Хэрлэн голыг гатлах явцдаа живсэн малчны цогцсыг олжээ

Өнгөрөгч наадмын амралтын өдрүүдэд усны ослоор 29 иргэн амиа алдсан тухай мэдээллийг онцгой байдлын ерөнхий газраас мэдээлээд буй. Улмаар живсэн иргэдийн цогцсыг эрэн, хайх ажиллагаа өдгөө үргэлжилж байна. Булган болон Хэнтий аймгуудад осолдсон хоёр иргэний цогцсыг олж аймгийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.
Тодруулбал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Нуга” гэдэг газар 13 хүн Эг-ийн голын эрэгт зугаалж байснаас нэг хүн голд сэрүүцэхээр ороод живсэн байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, тус сум дах Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн Орхон аймгийн харьяат иргэн 23 настай Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, талийгаачийн цогцсыг осолдсон газраас зүүн зүгт 30 км-т Эгийн голын усны мандалд хөвж байсныг олж, Сэлэнгэ сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цант багийн “Хаяаны дэрс” гэдэг газар 29 настай иргэн Г явганаар үхэр тууж “Хэрлэн” голыг гатлах явцдаа живсэн байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн талийгаачийн цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, осолдсон газраас зүүн хойд зүгт 3 км-т “Хэрлэн” голын усны мандалд хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.