ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Япон: Ерөнхий сайд Сүгаг “тоглоом”-ноос гаргаж, анх удаа эмэгтэй хүн сонгогдох уу

Японы одоогийн Ерөнхий сайд Сүга Ёшихидэ есдүгээр сарын 29-нд болох эрх баригч Либерал Ардчилсан Намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Тэрбээр ойрын ирээдүйд коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэлд анхаарлаа хандуулах бодолтой байгаа бөгөөд сонгуульд өрсөлдөж анхаарлаа сарниулахыг хүсэхгүй байгаагаа тодорхой илэрхийлсэн.  

Ерөнхий сайд Сүгагийн энэ шийдвэр, үйлдэл нь үнэндээ Японы Засгийн газрын тэргүүний албан тушаалаасаа сайн дураараа бууж өгч байгаа гэсэн үг. Учир нь, Япон Улсад Засгийн эрх барьж буй намын дарга нь Ерөнхий сайдаар ажиллана гэсэн хуулийн заалттай байдаг. Сүга Ерөнхий сайд бол жинхэнэ утгаараа “багийн тоглогч” ба дийлэнхи олонхийн хүсэл сонирхлыг биелүүлдэг нэгэн гэгддэг.

Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайд асан Абэ Шинзо огцорсны дараа Японы Засгийн газрын танхимыг удирдах болсон. Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэн өгсөн билээ.

Харин Сүгагийн хувьд их сургуульд сурч байхдаа каратэгаар идэвхитэй хичээллэдэг гэдгээрээ алдартай байсан ба чихэрлэг амттан ер нь хэрэглэдэггүй, ялангуяа америкчуудын идэх дуртай панкейк /pancake/ огт хэрэглэдэггүй, архи уудаггүй, эрүүл хооллолттой хүн аж. Нэмж дурьдахад, Сүга Ёшихидэ бол Японы бусад Ерөнхий сайд нараас гол ялгаатай тал нь баян чинээлэг удам угсаа гэж сайрхдаггүй, ард түмний дундаас сонгогдсон хүн билээ.

Сүга Ёшихидэ Япон орныг коронавирусийн халдварын тархалттай тэмцэх, хүн амын вакцинжуулалтыг зохион байгуулах, мөн нэгэн зэрэг хойшлуулсан “Токио-2020” Зуны болон Паралимпын наадмын бэлтгэл ажлыг хангах зэрэг нэлээд хүнд хэцүү үед кабинетаа удирдаж байгаа нь анхаарал татууштай зүйл.

Эдгээр бүх асуудлыг шийдэх нь улс төрчөөс асар их хүчин чармайлт шаардаж байгаа бөгөөд харамсалтай нь энэ бүхэн түүнд хүссэн “оноо”-г нь авчраагүй. Засгийн газрын энэхүү үйлдлийг Японы цуваа арлуудын оршин суугчид удаа дараа шүүмжилсээр ирсэн. Үүний үр дүнд Сүга Ерөнхий сайдын рейтинг 30 хүртэл хувиар  буурсан. Энэ нь Либерал Ардчилсан Намын хувьд “нокаут” болсон. Үүний үр дүнд “Кёодо” /Kyodo/ агентлагаас явуулсан санал асуулгын дүнгээс харвал судалгаанд оролцогчдын 56,7 орчим хувь нь Сүгагийн “тэмцэлгүйгээр одон явах” тухай шийдвэрийг зүй ёсны хэрэг гэж үзжээ.

Нэмж дурьдахад, коронавирусийн цар тахал нь Сүга Ёшихидэгийн авч хэрэгжүүлсэн гадаад бодлогын талбарт өөрийгөө харуулах боломжийг нэлээд хумьсан. Тэрбээр өнгөрсөн жилийн хугацаанд онцлох зүйл хийж гавиагүй гэгдэж байгаа юм.

ОХУ болон Япон улсын дипломат ажиллагааны хүрээнд шинжээчид Сүга шинэ Ерөнхий сайд өмнөх Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн зарчмыг үргэлжлүүлнэ хэмээн найдаж байсан. Гэтэл, өнгөрсөн нэг жилийн хугацаанд харамсалтай нь Токио, Москвагийн харилцаанд олигтой ахиц дэвшил гарсангүй. Энэ нь коронавирусийн буруугаас болов уу, аль эсхүл бусад объектив нөхцөл байдлын улмаас болсон уу, эсвэл бүр өөр шалтгаантай юу эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Жишээлбэл, коронавирус болон бусад нөхцөл байдал Японы удирдагчийг АНУ-ын Төрийн тэргүүнийг Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентэй уулзахад, мөн Азийн хэд хэдэн улсад албан айлчлал хийхэд нь саад болоогүй билээ.

