Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ Б.Халиун: Бид чанартай ОРГАНИК бүтээгдэхүүнийг "хямд” үнээр борлуулдаг

Сүүлийн үед охид эмэгтэйчүүд органик түүхий эдээр хийсэн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонирхон худалдаж авах болсон. Тэгвэл бид энэ удаагийн ҮЙЛДВЭРЛЭГЧ булангаараа гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй “НАМУУ” хэмээх ванны бөмбөлөг, давс, гуужуулагч зэрэг арьс арчилгааны стандартын сав баглаа боодолтой органик бүтээгдэхүүн хийж борлуулдаг Б.Халиун болон Ц.Анударь нартай уулзаж ярилцлаа.

МАНАЙ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ИХЭНХ ЦАГИЙГ ЛАБОРАТОРИД ӨНГӨРӨӨДӨГ, ХАРИН БИ ТЭГЭХИЙГ ХҮСЭЭГҮЙ УЧРААС БИЗНЕСИЙН САНАА ХАЙЖ ЭХЭЛСЭН

-Уншигчдад маань өөрийнхөө талаар танилцуулна уу?

-Намайг Б.Халиун гэдэг. Монгол Улсын Их Сургуулийн химийн ангийг төгссөн. Одоо Эко-Ази Байгаль Орчны Дээд Сургуульд экологийн магистр зэрэг хамгаалж байна. Энэхүү компаниа 2016 оны тавдугаар сард байгуулаад бүтээгдэхүүнээ зургадугаар сараас нь борлуулалтанд гаргаж байсан.

-Яагаад банны хөөс, саван гэх мэт арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон бэ? Мэргэжил тань давуу тал болж өгсөн үү?

-Тиймээ. Манай мэргэжлийн онцлог бол ихэнх цагийг лабораторид өнгөрөөдөг. Харин би тэгж удаан суухыг хүсээгүй. Тиймээс өөр юу хийж болох тухай бодсон. Үүний үндсэн дээр саван хийвэл дагалдах банны бөмбөлөг, давс гэх мэт бүтээгдэхүүн хийе гэж шийдсэн. Анх найзтайгаа нийлж бодож байгаад хоёулаа мэргэжлээрээ л ажил хийе гэсэн шийдвэрт хүрсэн юм.

-Одоо хэдэн ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Үндсэн хоёр ажилчин бий. Бусад нь цагийн ажилтнууд. Одооноос тогтвортой ажиллах био технологийн ажилтан авахыг эрмэлзэж байна. Цагийн ажилтнуудаа  өөрсдөө сургаж авдаг бөгөөд ихэнхдээ мэргэжил шаардахгүй ажлуудаа хийлгэдэг.

-Ямар нэгэн бизнесийг эхлүүлэхэд зайлшгүй судалгаа хийх шаардлага тулгардаг. Таны хувьд хэр удаан судалгаа хийсэн бэ?

-Найзтайгаа хамтарч 2-3 сар судалгаа хийж байсан. Эхний бүтээгдэхүүнээ бэлэн болгоод ойрын хүмүүстээ хэрэглүүлж, өөрсдөө бас туршиж үзсэн.

-Зах зээлээ хэрхэн судалж, сигментээ яаж тодорхойлсон бэ?

-Сигментээ 16-с дээш насны эмэгтэйчүүд голчлон хэрэглэнэ гэж үзэж байсан. Харин ванны бөмбөлөг давс хийдэг газрууд цөөхөн байсан боловч дөнгөж сургуулиа төгссөн бидэнд хамт олон, танил байгаагүй. Сүүлийн үед хүмүүст их танигдаж эхлээд байна.

-Бизнес эхлүүлэхдээ санхүүгийн асуудлаа яаж шийдсэн бэ?

-Санхүүгийн асуудал хэцүүхэн байсан. Бид хоёр талаасаа 200 мянган төгрөг гаргаад материалуудаа цуглуулаад бүтээгдэхүүнээ хийж үзээд, судлаад явдаг байлаа. Эхэндээ хэцүү үеүд зөндөө тохиолддог байсан. Бизнесийг мөнгөтэй эхэлбэл хурдан томордог гэдгийг мэдэж авсан. Бидний хувьд багаас эхлээд удаанаар өсч байна.

БАЙРНЫ ХАГАС ПОДВАЛ ТҮРЭЭСЛЭЭД ХОНОН ӨНЖИН БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ  ТУРШИЛТЫГ ХИЙДЭГ БАЙСАН

-Хэцүү үе их байсан гэлээ. Үүнээсээ хуваалцахгүй юу?

