Нийгмийн

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Архангай аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллана

2021 оны 10-р сарын 7-ны өдөр Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Архангай аймгийн Засаг даргын тамгын газар түүхэн болон соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ТХЗ-г нутагшуулах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг, санхүүжилтийн гэрээ байгууллаа.

НҮБХХ нь орон нутгийн түвшинд Тогтвортой хөгжлийн зорилтыг орон нутгийн хөгжлийн баримт бичигт тусгах, ТХЗ-ын хэрэгжилтийг хурдасгах туршилтын төсөл хэрэгжүүлэхэд Нийслэл, Орхон аймаг, Завхан аймгийн ЗДТГ-т дэмжлэг үзүүлсээр ирсэн. НҮБХХ Архангай аймгийн ЗДТГ-тай шинээр байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд тус аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас санаачилсан Архангай аймгийг Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болгон хөгжүүлэх /2019-2030/ төлөвлөгөөг биелүүлэхэд голлон анхаарах болно.

Ингэхдээ НҮБХХ, Архангай аймгийн ЗДТГ хамтран Тогтвортой хөгжлийн зорилт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдийн зорилтуудыг үндэслэн аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сургалт, сурталчилгаа, суурь судалгааг хийж,  үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулах, мөн “Малчин эмэгтэйчүүд ба аюулгүй хүнс” хөтөлбөрийг боловсруулж, батлуулан, хэрэгжүүлэх болно. Архангай аймаг цагаан идээ, сүүн бүтээгдэхүүнээрээ алдартай төдийгүй аймгийн эмэгтэй малчдын орлогын гол эх үүсвэр болдог. НҮБХХ төслийн хүрээнд зохион байгуулагдах эрүүл цагаан идээ, сүүн бүтээгдэхүүн боловсруулах сургалт зөвхөн малчин өрхөт эерэг өөрчлөлт авчраад зогсохгүй, эдгээр бүтээгдэхүүнийг худалдаж авдаг үйлчлүүлэгчдэд эрүүл, аюулгүй хүнсний баталгаа болно гэдэгт итгэлтэй байна.

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал НҮБХХ-тэй гэрээ байгуулах арга хэмжээний үеэр аймгийн 2030 хөгжлийн төлөвлөгөөнд уул уурхайн салбарын оронд эко аялал жуулчлалд түлхүү анхаарсан болохыг онцолсон. Мөн уг арга хэмжээний үеэр Архангай аймаг НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлэх төслийн хүрээнд аймгийн зүгээс анх удаа эмэгтэй малчид, аж ахуй эрхлэгчдийг дэмжих ажилд төсөв зааж байгааг дурдсан.

НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич аймгийн нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болгон хөгжих зорилгыг сайшааж, ‘КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон энэ үед Архангай аймгийн энэхүү санаачилга бусад аймагт тус салбарыг сэргээх үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байна’ хэмээн онцлон тэмдэглэв.

НҮБХХ нь Архангай аймгийн ЗДТГ-т аялал жуулчлалын салбарт суурилан тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих ажилд манлайлж буйд талархал илэрхийлж, тус аймагтай НҮБ-ын хэнийг ч орхигдуулахгүй байх, нийгмийн зорилтот бүлэгт голлон анхаарах зарчим дор аймгийн хэмжээнд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг бий болгох урт хугацааны хамтын ажиллагаагаа эхлүүлэхдээ таатай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button