НИЙГЭМ

“Үнэ өсөхгүй” гэж хүчээр гүрийсэн АМГТГ-ын орлогч дарга сэтгүүлчдийн асуултад бүдрэв

Өнөөдөр /2021.06.11/ шатахууны үнэ маргаашаас эхлэн үе шаттайгаар 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл ил болсон. Нийгэмд ихээхэн хэлэлцэгдсэн. Тэгвэл Засгийн газраас орой шуурхай мэдээлэл хийж, “Үнэ өсөхгүй” гэж механикаар мэдэгдлээ.

Харин АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр сэтгүүлчдийн асуултад тодорхой биш, тойрч хариуллаа. Энэ нь “Үнэ өсөхгүй” чиглэлээр хүчилж хариулах гэснээс үүдэлтэй мэт уншигдав. Асуулт, хариултыг уншигчдад үлдээе.

-Шатахуун импортлогч ААН-үүд үнээ өсгөх албан тоот явуулсан байсан. Та бүхэн тэдэнтэй тохиролцчихов уу, эсвэл энэ мэдээлэл анхнаасаа худлаа байсан гэсэн үг үү?

-Бид хуулийн дагуу шатахууны үнийг хянаж байдаг. Шууд механикаар үнэ өсөхгүй гэж байгаа юм биш. А92 бензин иргэдийн хэрэглээний 33 орчим хувийг эзэлдэг. Цар тахлын хүнд үе учраас иргэдийг вакцины хоёр дахь тундаа 60-70 хувь хамрагдтал үнийг өсгөхгүй. Гол нь шатахууны улсын нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлж байгаа.

-Тодруулж асууя. 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг бол үгүйсгэлээ. Тэгэхээр 10 юм уу, 20 төгрөгөөр нэмэгдэх үү. Эсвэл ор нэмэгдэхгүй гэдгийг эцэслэж өгөөч?

-Маргааш үнэ нэмэгдэхгүй.

-ААН-үүд үнээ нэмбэл яах юм бэ?

-ААН-үүд тодорхой хэмжээнд үнийн өсөлт явуулах юм бол газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна. Харьцангуй манай ААН-үүд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч шийдвэр гарган ажиллаж байдаг. Ийм ч учраас сүүлийн хагас жил дэлхийн зах зээл дээр үнэ нь өсөж байхад энд тогтвортой барьж ирлээ.

-Маргааш нэмэгдэхгүй гэлээ. Магадгүй сарын дараа үнэ нэмэгдэх эрсдэл байгаа юу. Засгийн газар бол арга хэмжээ авч байгаа юм байна гэж ойлголоо?

-Манайх үйлдвэрлэгч улс биш. Дэлхийн зах зээл дээрх үнэ шууд хамаарч байдаг. ААН-үүд ашгийн төлөө байгууллага. Төрийн зүгээс тодорхой тогтвортой бодлого явуулдаг. Тэгэхээр иргэдийн 60-аас дээш хувь вакцинаа хийлгэх хүртэл энэ бодлогыг барьж, хэрэгжүүлж ажиллана. Зургадугаар сарын сүүл гэхэд гайгүй болчих болов уу гэж бид хартал иргэдийн идэвх сул байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Иргэд вакцин хийлгэхгүй байв#### дээр юм байна шүү. 60-аас дээш хувь нь вакцин хийлгэчихвэл бeнзиний үнэ өснө гэнэ шүү цаана чинь.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button