Сурвалжилга, Нийтлэл

Урлагийн мөн чанарын тухай хийгээд уран бүтээлч Н.Сүхбүрэнгийн бүтээлийн эссенц

Хүн төрөлхтний соёл иргэншил үүссэн цагаас хойш урлаг бий болж, хүн төрөлхтний түүхтэй хамт аажмаар хөгжиж ирсэн. Улмаар урлаг, нийгэм болон соёлын үнэт зүйлсээр хангагдаж, цаашлаад урлагийн мөн чанарын асуудлын тухай ярих болсон. Мөн энэ хүрээнд, "Урлагийг урлаг болгодог зүйл юу вэ”, "Урлаг зөвхөн хэлбэр үү, аль эсвэл агуулга уу?” гэдэг асуудал мөн сөхөгдөнө. Тэр тусмаа эдүгээ цагийн урлагт, гэхдээ энэ талаар ярихад дахин нэг сэдвийг хөндөх хэрэг гарна.

Харин энэ удаа урлагийн мөн чанарын тухайд хүүрнэхээр шийдсэн юм. Урлагийн мөн чанарын тухай ярихад эхлээд “Мөн чанар” гэж чухам юу вэ гэсэн асуултад хариулах хэрэгтэй болно. Англи хэлнээ “Essence” гэсэн үгийн утгыг хайваас мөн чанар, амин сүнс хэмээн тайлбарлагдана. Энэ асуудлыг судлах нь хүн төрөлхтний оршихуйн мөн чанарыг эцэс төгсгөлгүй судлахтай адил юм. Урлаг дахь эссенц бол угтаа урлагийг ойлгох цор ганц зүйл.

Уран бүтээлч хүн энэ амьдрал хийгээд энэ нийгмээс өөрийн бүтээлийн концепцыг эрэлхийлж, шүүмжлэх эс шүүмжлэх, бусдад таалагдах, таалагдахгүй хийгээд, байдаг мөн огт байдаггүй бодит байдал, хязгаараас хязгааргүй хүртэл, би-гээс би-гийн тухай, оюун санааны ертөнц дэх хүний оршихуйн тухай мэдрэмжээр дамжин сублимацлагдах үед энэ нь тухайн бүтээлийнхээ эссенц болж өгдөг. Эндээс бий болсон эссенц нь эргээд хүний оюун санаанд нөлөөлж, улмаар обьектив ертөнцөд нөлөөлдөг. Обьектив ертөнц бол угаас бидний оршин буй нийгэм, гэхдээ бидний яриж буй энэ мөн чанар бол материаллаг нийгмийн харилцаанд хамааралтай бус, зөвхөн сэтгэлгээний нийгмийн харилцаанд хамаарна.

Нэгэнтээ л мөн чанарын тухай дурдсан болохоор уран бүтээлч Н.Сүхбүрэнгийн бүтээлийн эссенцийн талаар сийрүүлье. Эссенцийн тухай ярихад түүний бүтээл хамгийн эхлээд санаанд буудаг. Түүний бүтээлийн ихэнх нь төгс дүр, төгс дүрс, төгс дүрслэл, бодол хийгээд мэдрэмжийн хүүрнэлийн тухай өгүүлнэ. Мөн тэрээр хүнийг бүтээлийнхээ гол дүр, дүрслэлийн нэг хэсэг болгодог нь хүйсийн тодорхойлолт гэхээсээ илүүтэй, оршихуйн мөн чанар, эссенцийн илэрхийлэл гэлтэй.

Түүний “Бодлын цаад руу” бүтээл нь царайг бодитчилж харуулах бус, харин түүний дотогшоо өнгийн харуулахыг тэр зорьжээ. Халх эхнэрийн дээлтэй байх хэдий ч зөвхөн дээлний хормой хэсэг, мөн урт ханцуйг орхигдуулаагүй, харин толгойн гоёлын оронд мөр үгүй дээлийн зах байх нь Монгол дээлийн үндсэн элементийг шингээж өгсөн харагдана. Эмэгтэйн хоосон мэт боловч машид өгүүлэмжтэй зөөлөн харц, нүдээ зөөлөн аньсан хэдий ч аньсага нь чичирхийлж байх нь энэ нүднээс ертөнцийн бүхий л үнэн хийгээд худлын талаар уншиж болохуйц харагдана. Бие болоод уруулаа сулласан байдал нь ямар нэгэн зүйлд санааширсан хэдий ч дөлгөөн төрх нь тайвшралыг өгч, сэтгэлийн чанад дахь өөрийн оршихуйг тольдон буй нь илүүтэй гүн сэтгэгдэл төрүүлнэ. Дүрслэлийн хувьд төгс дүрслэлд тун чиг ойртдог гэж хэлж болно. Хэлбэр дүрсээ ойлгох, хэлбэр дүрсээ таних, хүнд боловч хөнгөн, хөнгөн боловч хүнд байх нь түүний бүтээлийн ерөнхий дүрслэлийн хэл юм. Эндээс бидний эргэн тойрон дахь ертөнц хийгээд хоорондын холбоо хамаарал, оюун санааны хүүрнэлийн тухай ойлгох болно.

Чанх дэргэд нь очих ахуйд машид их тайвшрал, сэтгэлийн чанадад мартагдсан гуниг, хүн сэтгэлийн мөн чанараа гээх үед төгс дүрээс алсарч, сүүдэртэж эхэлдэг тухай, яг эндээс л Н.Сүхбүрэн гэх хувь уран бүтээлчийн сэтгэлгээний эссенц мэдрэгдэнэ. Тэрбээр энэхүү хүүрнэлийг сэдлийн практик гэж ойлгосон ч байж мэднэ. Тийм учраас өгүүлэмж нь элдэв ахуйн хандлагаас чөлөөлөгдсөн байх.

Урлагийн эссенцийн тухай Аристотель хэлэхдээ: Урлаг бол юмсыг байгаагаар нь дуурайхаас илүүтэй байх ёстой зүйлийг тусгадаг тул урлаг нь бодитоос илүү бодит байж болно хэмээн үзсэн байдаг. Учир нь шоргоолж, заан, арслан, цэцэг, өвс, мод, газар шороо, одтой тэнгэр, орчлон ертөнцийн хувьд урлаг гэж байхгүй, байх ч боломжгүй.

Урлаг өөрөө хүний ​​бүтээсэн зүйл бөгөөд бүхий л цаг үеийн туршид зөвхөн хүнд л “Хүн байх”-ын тухай ойлгуулдаг. Бидний тархи, төсөөлөл, оршихуйд үл үзэгдэх зүйл хийгээд цаг хугацаа, орон зайн тухай ойлголт, ойлголтоор дүгнэгдэх боломжгүй мэдрэмжийн илэрхийлэл юм. Тиймийн учир эцэст нь тэмдэглэн хэлэхэд “Бүх хүмүүс мөнх биш, та ч би ч бас адил мөнх бус” учраас сэтгэлээ, сэтгэлгээгээ бүтээл болгон сублимацид оруулах л үлдсэн гэлтэй...

    Урлаг судлаач Б.Учрал

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button