ЭДИЙН ЗАСАГ

Биржийн бус ажиллагааг энэ сард эхлүүлснээр зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарна

Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 995 дугаар тогтоолоор Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг баталснаар биржийн бус зах зээл хөгжих эхлэл тавьсан. Уг журмаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах бөгөөд нарийвчилсан харилцааг зохицуулсан журмуудаа боловсруулж, энэ сарын 1-нд Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулснаар биржийн бус зах зээлийн эрх зүйн орчин бүрдсэн.

Ийнхүү олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээлийг Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран хөгжүүлснээр биржийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарах боломж бий боллоо. Биржийн бус зах зээлийн арилжаа нь 100 хувь цахимаар явагдах бөгөөд ингэснээр хөрөнгө оруулагчдын цаг хугацаа, зардлыг хэмнэж, хөрөнгө оруулахад таатай, хялбар байх болно.  

Хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор хөгжүүлсэн энэхүү биржийн бус зах зээлийн цахим платформ OTC.MN цахим хуудсыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн системтэй холбох ажлыг хийж байна. Энэ хүрээнд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол Санхүүгийн зохицуулах хороонд өнөөдөр боллоо.

Энэхүү ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, дэд дарга Т.Цэрэнбадрал, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хуяг болон холбогдох албаны бусад хүмүүс оролцсон юм. 

Биржийн бус зах зээлийн цахим платформ үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн системд ийнхүү холбогдсоноор ирэх наймдугаар сараас дээрх үйл ажиллагаа бүрэн ажиллаж эхэлнэ.

Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа нээгдсэнээр компаниудын хувьд компанийн хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах эрх зүйн орчин бүрдэж, үнэт цаас гаргахад цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна хөрөнгө оруулагчийн зүгээс хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх, үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах болон мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг олон талын ач холбогдолтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button