НийгмийнУЛС ТӨР

Алт цэвэршүүлэх үйлдвэрийг 20 жил ярьж, гурван жил “ЦАРЦААЖ” буйн цаад шалтгаан

Бид Монголын эдийн засгийн чухал ач холбогдол бүхий төслүүдийн хэрэгжилтийн талаар цувралаар хүргэж байна. Өмнө нь газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар Өөрийг нь албан тушаалтай байлгаж ирсэн “Газрын тосны үйлдвэр” барих У.Хүрэлсүхийн ЦАРЦСАН АМЛАЛТ нийтлэлийг хүргэсэн бол энэ удаад “Алт цэвэршүүлэх” үйлдвэрийн асуудлыг хөндлөө.

Монгол улс Алт цэвэршүүлэх үйлдвэртэй болно гэж 1998 оноос хойш ярьсаар иржээ. Гэвч өнөөдөр эл үйлдвэр ашиглалтад ороогүй хэвээр. Монгол улсын эдийн засагт томоохон нэмэр болно, 2021 онд ашиглалтад орно гэж дарга нар цээжээ дэлдсээр ирсэн үйлдвэр яагаад өдий хэр царцав. 20 жил яригдсаны эцэст гурван жилийн өмнөөс үйлдвэр байгуулах төрийн өмчит компани байгуулж, ажил нь эхэлсэн. Гэвч эл үйлдвэрийн ажил яагаад удаашрав.

Энэ талаар “Эрдэнэс Алт Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайханаас тодруулав.

-Алт цэвэршүүлэх үйлдвэрийн ажил ямар түвшинд явж байна вэ?

-Алт цэвэршүүлэх үйлдвэрийн ажил удаашралтай байгаа ч зогсоогүй үргэлжилж байна. Үйлдвэр байгуулах ТЭЗҮ-д тусгасан зарим асуудлыг эргэж харах, нэмэлт судалгаа хийх ажил үргэлжилж байна. ТЭЗҮ-ийг 2019 онд боловсруулсан учраас зарим мэдээлэл хуучирсан байна. Наад зах нь үйлдвэрийн түүхий эдийн хангамжийн асуудал хөндөгдлөө.

-Үйлдвэрийн ажил удаашралтай байна гэлээ. Ямар шалтгаанаас болов, санхүүжилтэд асуудал бий юу эсвэл үйлдвэрийг барихад саад хийх сонирхлын бүлэг байгаад байна уу?

-Ямар нэгэн ашиг сонирхол энэ төсөлд огт байхгүйгээс гадна нөлөөлж буй бүлэг огт байхгүй. Санхүүжилт удааширсан асуудал бий. Мөн үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг эргэж харах, үйлдвэрийн түүхий эдийн нөөц, хангамжийн асуудал хөндөгдөж байгаа юм.

-2021 онд ашиглалтад орно гээд царцуу байдалтай болчхож, Тулгараад байгаа дээрх асуудлаа шийдвэрлэчихвэл хэзээ ажиллагаанд орно гэж харж байна вэ?

-Ер нь үйлдвэр байгуулах ажил ойролцоогоор нэг жил үргэлжилнэ гэж тооцоолсон. Ажил эхэлчихвэл нэг жилийн дотор үйлдвэрээ байгуулж дуусна. Бид 2022 ондоо багтааж ашиглалтад оруулах зорилт тавьж байна.

-Одоо яг ямар ажил хийгдэж байна, дутуу ажил юу байгаа вэ?

-Одоогоор компанийн зүгээс сүүлийн үед ашиглалтад орсон уурхай, баяжуулах үйлдвэрийн судалгааг хийж байна. Мөн шинээр ашиглалтад орсон уурхай, тэр дундаа үндсэн ордуудын үнэт металлын хүдэрт агуулагдаж буй дагалдах бусад элементийн судалгааны ажил хийж байна.

Түүний хэлж байгаагаар үйлдвэрийн ажил зогсонги байдалтай байх энэ хугацаанд шаардлагатай судалгаа, хайгуулын ажлаа хийж байгаа гэнэ. Тэрбээр 2019 оноос компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш үйлдвэрийн бүрэн хэмжээний техник, эдийн засгийн үнэлгээг боловсруулж батлуулсан гэгддэг.

МОНГОЛ УЛСАД ҮНЭТ МЕТАЛЛ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ АЖИЛ АНХ ЯАЖ ЭХЛЭВ

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар УУХҮ-ийн сайд байх үедээ алт, мөнгө, цагаан алтны бүлгийн үнэт металлуудыг олон улсын стандартын дагуу дотооддоо цэвэршүүлэх нь төгрөгийн болон үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад стратегийн хувьд чухал ач холбогдолтой гэж үзсэн. Ингээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, 2019 оны тавдугаар сард ҮАБЗ-өөс үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр байгуулах төслийг стратегийн ач холбогдол бүхий төсөлд хамруулж байв.

