Сурвалжилга, Нийтлэл

“С.Амарсайхан+изм” ба хот тойрсон улс төр

 Хотын дарга С.Амарсайхан ажлаа авангуутаа НЗТГ-ыг иргэдийн хүсэл, сэтгэлд нийцсэн байдлаар жигтэйхэн хөнгөн, шуурхай ажиллах болно гэх утга бүхий мэдэгдэл хийж байв. Гэвч тэр даруйдаа  Нийслэлийн харьяа байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийсэн тул баахан газрын тамга, тэмдэг, албан бланк өөрчлөгдөх шаардлага гарсан юм.

Саяхан нэг бизнесментэй уулзахад “Нийслэлээс  бичиг цаасан дээр тамга тэмдэг дарах ажил маш удаан гацаж, хүлээгдэж байна” гэж байв. Ингэж л хотын даргын хэлсэн нь хийснээсээ зөрсөн байдлаар ажлаа эхлүүлсэн. Өнөө хэр цэгцэрсэн юм алга.

Энэ хооронд хотын дарга С.Амарсайхан баахан халаа сэлгээ хийж, тэдгээр нь эргүүлээд түүнийг шүүхэд өгч, “заваарсан” байдал үүсэв. Тухайлахад, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга асан Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн Газрын албаны дарга асан Э.Болорчулуун тэргүүтэй хүмүүс С.Амарсайханыг шүүхэд өгөөд буй. Хотын даргын томилгоо У.Хүрэлсүхийн болоод Ерөнхийлөгч Х.Баттулгын талд ихээхэн ээлтэй байсан бол эсрэгээрээ Ц.Сандуйгийн талынханд хүндхэн туссан юм.

Түүнчлэн хотын дарга С.Амарсайхан Найрамдал зуслан, хотын төв  зам дагуух талбайдын газрыг чөлөөлөх шийдвэрүүдийг удаа дараалан гаргаж, эр зоригоо гайхуулав. Эсрэг талдаа С.Амарсайхан төрсөн ах С.Ганбатынхаа нэр дээр 214 айлын газартай дүйцэхүйц ТАЛБАЙГ ЭЗЭМШИЖ БАЙГААГ бид баримтаар дэлгэлээ.

Улмаар түүний томилсон хүмүүс чухал албанд очингуутаа өөрсдийн хамаарал бүхий этгээдэд “Найрамдал”-д газар олгохыг зөвшөөрсөн, С.Амарсайханыг тойрон хүрээлдэг  зарим  НИТХ-ын төлөөлөгчид газрынхаа асуудлыг цэгцэлсэн асуудлууд яригдсаар байна. 

Өнгөн дээрээ асар шударга царайлж, бусдын газар эзэмших гэрчилгээг шуудхан хүчингүй болгочихдог мөртлөө өөрөө эзэмшлээ улам лав атгаж суугаа С.Амарсайханы энэ үйлдлийг шүүмжлэгчид олширсоор байна. Тухайлахад, өнгөрсөн долоо хоногт болсон НИТХ-ын үеэр намынх нь нөхөд түүнийг огцрохыг албан ёсоор шаардлаа.  Эрх биш хот захирч байгаа тулдаа санал хураалт явуулж, асуудлыг дэврээлгүй зогсоов.

Тэрбээр “Улаанбаатар хотод метро барихаа больж, агаарын тээврийг хөгжүүлнэ” гэхчлэн хэт сансрын шинжтэй афоризмуудыг хэлж явна. Өнгөн дээрээ ийм дээрээ баахан дүрэмдэж буй. Гэвч  хөшигний араар хувийн бизнесийн зөвлөхийнхөө нөхрийг ажилд томилон, өөрт нь сайн байдаг хэдэн төлөөлөгчдийнхөө гуйсан дайсныг тэр амжуулахаа хэзээд мартахгүй л явна.

Гол нь,, хааяа нэг айхтар том афоризм хэлчихээд, МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн дэмээр түүнийг  хол явахыг таамаглахад ч бэрх. Хот нь муухай харагдаад, хотын даргын ахуйн асуудлууд дээр хэт их улс төр яваад байхаар МАН-ын дарга У.Хүрэлсүх л муухай харагдана даа.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button