СЗХ: Даатгалын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй компани иргэдийг залилж байна

Санхүүгийн зохицуулах хорооноос цахим орчинд “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгон, иргэдээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж, тодорхой хугацааны дараа хоёр дахин үржүүлж өгнө гэх хууран мэхлэлт, залилангийн шинж чанартай ажлыг тодорхой нэр бүхий этгээдийн зүгээс зохион байгуулж байж болзошгүйг сэрэмжлүүлж байна.
Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “... Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын ажиллагаа эрхлэхийг хориглоно”, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд “даатгал”, эсхүл “даатгал” гэсэн үгний төрөл үг хэрэглэх, даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа, эсхүл уг ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авсан сэтгэгдэл төрүүлэхүйц нэр томъёо ашиглах болон тэдгээртэй адилтгах бусад үйлдэл хийхийг хориглоно” гэж тус тус заасан байдаг.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй аливаа этгээдтэй даатгалын гэрээ байгуулж, хураамж, шимтгэл, төлбөр төлөх болон иргэдээс татсан мөнгөн хөрөнгийг хоёр дахин үржүүлж өгөх зэргээр өндөр хүү, өгөөж, үр шим амласан амлалтад залилуулж, хууран мэхлүүлэх эрсдэлтэй тул иргэд, олон нийтийн зүгээс дээрх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг авахын өмнө тухайн байгууллагын оноосон нэр, эрхлэх үйл ажиллагаа нь эрх бүхий байгууллагаас өгсөн зөвшөөрөлтэй эсэхийг нягталж, өөрт учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал байна.
Иргэд, олон нийтийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагчдын мэдээллийг энэ холбоосоор нэвтэрч танилцана уу.
Мөн дээр дурдсан асуудлаар өргөдөл гомдол, хүсэлт, мэдээллийг Хорооны цахим хуудас-аар болон 51-266420, 51-261275 дугаарт хандан гаргах боломжтой болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.