Зарим ажиглагчид Японы улс төрийн элитүүд улс орныг удирдахад туйлын хэцүү үед Сүга Ёшихидэг санаатайгаар гаргаж ирсэн гэх ба коронавирусийн цар тахал зэрэг хүнд нөхцөл байдал арилж, бүх зүйл эргээд хэвийн байдалдаа орсны дараа түүнийг “тоглоом”-ноос холдуулж, түүний оронд жирийн нэг хүнийг томилох боломжтой гэж дүгнэжээ.

Ямартай ч, Японы Ерөнхий сайд намынхаа даргын сонгуульд өрсөлдөхгүй гэсэн шийдэмгий шийдвэр нь Японы арлын улс төрийн амьдралыг “өдөөж”, намын даргын цаашлаад Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөж буй хэд хэдэн нэр дэвшигчдийг сүүдрээс ил гаргаж ирсэн. Либерал Ардчилсан Намын даргын сонгууль болоход маш бага хугацаа үлдсэн тул ойрын ирээдүйд нэр дэвшигчид өөрсдийгөө аль болох тод харуулахыг хичээх нь дамжиггүй.  

Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчдийн дунд эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон улс төрчид гарч ирж байгаа нь бас тун сонирхол татаж байгаа юм.

Япон орны түүхэнд хэзээ ч эмэгтэй хүн төрийн эрхэнд гарч байсан удаагүй. Тийм уламжлал байхгүй. Энэ хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Захиргааны Хэрэг, Харилцаа Холбооны сайд асан Такаичи Санаэг онцолж байгаа бөгөөд тэрбээр Ерөнхий сайдын сунгаанд ялах магадлал өндөр байж магадгүй төлөв ажиглагдаж эхэлсэн.

“Кёодо” мэдээллийн агентлаг Засгийн газрын хүрээний өөрийн эх сурвалжид үндэслэн Санаэ нэр дэвшихээр болбол Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн дэмжлэгийг авна гэсэн шуум ч дэгдсэн талаар мэдээлэв.

Дашрамд дурьдахад, Либерал Ардчилсан Намынхны хамгийн том фракцид ихээхэн нөлөө үзүүлдэг, мөн арвин туршлагатай тул эмэгтэй нэр дэвшигчийн талд сонголт хийх парламентын бусад бүлгийн гишүүдтэй хэлэлцээ хийх боломжийг олж авах боломжтой юм. Мөн, төрийн болон намын томоохон албан тушаалуудыг удаа дараа хашиж байсан, улс төрийн тогоонд удаагүй Нода Сэйко гэх эмэгтэй ч Наран улсын Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөх боломжтой аж.  

Японы удирдлагад ойрын хугацаанд хийгдэх өөрчлөлтүүд нь ОХУ, Японы харилцааг сэргээх магадлал тун багатай. Японы улс төрчид есдүгээр сард юуны өмнө намдаа анхаарч, аравдугаар сард Парламентын доод танхимын сонгууль гээд завгүй гүйлдэцгээнэ. Японы хүн ам одоо дотоод асуудлууд, түүний дотор эрх баригчид нь “COVID-19”-ийн аймшигт тахал өвчний халдвары тархалтыг зогсоох чадваргүй болсон, вакцинжуулалтын түвшин ч сул, эдийн засгийн хүндрэлд орсон зэрэгт илүү их санаа зовж эхэлсэн. Тиймээс ОХУ болон бусад улсууд Япон улсаас ямар нэгэн сайн хариу үйлдэл хүлээх шаардлагагүй нөхцөл байдал үүсчихээд байна.

Засгийн газрын шинэ баг бүрэлдэхүүн Абэ Шинзогийн өв залгамжлалыг умартаагүй, Японы Ерөнхий сайд асан болон түүний хамтрагчдын хийж байсан ажлыг залгамжлана гэдгийг мартахгүй байвал сайнсан болчихоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button