Олимп болгонд биеийн хүч тамир сорьсон тулаанд үргэлж таахын аргагүй үйл явдал өрнөдөг. Заримдаа гунигтай, заримдаа сонирхолтой үйл явдал болох нь элбэг.
Өнөөдрийн боксын тэмцээнд нэгэн сонирхолтой үйл явдал болж өндөрлөлөө. Боксын хорхойтнуудын хувьд нэгэн сонирхолтой тэмцээний гэрч боллоо.
Ялалтыг заримдаа нударгаараа ч шийдэхгүй үе бас байна.
Мароккагийн хүнд жингийн боксчин Юнесс Баала шөвгийн наймд шалгарч Шинэ Зеландын боксчин Дэвид Ньиктай тулалдсан. Эхний хоёр үеийн тулаан ямар нэгэн асуудалгүй нэгэн хэвийн үргэлжилж байсан ч Мароккагийн боксчинд тулаан “уйтгартай” санагдав уу гэлтэй эцэж цуцахыг мэдэхгүй байсан өрсөлдөгчөө “сорих”-оор шийдсэн байна. Тэрбээр Майк Тайсоны "стиль"-иэр Шинэ Зеландын тамирчны чихийг хазах гэж оролдсон юм.
Шинэ Зеландын тамирчин азаар “хазалт”-аас нь бултаж, “чихээ аварч” яадсан аж. Рингний шүүгчээр Шири-Ланкийн шүүгч Нелка Тамп хазах гэж завдсан үйлдлийг нь анзаараагүй болохоор тулааныг цааш үргэлжлүүлсэн байна.
Ингээд хоёр боксчны тулаан 5:0-ийн харьцаатайгаар Шинэ Зеландын боксчны ялалтаар өндөрлөсөн юм. Спортын ёс зүйд үл нийцсэн үйлдэл гаргасан тул Мароккагийн боксчинд шийтгэл ногдуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Чихийг нь хазахаар завдсан дүрс бичлэг камерын дуранд буусан. Тиймээс Олимпын түүхэнд бичигдэн үлдэх нь дамжиггүй.
Үүнтэй төстэй хамгийн алдартай түүх одоогоос 24 жилийн тэртээ 1997 онд Америкийн алдарт Майк Тайсон (Mike Tyson) нутаг нэгт Эвандер Холифилд (Evander Holyfield)-тэй тулалдах үеэр болж байсан түүхтэй. Тухайн үед Майк Тайсон өрсөлдөгчийнхөө чихийг хазсан. Энэ үйлдлийнхээ төлөө Майк Тайсон тэмцээнээс хасагдаж байсан. Тэрхүү ширүүн тулааны мөч спортын түүхэнд тодоос тод дурсамж болон бичигдэх болж, сурталчилгааны кампанит ажилд чамгүй ашиг авчирсан.
Хамгийн хачирхалтай нь чихийг нь хазсан, чихээ хазуулсан хоёр тамирчин өрсөлдөгч байснаа найз нөхөд болсон түүхтэй. Эвандер Холифилд хазуулж тасарсан чихээ мэс заслаар нөхүүлсэн байдаг.
О.АНАР
(Эх сурвалж: sport24.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.