
Элон Маскийн “Тесла” компани хар арьст ажилтанд ажлын байранд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргасныхаа төлөө бараг 140 сая америк долларын торгууль төлөхөөр болсон талаар “Би-Би-Си” /ВВС/ агентлаг мэдээлжээ.
Арьс өнгөөр ялгаварлах үзлийн хохирогч нь тус компанийн Калифорни дахь салбар үйлдвэрт цахилгаан шатны оператороор хэдэн жил ажилласан Оуэн Диас гэх ажилтан юм байна.
Оуэн Диас нь “Тесла” компанид ажиллах хугацаандаа байнга л доромжлуулж байсан гэнэ. Ариун цэврийн өрөөний ханан дээр хүртэл түүнийг элдэвээр зурж ад үзэн доог тохуу хийдэг байсан аж.
Ингээд хохирогч Диас “Тесла” компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрбээр нэхэмжлэлдээ үйлдвэрт хар арьст ажилчдыг хөл хорионы үеэр дээрэлхдэг байсан дурьджээ.
Тангарагтны шүүхээс “Тесла” компани нь ажлын байран дээр ажилчдын өөр хоорондоо дайсагнасан уур амьсгалыг бий болгож, хар арьст ажилтныг дарамтанд орж гадуурхагдахаас урьдчилан сэргийлээгүй гэж үзэн компанийн удирдлага, ажилтнуудыг буруутгажээ.
Ингээд эцэст нь тус компанийг бараг долоон сая америк долларын нөхөн төлбөр, мөн 130 гаруй сая америк долларын торгууль төлөх шийдвэр гаргажээ. Гэсэн ч “Тесла” компанийн төлөөлөгчид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэжээ.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.