НИЙГЭМУРЛАГ

УРЛАГИЙН ТУХАЙ 03: Уран бүтээлч С.Цацралын сэтгэлийн чанад дахь хүүрнэл

Монгол зургийн залуу уран бүтээлч С.Цацралын анхны бие даасан үзэсгэлэнд түүний 22 бүтээл дэглэгдсэн. Түүний бүтээлд ихэвчлэн эмэгтэй хүний дүр дүрслэл, хааяа нэг эр хүний хийгээд хүүхдийн дүр орж ирдэг.

Тэрбээр хүнийг бүтээлийнхээ гол дүр, дүрслэлийн нэг хэсэг болгодог нь хүйсийн тодорхойлолт гэхээсээ илүүтэй, оршихуйн мөн чанарын тухай юм. Утга агуулгын хувьд эр эмийн хайр, хүний амьдрал дахь энгийн мэт хэр нь машид чухал зүйлс: Дүрслэл, өнгөний тоглолт, зураасаар илэрхийлэгдэн гарах бодол хийгээд мэдрэмжийн хүүрнэлийн тухай өгүүлнэ. Хиргүй тунгалаг цэвэр өнгө, гэгээн мэдрэмжийг төрүүлэхийн сацуу, бүтээлийн арын дэвсгэр дэхь Оптик арт буюу ОП АРТ-н төрөлд багтах хээ, хаяалбар шугам, хэлбэр, өнгө түүний зураг бүрд байршил болон хэлбэрээ олжээ.

Анхны бие даасан үзэсгэлэнгээ “Сэтгэлийн чанадад” хэмээн нэрийдсэний учир нь түүний бие даасан үзэсгэлэнгээ гаргах тухай бодлоос үүдэлтэйгээр энэхүү бүтээл төрсөн гэж хэлж болохуйц. Учир нь тэрбээр өөрийн сэтгэлийн чанадад үзэсгэлэнгийнхээ тухай бодлыг өнөөдрийг хүртэл тээн явсаар байсантай холбоотой.

"Сэтгэлийн чанадад” 2018, даавуу, гуашь, 84 х 84 см

Үзэсгэлэнгийн нэрээр нэрлэгдсэн “Сэтгэлийн чанадад” бүтээлийн хувьд дөрвөлжин бус гурвалжин форматанд нүдээ хагас аньсан эмэгтэйн дүр байх бөгөөд монгол зургийн бийрийн даралт нүд болон хөмсгөн дээр ажиглагдах нь бясалгаж байна уу гэмээр харагдана. Үсний засалтыг ажваас энэ цагийн эмэгтэй бололтой, даашинзан дээрх хээ чимэг, хээний тоглолт нь түүнийг сэтгэлээ чөлөөлөхөд ихээхэн саад болж буй мэт сэтгэгдэл төрүүлэх хэдий ч энэ бүхний дараа л өөрийн мөн чанарыг таньж буйг зүрхэн тушаа байрлах гарын мутарлага илтгэнэ. Энэ гарын мутарлага нь уурын мунхгийг даран, сэтгэлийн гэгээрэлд хүрэхүй хийгээд хүний ертөнцийн бүхий л зүйлсээс ангид оршихыг илэрхийлнэ. Нэг үгээр тайлбарлавал бодь сэтгэлийг үүсгэж буй хэрэг юм. Цаашилбал, бүсгүйн толгойн гоёл зүүсгэл, бурханы нимб мэт цэцэгсийн зохиомж, түүнийг тойрон эргэлдэн нисэх эрвээхэй ч түүнийг үл саатуулна. Деталчилбал цэцэгсийн тоглолтон дундах өнгө гүн ягаан, цэнхэр, ногоон өнгийн тоглолт нь эгээ л хүний ертөнцийн өнгө бус сэтгэлийн чанададад хүрэх ахуйд иймэрхүү өнгөнд нэлээдгүй ойртож очдог болов уу гэсэн мэдрэмжийг төрүүлнэ. Цөөн тооны шаргал өнгийн эрвээхэй үе үе нисэж харагдах нь гол дүрийн бүсгүйн үсний өнгөтэй сүлэлдэн өнгөний тоглолтыг илүү сонирхолтой болгож өгчээ. Бүсгүйн биеийн хэлэмжийг ажваас түүнээс чанга дуу үл гарах хийгээд тэрбээр бодь сэтгэлийг олоход тун чиг ойртож буй гэлтэй.

