НийгмийнНИЙГЭМ

Бүсийн уралдаан, тахилга хийсэн Монголын төр 512 бөх барилдуулж иргэдээ дахиад дөнгөх нь

Монголын төр, засаг иргэд биднийг хөөрхөн дөнгөх учраа бүр олчихож.

“No naadam” гэж жагсан, иргэд олноороо эсэргүүцээд ирэхээр “Улсын наадмыг бүтэн жилээр хойшлууллаа” гэж аргалангуутаа одоо бүсийн гурван уралдаан, тухайн аймгуудад бөхийн барилдаан зохион байгуулж, Сутай хайрханыг тайх ёслол хийн, олон зуур хүн цуглуулан, найрлаж суугааг нь гайхах хүн олон.

Жирийн иргэд наадмын амралтаар хөдөө явах болоход “Нэг машинд таваас олон хүн суулгахгүй” гэдэг мөртлөө найр, наадам хийх болохоор өнөөх захирамж, шийдвэр нь эрх баригчдад үйлчилдэггүй нь шударга бус. Аж, ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах гэхээр “Зай барь. Халдвар, хамгааллын дэглэм зөрчвөл хариуцлага хүлээлгэнэ” гэж хуулиар далайлгадаг атлаа бүсийн уралдаан, тахилгад хэчнээн хүн цугларч, сайд, дарга нар нь хүртэл амны хаалтгүй зогсоог нь ойлгох ухаан хайрла.

Бүсийн ганцхан уралдааныг хэчнээн олон хүн үзэв, Сутай хайрхны тахилгад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх очоод, дагалдаж явсан хүмүүс, цугларсан олон нь хэчнээн олуулаа байв. Зай барих, халдвар, хамгааллын дэглэм баримтлах, амны хаалт зүүнэ гэдэг ёстой үлгэрийн далай болсныг эндээс харж болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч, сайд дарга нар нь өөрсдөө ингэж иргэдийг олноор нь цуглуулж, халдвар хамгааллын дэглэм зөрчин байж бүсийн уралдаан, тахилга хийгээд байгаа энэ цаг үед ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Энэ байдлаар буцаад халдварын тархалт өсөх нь тодорхой болж байна даа. Хүн бүр дор бүрнээ хичээчих юмсан. Арай л эрт тайвшираад байна. Ирэх долоо хоногууд хэцүүхэн байх дүр зураг харагдаж байна” гэсэн тайлбар хийж суугаа нь өөрөө хөөрхийлөлтэй.

Одоо тэгээд халдварын тоо өсвөл буруутан нь дахиад иргэд бид болж, сайд дарга нар арьсаа хамгаалаад үлдэх нь.

Уг нь засгийн газар ганцхан сарын өмнө буюу долдугаар сарын 2-нд ийм тогтоол гарган, аймаг, сумын наадам, хурдан морины уралдаан, овооны тахилга, тэмдэглэлт ойг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж байсныг эргэн сануулъя.

Иргэдийн энэ их бөөгнөрөл үүсэж, бүсийн гурван уралдаан, тахилга болоод буй цаг үед энэ сарын 16-17-нд үндэсний бөхийн барилдаан хийхээр болж, төр засаг гаргасан шийдвэрээсээ дахиад буцлаа. Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан тус барилдаанд анхандаа 128 бөх барилдуулна гэж байснаа тоог нь эвтэйхэн авчихсан. Одоо 512 бөх зодоглох шуум явж буй. Яг тэдэн бөх барилдана гэж зарлахгүй, чимээгүй байж байгаад 512 бөх зодоглуулах бололтой.

Бүсийн гурван уралдаан хийж, одоо олны таамгын дагуу 512 бөх барилдвал улсын наадам тэмдэглэснээс өөрцгүй. Хамгийн гол нь иргэдийг олноор нь бөөгнөрүүлэхгүйн тулд бүтэн жилээр хойшлуулсан. Тэгэнгүүтээ одоо иргэдийг ингээд дөнгөчихлөө.

Төр, засаг гаргасан шийдвэрээ ингэж зөрчхөө, “улан доороо” гишгэхээ болих хэрэгтэй. Энэ хэрээр иргэд халдвар авах, халдварын тоо өсөх эрсдэл нэмэгдэнэ. Төр, засгийн эргэж буцсан шийдвэрийн горыг иргэд бид л амсана.  

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
G
G
2021-08-10 14:38

бүх юманд ингэж сонин юм ярьдгаа боль үзэгчгүй бөх барилдахад блохгүй юм байхгүй гадуур зах худ�##�дааны төвүүд наадмаас илүү хүн явж бна

Зочин
Зочин
2021-08-10 16:06

Ene vnen shvv

Холбоотой мэдээ

Back to top button