Үүний дараа Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ Казахстан улсад 2019 оны аравдугаар сарын 10-12-нд хийсэн айлчлалын үеэр Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээнд Эрдэнэс алт ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, Сымбат инжиниринг ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэгүй ашиглуулахаар болсныг Засгийн газрын хэвлэлийн мэдээнд дурдаж байв.

АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР МОНГОЛ УЛСАД АШИГТАЙ ЮУ, АЛДАГДАЛТАЙ ЮУ

Монгол улсаас хууль бусаар хил даван гардаг алтны урсгал саарч дотооддоо түүнийхээ шимийг авч үлдэнэ. Боловсруулж, цэвэршүүлэх үед ялган авах боломжтой олон зүйлсээ ашиглана. Үүнээс гадна бусад орны судалсан судалгаатай харьцуулбал, жилд арваас дээш тонн үнэт металл цэвэршүүлдэг үйлдвэр ашигтай ажиллана гэсэн судалгаа байдаг аж.

Харин манай улсад байгуулах гэж буй уг үйлдвэр жилд 75 тонн гэж тооцоолжээ. Үүний 50 тонн нь алт, 25 тонн нь мөнгө аж. Уг судалгаа тооцоог харвал Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр өгөөжтэй мэт боловч нэг трой унц алтыг цэвэршүүлэх өртөг нь 13.6 ам.доллар юм. Харин Монголбанкны алт цэвэршүүлэх үйлдвэртэй байгуулсан гэрээгээр нэг трой унц алтны тээвэрлэлт, даатгал, цэвэршүүлэлтийн зардал бүгд нийлээд 2020 оны өдийд нэг ам.доллар байв. Одоо ч энэ дүнгээсээ холдоогүй. Үүнээс харвал Монгол банк илүү хямд өртгөөр бүх зардлаа шингээгээд цэвэршүүлж байхад илүү зардлаар үнэт металл цэвэршүүлнэ гэв.

ҮНЭТ МЕТАЛЛ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙН ТООЦОО СУДАЛГАА БОДИТОЙ ЮУ

Цэвэршүүлэх үйлдвэр жилд 75 тонн үнэт металл цэвэршүүлнэ хэмээн тооцоолсон талаар дээр дурдсан. Харин Монголбанкны 2020 оны үнэт металл худалдан авсан тооцоог харвал өнгөрсөн онд гэхэд 23,6 тонныг авчээ. Энэ нь түүхэнд байгаагүй дээд дүн аж. Учир нь манай улсын алтны нинжа нар олборлосон алтаа улсдаа бүртгүүлэлгүй хил давуулдаг. Иймд цар тахлын хөл хорионоос үүдэн дотооддоо тушаахаас өөр аргагүйд хүрсэн. Тэгэхээр Монгол Улсад жилд олборлодог үнэт металлын цэвэр дүн 23 тонн орчим гэсэн үг. Харин цэвэршүүлэх үйлдвэр жилд 75 тонн үнэт металл цэвэршүүлнэ гэсэн нь бодитой биш тоо байгаа нь илт харагдаж байна.

Тус компанид Засгийн газар, УУХҮЯ-аас Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын нутагт орших хайгуулийн зөвшөөрлийг олгож нийт ашигт малтмал хайгуулын дөрвөн тусгай эрх одоогоор олгосон аж.

Стратегийнхаа хувьд үндэсний мөнгөн тэмдэгтийн тодорхой хувийг алтаар баталгаажуулж, эдийн засагт хүндрэл учруулдаг гадаад валютаас ирэх дарамт яг энэ тооцооллоороо байж чадвал буурах өндөр өгөөжтэй. Гэвч яг эл тооцоололд хүрнэ гэдэг хэт үүлэн дээгүүр хөвсөн ч тооцооллынхоо 30 хувийг биелүүлэх боломжтой. Харин чадахгүйгээ амлаж попорсон улс төрчид шат ахин суудал дэвшсээр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Алт цэвэршүүлэх үйлдвэр ашиггүй. Харин ган төмөрлөгийн үйлдвэр байгуулах нь эдийн засгийн утгаараа хамаагүй ашигтай.

Зочин
Зочин

Алт гадагшаа өгч цэвэршүүлбэл LME ханшнаас нэлээд хувь хямдардаг.

Unshigch
Unshigch

Altnii uildverees iluutei gangiin uildver ni heregtei baisan yum kovidiin ene uyed yun tusul heregjuuleh ve bichih yumaa oloh yum

Холбоотой мэдээ

Back to top button