"Зүүдний учрал” 2021, даавуу, темпер, 110 х 140 см

Үзэсгэлэнгийн бүтээлийн тухай цааш үргэлжлүүлье. Түүний “Зүүдний Учрал” бүтээлийн тухайд гэвэл эр, эм үүтгэлийг дүрслэхээс гадна совингийн асуудлын тухай хүүрнэжээ. Эр хүйс, эм хүйс нэг нь нөгөөгөөр эс бүтэх хувьтайг илтгэх санаа байж болно. Тэдний бүхий л бие тэр чигээрээ ойн дунд оршино. Эрийн баруун цээжинд нэгэн шувуу үүрээ засаж, бүсгүйн гар дээр суух шувууг хэзээ нисэн ирэхийг хүлээж буй мэт. Зохиомжийн хувьд гол дүрийн наана орших өнгө өнгийн цэцэгс хийгээд усны эргүүлэгт төөрч будилж явсаар эцэстээ тэд нэгнийгээ олжээ, гэхдээ зүүдэндээ учирсан гэлтэй. Тиймийн учир тэд үүлний цаагуур царайгаа нуух нь хэн гэж танихын аргагүй, таамаглах ч боломжгүй харагдана. Магад үүл нүүвэл тэд биесээ олж харж ч магад, эсвэл үгүй ч байж мэднэ. Тайлбарлавал, хэн бүхний сэтгэлд хэзээ нэгэн өдөр өөрийн шувуугаа, хэн нэгний цээжин тушаа нисгэн хамтдаа үрээ засахыг хүсдэг тухай өгүүлсэн ч байж мэднэ. Хэзээ учрахаа үл мэдэх, магад хол агаад ойр, гэхдээ л түүнийг хүлээнэ...

Уран бүтээлч С.Цацралын бүтээлүүд гүн утга агуулгатай бус хэдий ч энгийн зүйлсийг уран бүтээлчийн ертөнцөөр дамжуулан бүхий л зүйлс өөрийн оршихуйтай байх, бүх зүйл өөрийн илэрхийлэлтэй, өвөл байхад зун байдгийн адилаар, эр хүйс байхад эм хүйс оршин буйн тухай өгүүлнэ. Мөн энэ бүх зүйл хоорондоо хэрхэн холбоотой болох өнгө хийгээд дүрсийн хувьд зөөлөн, эгшиг мэт мэдрэмжийг төрүүлэхийн сацуу, заримдаа хурц тод өнгийн тоглолтууд нь илүү гүн сэтгэгдэл төрүүлнэ. Түүний бүтээлүүд жил ирэх тусам монгол зургийн зураасны татлага, орон зайн шилжилт, хавтгай таглалт, дагнаасны хувьд уламжилсан боловч агуулга хийгээд сэдэл, хэллэгийн хувьд шинэчлэгдсээр байна.

Урлаг судлаач Б.Учрал

Гэрэл зургийг Д.Занданбат


ӨМНӨХ БИЧВЭРҮҮД:

Уран бүтээлч Б.Дөлгөөний “SYNCHRONICITY” буюу “УТГА УЧИРТАЙ ДАВХЦАЛ”

...Учир нь ямар нэг зүйлийн цаана энергийн нөлөөлөл байна гэж үзэх орчин үеийн хүмүүсийн фетиш сэтгэлгээ, түүнчлэн жирийн эд зүйлийн цаана төсөөлөгдөшгүй тайлал буйг нийтэд сануулснаар орчин үеийн хүний түм түжигнэсэн бум бужигнасан ертөнцөд байх орчноосоо залхсан, шинийг эрэлхийлсэн, өөрийгөө тусгаарлахыг хүссэн, өөрийн орон зайгаа хадгалах, амар амгаланг үгүйлсэн мөрөөдлийн мэт ертөнцийг энэ үзэсгэлэнгээс мэдэрч болно...

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


Урлагийн мөн чанарын тухай хийгээд уран бүтээлч Н.Сүхбүрэнгийн бүтээлийн эссенц

...Обьектив ертөнц бол угаас бидний оршин буй нийгэм, гэхдээ бидний яриж буй энэ мөн чанар бол материаллаг нийгмийн харилцаанд хамааралтай бус, зөвхөн сэтгэлгээний нийгмийн харилцаанд хамаарна...

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x