ДЭЛХИЙМэдээНИЙГЭМшуурхай мэдээ

Фельетон: Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгч биш. Тэр бол өрөвдмөөр “утсан хүүхэлдэй”

Жо Байден бол 80 дөхөж яваа жирийн л нэг америк өвөө. Гэхдээ, энэ өвөө одоо Америкийн Нэгдсэн Улс хэмээх хүн амын тоогоороо Дэлхийд гуравт жагсах /330 гаруй сая хүн амтай/ том гүрний Ерөнхийлөгч. Энэ бол асар их эрх мэдэл түүний мэдэлд байна аа гэсэн үг. Гэтэл, түүнд энэ их эрх мэдэл бий юу. Байгаа мэт боловч байхгүй нь харамсалтай.

Тэгвэл америк өвөө Жо Байден юуны учир 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөв. Ардчилсан Намаас нэрээ дэвшүүлж, ялалт байгуулсан нь юуны учир байв. Ерөнхийлөгч асан Дональд Трампыг юуны учир түлхэн унагав.

2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп, Байден нэлээд ширүүн өрсөлдсөнийг та бүхэн санаж байгаа байх. Үнэндээ эрх мэдлийн төлөөх тулаан байсан. Тулаан гэхээр мэдээж ялагч байх нь тодорхой. Гэхдээ энэ тулаанд ялагч нь ард түмэн байх учиртай. Сонгуулийн ялалтын үр шимийг ард түмэн хүртэх ёстой болохоор тэр. Шударга сонгууль, шударга бус сонгууль боллоо гээд Дэлхий нийт энэ асуудалд нухацтай хандаж, сонгуулийн дүнг бүгд л чих тавин хүлээсэн.

Эцэстээ, Жо Байдены ялалтын яруу алдар цуурайтав. Дональд Трампын нэр алдар доройтов. Америк бол жинхэнэ ардчиллын орон гэцгээж, сонгууль шударга боллоо, америкчууд зөв сонголт хийлээ гэж “Си-Эн-Эн”, “Фокс Ньюс” гэх америкийн хэвлэл мэдээллийн “акулууд” америк шонхоруудын төдийгүй Дэлхий нийтийн тархийг ч ёстой угаах шиг л болсон. Тархи угаах төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, тэд /хэвлэл мэдээллийнхэн/ баярлан хөөрцөглөв. Хэний өмнөөс тэд ийнхүү баярлав гэдэг нь харин их сонирхолтой.

Та бүхэн гарчигнаас анзаарсан байх. Өрөвдмөөр гэсэн үг байгааг. Жо Байден яагаад өрөвдмөөр байгааг энд жаал сийрүүлье. Хамгийн сүүлийн нэг үйл явдлыг өгүүлэхэд, есдүгээр сарын 14-нд Жо Байден Айдахо мужийн Бойсе хотод албаны хүмүүстэй гал түймэр гарч буй нөхцөл байдлын талаар ярилцах үеэр шууд дамжуулалтыг Цагаан ордноос гэнэт тасалсан юм. Учир нь, Жо Байден тус мужийн Ой модчдын Үндэсний Холбооны хэвлэлийн төлөөлөгч Жорж Гейслерээс асуулт асуухыг хүссэн.

“Би таниас асуулт асууж болох уу?” гэж Байден асуув.

“Мэдээж бололгүй яахав” гэж Гейслер хариулав.

Байден: “Миний хариуцан ажиллаж байсан зүйлсийн дотроос нэг…”. Жо Байден яг энэ хэдхэн үгийг хэлж амжсан. Тэгтэл шууд нэвтрүүлэг гэнэт тасарсан. Тасрах биш тасалсан. Цагаан ордон Жо Байденыг өөрөөр нь үг хэлүүлэхийг огт хүсээгүй. Хүсдэггүй. Яг эгзэгтэй, чухал мөчид муу ч, сайн ч төрийн тэргүүнийхээ ингэж бүдүүлгээр таслав. Тэд Жо Байден олны өмнө юу ярихаас ингэтлээ их эмээнэ вэ. Энэ бол нэг удаагийн үйлдэл биш аж.

