
Афганистанд эсэргүүцлийн жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчид “Талибан” хөдөлгөөнийхний байгуулсан түр Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнийг эсэргүүцсэн эмэгтэйчүүд гэдгийг Туркийн “Daily Sabah” мэдээллийн агентлаг нийтэлжээ. Нийтлэлд, Талибанчуудын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд нэг ч эмэгтэй хүн багтаагүй байгаа юм. Афганистаны гурав дахь угсаатан болох Хазарачуудын нэг ч төлөөлөгч байгаагүй гэжээ.
Талибанчууд өөрсдийнх нь эрх мэдлийг эсэргүүцэн жагсагчдыг айлган сүрдүүлж байгаагаас үл хамааран Афганистанд ийнхүү гудамж талбайд эсэргүүцлийн жагсаал гурав дахь өдрөө дараалан зохион байгуулагдаж байгаа юм. Тодруулбал, нийслэл Кабул хотын баруун хэсэгт Хазара үндэстнүүд голчлон амьдардаг афган эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаал хийж байна.
Жагсагч эмэгтэйчүүд Талибанчуудын байгуулсан шинэ түр Засгийн газрын бүрэлдэхүүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байгаа юм.
Жагсагчид “Эмэгтэй хүний төлөөлөлгүй Засгийн газар бүтэлгүйтэх болно” хэмээн эсэргүүцлээ чанга дуугаар илэрхийлцгээсэн байна. Мөн, тэд “Ажил хөдөлмөр”, “Боловсрол”, “Эрх чөлөө” гэсэн үгтэй самбар барин гудамжаар алхаж, эсэргүүцлээ илэрхийлэв.
Өмнө нь, Талибанчууд нэг ч эмэгтэй хүний төлөөлөл багтаагүй түр Засгийн газар байгуулснаа зарласан. Шинэ Засгийн газарт Афганистаны 1990-ээд оны сүүлчээр хавчлагад өртөж, хэлмэгдсэн гурав дахь том угсаатны бүлэг болох Хазарачуудын төлөөлөл багтаагүй нь нэлээдгүй шүүмжлэл дагуулж, хэвлэл мэдээллийнхний хөндөх том сэдэв болоод байгаа билээ.
Зарим жагсагчид Пакистаныг Афганистаны хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаага буруутгаж, мөн эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэхийг уриалжээ.
Үүний сацуу, эсэргүүцлийн жагсаалыг шууд дамжуулах, сурвалжлах орон нутгийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сэтгүүлч, сурвалжлагчдыг эсэргүүцлийн жагсаалыг сурвалжлуулахгүйн тулд Талибанчууд тэднийг түр баривчлан саатуулсан нь анхаарал татаж байгаа юм. Тодруулбал, Талибанчууд афганы хоёр сэтгүүлчийг зодож, нийт таван сурвалжлагчийг түр хугацаагаар хорьсон гэх мэдээлэл байна. Сэтгүүлч, сурвалжлагчдийг сулласан ч тэд хөдөлж ч, ярьж ч чадахгүй байсныг хэд хэдэн зураг, бичлэгнээс харж болох аж.
Үүний зэрэгцээ, “Талибан” хөдөлгөөний дайчид Афганистаны Герат, Газни, Файзабад зэрэг бусад хотуудад болсон эсэргүүцлийн жагсаалыг харгис хэрцгийгээр, хүч хэрэглэсэн. Ялангуяа, Герат хотод эсэргүүцлийн цуглааныг тараахын тулд Талибанчууд гал нээсний улмаас наад зах нь хоёр жагсагч амь үрэгдэж, долоон хүн шархадсан үйл явдал болсон юм.
Одоогийн “Талибан” хөдөлгөөнийнхөн 20 жилийн өмнөх “Талибан”-аас өөр болж өөрчлөгдсөн гэх шинжээчдийн дүгнэлт хэр бодитой, үнэнд нийцэхийг зөвхөн цаг хугацаа харуулах буй за.
(Эх сурвалж: ruptly)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.