НИЙГЭМ

“IELTS-600” төслийн хамтын ажиллагааны “санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол боллоо

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачлагаар хэрэгжүүлж буй “IELTS-600” төслийн хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурах, сурагчдад батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын англи хэлний мэдлэг чавдарыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг 100 их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах үүд хаалгыг нээж өгөх зорилгоор дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор гаргасан “Боловсрол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн “Сантис боловсролын төв”-тэй хамтран ажиллаж буй юм.

Өнөөдрийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, дүүргийн Засаг даргын орлогч Т.Вандандорж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, СХД-ийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ болон “Сантис боловсролын төв”-ийн дэд захирал Н.Туяа, боловсролын зөвлөх Ноён Энтони Миллер, менежер Г.Буянхишиг болон Ерөнхий боловсролын сургуулиудын захирлууд, шалгаруулалтад тэнцсэн сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Төслийн гол ач холбогдол нь шалгарсан 25 сурагч өөрсдийн хүссэн мэргэжлээрээ олон улсын их дээд сургуулиудад элсэн ороход туслах юм. Иймд хоёр жилийн дараа үр дүн харагдах энэхүү төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, бидний ирээдүй болсон хүүхдүүдийнхээ амьдралын гарааг зөв эхлүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Энэ бүхэнд сургуулийн удирдлага, багш хамт олон, эцэг эхчүүд, суралцагч та бүхний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, хамтын оролцоо нэн чухал” гэдгийг тодотгон хэллээ.

Төслийн эхний шатанд сургууль бүрээс шалгаран ирсэн 63 сурагчдын дунд англи хэлний түвшин тогтоох шалгаруулалтыг 6-р сарын 3-ны өдөр 143 дугаар сургууль дээр зохион байгуулсан.
Шалгаруулалтад тэнцсэн 25 сурагч хоёр жилийн хугацаанд “Сантис” боловсролын төвд үнэ төлбөргүй суралцах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button