-Анх манай гэрийн нэг өрөөнд хоёулаа бүтээгдэхүүнээ хийж эхэлсэн. Тэгж байгаад хийх боломжтой, зах зээл байна гэдгийг ойлгосон юм. Ийнхүү нэг байрны хагас подвал түрээслээд хонон өнжин туршилтандаа шамдаж байлаа. Эргэлтийн хөрөнгө сайтай бол гаргаж буй бүтээгдэхүүний тоо ширхэг болоод шинэ үйлдвэрлэх бүтээгдэхүүний хөрөнгө бий болно. Эсэргээрээ эргэлтийн хөрөнгө хангалтгүй бол үүндээ хязгаарлагдаад хөгжиж чадахгүй хэцүү үе байсан. Зээл олох, өөр ямар нэгэн гарц хайх гэх мэтээр хугацаа их алдсан.

-Одоо худалдан авалт хэр байна вэ? Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн хувьд ямархуу байна?

-Манай үйлчлүүлэгчид үргэлж гоё байна, сэтгэл ханамжтай байна гэж эргээд холбогддог. Худалдан авалтын хувьд өдөр өдрөөр их бага хэмжээгээр өсч байна. Хүмүүс манай бүтээгдэхүүнийг хэрэглэж сурсан. Бэлгийн багцуудаас маань авч, гэр бүл болон найз нөхөддөө бэлэглэдэг.

-Хэдэн төрлийн нэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-Одоогийн байдлаар дөрвөн нэр төрлийн 20 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тухайлбал, манай анхны бүтээгдэхүүн буюу ванны бөмбөлөг, ванны давс, скраб, төрөл бүрийн саван, гуужуулагч гэх мэт. Гуужуулагчын хувьд кофетойг худалдаанд гаргасан байгаа удахгүй овъёостойг үйлдвэрлэж эхэлнэ.

-Гадуур олон төрөл зүйлийн гуужуулагч худалдаалдаг болсон шүүдээ. Харин кофе болон овъёостой нь юугаараа онцлог вэ?

-Кофе нь арьсанд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг давуу талтай. Манайх кофетой саван гэж гаргадаг бөгөөд батганы эсрэг сайн үйлчилгээтэй. Харин гуужуулагчын хувьд язралтын сорвийг бүдгэрүүлэх, үхэжсэн эд эсийг өөртөө сайн шингээх зэрэг нөлөөтэй. Овъёос бол харшилтай хүмүүст илүү тохиромжтой. Нүүрэндээ ч хэрэглэх боломжтой зөөлөн гуужуулагч юм.

-Савалгааны хувьд ямар төрлүүд байна вэ? Хэр удаан хэрэглэгдэх бол?

-Манайх жижиг том олон төрлийн савалгаатай хийдэг. Ванны давс гэхэд 100гр 900гр гэсэн төрлүүдээр гаргаж байна. 100гр нь нэг удаагийн хэрэглээнд тохиромжтой. Харин 900гр-г нэг хүн 4-10 удаа хэрэгдэх боломжтой байна. Тухайн хүний хэрэглээ сонирхол ямар байгаагаас шалгаална.

-Үнийн хувьд хэдээс хэдэн төгрөг байна вэ?

-Яг одоо борлуулагдаж байгаагаас хамгийн үнэтэй бүтээгдэхүүн бол 9000 төгрөгний давс байна. Удахгүй шинээр биеийн тос гаргах төлөвлөгөөтэй байгаа арай үнэтэй гаргах байх. Гуужуулагч 7500 төгрөг, бөмбөлөг 5000 төгрөг, саван 5000-5500 төгрөгний үнэтэй худалдаалагдаж байна.

ВАННЫ БӨМБӨЛӨГТЭЙ УСАНД 20-25 МИНУД ХЭВТСЭНИЙ ДАРАА АРЬСАА ҮРВЭЛ ӨНГӨН ХЭСГИЙН ҮХЭЖСЭН АРЬС САЙН ГУУЖДАГ

-Захиалгаар ямар нэг бүтээгдэхүүн хийдэг үү?

-Заримдаа захиалгын бүтээгдэхүүн хийж үйлчилнэ. Саяхан хурим, хүүхдийн даахь үргээх ёслол болон төрсөн өдрийн захиалгууд авч эхэлсэн. Үүнд ирсэн хүмүүсийн гар цайлгах бэлгийн багц орно. Мэдээж тухайн хүний хүсэлтээр үг бичсэн шошго нааж өгдөг байгаа. Хуримын багц 5000 төгрөгийн үнэтэй. Сэвлэг үргээх багцын хувьд 5000-10000 төгрөгийн үнэтэй гарна гэж төлөвлөсөн.

-Анхлан бизнес хийж буй хүмүүст бүтээгдэхүүнээ таниулах хэцүү байдаг шүү дээ. Таны хувьд маркетингаа яаж хийсэн бэ?

