдвэрээ олонхийн саналаар гаргадаг юм.
Жоомны хөдөлгөөн анх өнгөрсөн зун эрчээ авч, хэдэн долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн. Тус хөдөлгөөний жагсаалд оролцсон залуус Энэтхэгийн боловсролын салбарт шинэчлэл хийж, Боловсролын сайд Дармендра Прадханыг огцрохыг шаардсан юм.
Тодруулбал энэ жилийн анагаах ухааны элсэлтийн шалгалтын материал задарсан нь ил болсон. Материал задарсан тул 2 сая орчим сурагч 130 мянган квотын төлөө дахин хүнд хэцүү шалгалт өгчээ. Уг дуулианы улмаас 20 гаруй хүн амиа егүүтгэсэн гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Жагсагчид үүний улмаас Прадханыг огцрохыг шаардсан билээ.
Таван долоо хоног үргэлжилсэн жагсаалын үр дүнд долоодугаар сард Энэтхэгийн Боловсролын сайд Прадхан огцорсон байдаг.
Эх сурвалж: Al Jazeera, Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.