ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Дэлхийн залуучуудын ур чадварын өдөр

Жил бүрийн долдугаар сарын 15-ны өдөр НҮБ-ын олон улсын өдрүүдийн нэг болох Дэлхийн залуучуудын ур чадварын өдрийг НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас 2014 оны 12 дугаар сард (тогтоол A/RES/69/145) тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг. Эл өдрийг Дэлхийн өнцөг булан бүрт чухал ач холбогдолтойгоор тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн түүхтэй. Залуучуудын хөгжлийн ур чадвар, залуучуудын ажилгүйдэл, түүний тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нийгэм, эдийн засгийн нөхцөлийг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийх зэрэг чухал асуудлуудыг авч хэлэлцдэг уламжлалтай.

Түүнчлэн энэ өдөр бол нийгмийн тогтвортой хөгжил дэвшил дэх залуучуудын оролцоо, залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтэд хөрөнгө оруулах зайлшгүй шаардлагатайг сануулах зорилготой. Энэ өдрийг Дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх санаачилгыг анх НҮБ дахь Шри Ланк улсын төлөөлөгчид гаргасан байдаг. Тэд НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит хуралдаан дээр залуучуудын ажилгүйдлийн өсөлт, цар хүрээний талаар санаа зовж байгаагаа илэрхийлж байсан.

Өнөөдөр дэлхий дээр 15-24 насны 1,2 тэрбум залуучууд байгаа нь Дэлхийн хүн амын 16 хувийг эзэлж байна. Тогтвортой хөгжилд залуучуудын идэвхитэй оролцоо нь уян хатан, хүртээмжтэй байснаараа Дэлхийд илүү уян хатан нийгмийг цогцлоож, цаашлаад уур амьсгалын өөрчлөлт, ажилгүйдэл, ядуурал, жендэрийн тэгш бус байдал, улс орнуудын зөрчилдөөн, цагаачлал зэрэг нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгаж, тогтвортой хөгжилд чөдөр тушаа болсон томоохон аюул, бэрхшээлийг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Коронавирусийн цар тахлаар Дэлхийн хөдөлмөрийн зах зээл маш өртөж, хүнд сорилтыг туулж байна: Коронавирус нь олон сая хүнийг ажилгүй болгож, Дэлхийн эдийн засаг их наяд америк доллараар тооцогдох алдагдлыг хүлээж эхэллээ. Ялангуяа, цар тахлын улмаас залуучууд хамгийн ихээр нэрвэгдэж байгаа нь бодит байдал. Учир нь, залуучууд гол төлөв цар тахлын улмаас алдагдал хүлээж дампуурсан салбаруудад ажиллаж байсантай холбоотой. Шинжээчид, мэргэжилтнүүд өнөөгийн залуучуудыг “орхигдож буй үеийнхэн” гэж нэрлэх дээрээ тулаад байгаа нь “эмгэнэлтэй” боловч үнэн.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)-аас мөн л коронавируст цар тахал Дэлхийн хөдөлмөрийн зах зээлд асар их хүнд цохилт өгсөн хэмээн дүгнэсэн. Дэлхий ертөнц урьд хожид байгаагүй өргөн цар хүрээтэй ажилгүйдэлтэй нүүр тулж байгаа юм. Өнгөрсөн 2020 онд 114 сая хүн ажилгүй байсан ба Дэлхийн эдийн засгийн хувьд энэ нь 3,7 их наяд америк доллар (ДНБ-ний 4,4 хувь)-ын алдагдалд оруулсан. ОУХБ нь залуучуудын ажилгүйдлийн асуудалд анхаарал хандуулж, Дэлхийн хэмжээнд дунджаар 2020 онд 15-24 насны залуучуудын 8,7 хувь, харин ахмад хүмүүсийн 3,7 хувь нь ажилгүй болсныг онцолж эхэлсэн.

Түүгээр ч үл барам, цар тахлын нөлөө нийгэмд жигд бусаар нөлөөлж байгааг эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол цар тахалд харьцангуй бага “нэрвэгдэж” байгаагаас харж болно. Эмэгтэйчүүд илүү олноороо цомхотголд хамрагдаж, ажлаас халагдаж эхэлсэн нь хүүхдүүдтэй холбоотой. Учир нь, цар тахлын нөлөөгөөр сургууль, цэцэрлэг гээд боловсролын байгууллагууд хөл хорионд орсноор хүүхдүүд гэрээр хүмүүжих болсонтой шууд холбоотой. Тиймээс эмэгтэйчүүд ажлаасаа гарах амьдралын зайлшгүй шаардлагатай тулгарч эхэлсэн.