-Эхлээд маркетинг бизнесийн чиглэлийн хүн байхгүй учраас аргаа олохгүй нэлээн явсан. Хоёулахнаа бүтээгдэхүүнээ хийж л мэдэхээс бус хэрхэн борлуулах ёстойг мэдэхгүй. Яваандаа туршлага суудаг юм байна. Манай пэйж нэлээд хандалттай болсон. Анзаарч байхад цахим сүлжээнд идэвхитэй байх, хамтарч буй газар олонтой, алдартай хүмүүстэй хамтарч ажиллах зэрэг нэлээд нөлөөлдөг болохыг олж мэдлээ. Гэхдээ манайх энэ чиглэлийн ажлуудыг хараахан хийж эхлээгүй. Сүүлийн үед хийж буй хүн нь сошиал сүлжээнд нөлөөтэй байх шаардлагатай санагдсан. Бид өөрсдөө тийм нөлөөтэй идэвхитэй хүмүүс биш учраас /инээв/.  Гурван жил тасралтгүй зүтгэсэн учраас л энэ зэрэгтэй танигдаж байна гэж боддог.

-Худалдан авагчид ямар төрлийн бүтээгдэхүүнд илүү сэтгэгдэл өндөртэй байна вэ? Танай цахим хуудсыг сонирхож үзэхэд ванны бөмбөлөгийг тань нэлээд магтсан сэтгэгдлүүд харагдсан?

-Хүмүүс тэр бүр мэддэггүй. Ванны бөмбөлөгтэй усанд 20-25 минут хэвтсэний дараа хүний арьс зөөлөрсөн үед нь үрвэл үхэжсэн арьснууд “урамтай” гуужиж өгдөг. Саяхан нэг хэрэглэгч маань болит зургаа оруулан сэтгэгдэл үлдээсэн нь бусад хүмүүст том жишээ болох шиг боллоо /инээв/.

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Аль болох Монголоосоо авахыг хичээдэг. Давс маань Увс аймгаас ирдэг, сода Ботаникт байдаг сода оруулж ирдэг газраас, нимбэгний хүчлээ химийн компаниас авдаг байгаа.

-Зарим хүмүүс арьс арчилгааны зарим бүтээгдэхүүнийг хэрэглэж мэддэггүй шүүдээ. Жишээ нь скрабыг хэрхэн хэрэглэвэл илүү үр дүнтэй вэ?

-Усанд ороод биеэ угаасны дараа скрабаа гарандаа авч биеэ үрээд усаар зайлаад гардаг. Скраб нь үхэжсэн өнгөн хэсэгт байгаа арьсыг өөртөө шингээн авдаг. Манай бүтээгдэхүүний хувьд скраб хэрэглэсний дараа биендээ тос түрхэх шаардлагагүй цаг хэмнэдэг байгаа.

ШАНТРАХ ҮЕД ХҮҮХЭД МААНЬ МИНИЙ ХАМГИЙН ТОМ ХӨШҮҮРЭГ БОЛДОГ

-Гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн хийдэг учраас хүний арьсыг судлах шаардлага их гардаг байх. Ямар судалгаануудад үндэслэн бүтээгдэхүүнээ шинэчилдэг вэ?

-Манай бүтээгдэхүүнүүд хуурай болон ердийн арьсанд илүүтэй тохирдог. Харин савангууд тослог арьсанд тохиромжтой. Маш их судалгаа хийнээ. Интернэтээс судалгаанууд үзнэ, зөвөлгөөнүүд уншина. Олон төрлөөр хийж ойр тойрныхоо олон хүн дээр туршиж санаа бодлыг нь сонссоны үндсэн дээр хийдэг /инээв/. Одоогийн байдлаар ямар ч харшил илрээгүй. Химийн найрлагагүй органик бүтээгдэхүүн учраас хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй .

-Сав баглаа боодлоо хэрхэн шийдэж байна вэ?

-Заримыг нь урдаас оруулж ирдэг. Учир нь Монголоос олох хэцүү. Иймд давс болон скрабны сав боодлыг урдаас оруулдаг байгаа. Онцлог нь Монголд дахин боловсруулдаг газар бий. Тэдэнтэй гэрээ хийгээд саваа өгч байна. Манайх сав баглаагаа эргэн татдаг болж байгаа. Хэрэв хэрэглээд дууссан саваа буцааж өгвөл дараагийн худагдан авалтыг таван хувь хөнгөлж өгдөг.

-Бизнес эхлүүлээд явахад шантрах үе гардаг байх. Тэр үед урам өгдөг зүйлсээсээ хуваалцаач?

-Зөндөө шантрах үе тулгарсан. Борлуулалтгүй болж байлаа, өрөнд орж үзлээ. Залуу хүмүүс учраас зээл авахад асуудалтай, барьцаанд тавих зүйл байхгүй. Энэхүү бизнесийг найзтайгаа хоёулаа эхэлсэн учраас бие биенээ шантрах үед нь хурцалж өгдөг. Би саяхан хүүхэдтэй болсон. Тэр минь одоо миний хамгийн том хөшүүрэг болж байна. Ямартай ч шантрахгүй үргэлжлүүлэн зорилгодоо хүрнэ.