Жо Байден Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөс хойш дээрхитэй төстэй хэд хэдэн тохиолдол гарсан гэж “Нью-Йорк Пост” /New York Post/ бичиж. Тэдгээр бүх тохиолдлуудыг “техникийн саатал гарлаа” гээд өнгөрөөчихдөг явцгүй арга хэрэглэдэг гэнэ. Гэвч, ойр ойрхон “техникийн саатал” гараад байхаар техник технологийнх нь хөгжил дэвшил нь “миарчихсан” улс бол бишсэн, уг нь. Хамгийн хачирхалтай нь, юу гэхээр Жо Байденаас хэн нэгэн “эвгүй” асуулт асуух, эсвэл улс орны хувьд чухал зүйлийн талаар ярих үед “техникийн саатал” гардаг. Яг л сэрүүлэг тавиад тохируулчихсан мэт техник нь гацаж, саатдаг.

Цагаан ордны захиргаа Жо Байденыг хүний овог нэр, огноо зэргийг үнэн зөв хэлж чадахгүй төөрөлдөх вий гэж болгоомжлон, олон нийтийн өмнө үг хэлэхэд нь зориудаар тасалдуулдаг гэсэн яриа дэгдээд байгаа. Саяхны нэг жишээг дурьдвал, өнгөрсөн сард Байден сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлах үеэр нэгэн сэтгүүлч түүнээс “АНУ яагаад Афганистанаас цэргүүдээ татах болсон шалтгааны талаар асуухад мөн л “техникийн саатал” гарч, сэтгүүлч Жо Байденаас асуултын хариултаа авч чадаагүй ганзага хоосон буцсан. Мөн, гуравдугаар сард Ардчилсан Намын нөхөд нь түүнээс асуулт асууж, Жо Байден яг хариулахын алдад түүнийг үгийг тасалчихсан.

“Politico” сэтгүүл өнгөрсөн долоо хоногт Цагаан ордны олон албан тушаалтнууд Жо Байден үг хэлж байгааг нь харахыг хүсдэггүй гэжээ. Учир нь, жо Байдены үгийг зүгээр л дундаас нь тасалчихдаг. Тэд үнэндээ түүнийг өрөвддөг. Жо Байдены туслахууд сэтгүүлчдийн асуултаас аль болохоор зайлсхийж, үгээ хэлж дууссан л бол танхимаас шууд гарч бай гэж байнга сануулдаг талаар Ерөнхийлөгч Жо Байден өөрөө олны өмнө нээлттэй хүлээн зөвшөөрсөн байх жишээтэй. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки хүртэл тавдугаар сард “Үнэндээ бид Байденд: “Асуултанд хариулах хэрэггүй гэж байнга сануулдаг. Гэвч, тэр бол АНУ-ын Ерөнхийлөгч учраас хүссэн зүйлээ л хийх болно” гэж битүүхэндээ Жо Байденыг ёжлоод авсан.  

Энэ Дэлхийн хамгийн “ардчилсан”, хамгийн “эрх чөлөөтэй” гэх америкт Жо Байден энэ мэтээр /эх орондоо/ өөрийн хүслээр үгээ ч хэлэх эрхгүй “эрх мэдэлтэн” болчихоод байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд, Сенатын гишүүн Жим Риш Жо Байдены өмнөөс харамссан аястайгаар, “Америкийн Төрийн тэргүүн бие даан чухал шийдвэр гаргах боломжгүй болсон. Цагаан ордонд түүнийг удирддаг “хүүхэлдэйчин” байх шиг байна” гэжээ.

Тэрхүү “хүүхэлдэйчин” чухам хэн болохыг бид та бүхэнд дараа танилцуулах болно.

 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button