Эмэгтэйчүүдийн дунд ажилгүйдлийн түвшин цар тахлын үед нийт ажилгүйдлийн түвшингээс хурдацтай өссөн гэж “PwC” олон улсын аудитын сүлжээний мэргэжилтнүүд онцоллоо. Үүнтэй ижил дүгнэлтийг өмнө “Блүүмберг” гаргасан байна. Аялал жуулчлал, нийтийн хоол зэрэг эдийн засгийн хамгийн их хохирол амссан салбарт эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд хөдөлмөр эрхэлж байдагийг дурьджээ.

Өөр нэг чухал зүйл бол залуучуудад санал болгож буй ажлын байрны тоо байнга буурч, хөдөлмөрийн зах зээл дэх тэгш бус байдлын түвшин нэмэгдсээр байгаа юм. Дэлхийн таван залуу тутмын нэг нь эрхэлсэн тодорхой ажилтай байгаа ч нэн ядуу амьдарч байна. Түүнчлэн, таван залуу хүн тутмын нэг нь боловсрол эзэмших боломжгүй байдаг аж. Залуучуудын ажилгүйдлийн асуудал нь хөгжиж буй орнуудад хамгийн ихээр хурцаар тавигддаг. Нөгөөтэйгүүр, аж үйлдвэржсэн улс орнуудын хувьд арай дээр үзүүлэлттэй байдаг ч ажилгүйдлийг бүрмөсөн арилгаж чадахгүй хэвээр байгаа юм.

Хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөж, залуучууд шинэ нөхцөлд байнга дасан зохицож, эрэлт хэрэгцээтэй ур чадварыг эзэмшиж байх хэрэгтэй. Тиймээс тэдний мэдлэгийг дээшлүүлж, ур чадварыг нь хөгжүүлж, боловсрол олгох, сургах нь залуу хүмүүсийн хөдөлмөрийн зах зээл дэх амжилтын гол хүчин зүйл болно. Энэ нь нийгмийн “эрч хүч”-ийг илэрхийлэх чухал үзүүлэлт болж өгдөг жамтай. Харамсалтай нь одоогийн мөрдөгдөж буй системүүд залуучуудын боловсролын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа нь харамсалтай.

Тиймээс залуучуудад чиглэсэн мэргэжлийн сургалт, хөдөлмөр эрхлэлтийн талаар НҮБ-аас “2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-төө тусад нь тусгаж өгсөн. Залуучуудын ажилгүйдлийн талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, залуучуудад ажил олоход нь туслах гол хэрэгсэл болох ур чадварыг хөгжүүлэх, мэдлэгийг дээшлүүлэх, залуучуудын нийгэм, эдийн засгийн орчин нөхцөлийг сайжруулахын төлөө тэмцэх зорилгоор долдугаар сарын 15-ны өдрийг Дэлхийн Залуучуудын ур чадварын өдөр болгон тэмдэглэдэг болсон юм.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн гишүүн орнууд, НҮБ-ын байгууллагууд болон бусад олон улсын болон орон нутгийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудыг үндэсний тэргүүлэх чиглэлийг харгалзан үзэж эл өдрийг зохих ёсоор тэмдэглэхийг уриалсаар ирсэн. Дэлхийн Залуучуудын ур чадварын өдрөөр янз бүрийн кампанит ажил, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах замаар залуучуудад анхаарлаа хандуулж, эн тэмдэглэлт өдрийг сурталчилан таниулдаг. 

Мэргэжлийн сургалт, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудалд зориулсан бага хурал, боловсролын лекц, сургалт семинарыг уламжлал болгон хэд хэдэн улс оронд зохион байгуулдаг.

Оюутан сурагчдын сэдэвчилсэн хичээл, үзэсгэлэнг боловсролын байгууллагууд зохион байгуулдаг. Түүнчлэн, ашгийн бус янз бүрийн сангууд нийгмийн хүрээнд төслүүдэд хөрөнгө босгож ажилладаг.

Хамгийн сүүлийн үеийн нэг кампанит ажлаас дурьдвал “тренд” болоод байгаа хөдөлгөөн бол “WorldSkills” хөдөлгөөн. Энэ нь чадварлаг, 22-оос доош насны залууст зориулсан хөдөлгөөн. Уг хөдөлгөөнөөр залуу ажлын байрнаасаа зургаа интернэтэд байршуулдаг байх жишээтэй. Энэ бол зөвхөн ур чадвар, амжилтыг нь сурталчилж буй хэрэг биш юм.

Нэмж дурьдахад, “WorldSkills” хөдөлгөөн нь залуус болон тэдний эцэг эхчүүдийн дунд мэргэжлийн дунд боловсролын тогтолцооны орчин үеийн ажил мэргэжил, байгууллагуудад хандах шинэ хандлагыг бий болгодог өргөн цар хүрээг хамарсан “том” хөрөнгө оруулалт болж өгдөгөөрөө онцлогтой.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x