-Анх нөхөрлөл дээр тогтож бий болсон бизнес  шүүдээ. Юу та хоёрыг барьж энэ бизнесийг үргэлжлүүлж байна вэ?

-Бид хоёр их сургуулийн хоёр өөр ангид ижилхэн курст явдаг байсан. Анх нэг хичээлд хамт суугаад нөхөрлөж эхэлсэн. Анхнаасаа л сайн найзууд байсан бөгөөд ес дэх жилдээ нөхөрлөж байна.

-Брэндийнхээ нэрийг яагаад “Намуу” гэж өгсөн бэ?

-Брэндээ нэрлэх маш хэцүү байсан. Удаан бодсоны эцэст өөрсдөө ч өгөөгүй юм. “Онц дүмд”-ийн Дамбжаа ноёнд дуу оруулдаг н.Бат-Оргил гэдэн хүн “Намуу” гэж нэрлэх саналыг анх хэлж өгсөн. Хүмүүс бидний аль нэгнийх нь нэр гэж боддог. Үнэндээ бол “Намуу цэцэг чамайг, Саруул талаас түүгээд, Хөөстэй саван болгоод, Хөөрхөн нүүрээ угаана даа” гэдэг шүлгийг бодож өгсөн нэр юм /инээв/. Анх н.Бат-Оргил дээр логогоо хийлгэх гээд очсон чинь нэр олддоггүй. Гурвуулаа ярьж сууж байгаад ийм нэр өгөхөөр шийдсэн.

ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАЖУУГААР ГЭРТЭЭ СУУДАГ ЭЭЖҮҮД ХАМТАРЧ АЖИЛЛАДАГ

-Цаашдын зорилгоосоо хуваалцана уу?

-Савангийн судалгаа хийгдээд дууссан үндсэндээ гарахад бэлэн болж байна. Том үйлдвэрийн хэмжээнд очоод гаднаас орж буй саванг халж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ чанарт тодорхой хэмжээгээр нөлөөлөх зорилготой.

-Хүргэлтийн үйлчилгээ бий юу?

-Манайх “Шонхор” гэдэг хүргэлтийн үйлчилгээтэй хамтарч ажилладаг. Нэрийн дэлгүүр байхгүй ч хүмүүстэй борлуулах цэг хэлбэрээр хамтардаг. Түүнчлэн гэртээ суудаг ээжүүд хамтарч ажилладаг байгаа. Яваандаа нэрийн дэлгүүртэй болно гэж боддог.

-Энэ төрлийн бүтээгдэхүүнийг хийж борлуулдаг газрууд олширсон шүүдээ. Тэднээс юугаараа онцлог вэ?

-Ижил төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг газрууд бүгд л органик сайн чанарын түүхий эд хэрэглэж байгаа байх. Бидний хувьд ч ялгаагүй. Гэвч манайх бусад газрыг бодвол арай хямд боловч чанартай бүтээгдэхүүн хийдэг. Мэдээж стандартын сав баглаа боодолтой.

-Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих зорилготой зохион байгуулагддаг үзэсгэлэн, арга хэмжээнүүдэд хэр оролцдог вэ?

-Тийм зүйлд оролцож байгаагүй. Харин “Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих төв” гэдэг газар очиж хэд хэдэн сургалтанд сууж байсан. Энэ нь бидэнд том туршлага өгсөн.

-Бизнес эхлүүлээд тодорхой хугацаанд туршлагатай болсон байх. Шинэхэн бизнес эхлүүлж буй залууст хандаж юу гэж хэлмээр байна?

-Хэзээ ч битгий шантраарай. Зорилготой байгаарай гэж хэлье даа. Мөн зах зээлээ судлах их чухал. Дээрээс нь хийж буй зүйлс чинь чанартай байх хэрэгтэй. Зөвхөн мөнгөний бус хүний төлөө байгаарай. Сайн зүйл хийж байгаа л бол чи удаанаар ч хамаагүй амжилтанд хүрнэ.

-Ярилцлагын төгсгөлд хэлэх зүйл бий юу?

-Юун түрүүнд манайхыг онцлон ирж ярилцлага хийж буй та бүхэнд баярлалаа. Мөн манайхыг сонгон үйлчлүүлдэг бүх хүмүүстээ хандаж хэлэхэд та бүхнийхээ итгэлийг алдахгүй шинэ бүтээгдэхүүнтэйгээр уулзсаар байх болно. Борлуулах цэгүүдээ ч нэмнэ. Маш том зорилго тавьсан учраас та бүхэндээ их зүйлийг амлаж чадна.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

С.ХОНГОРЗУЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГС.БОРГИЛ

"Намуу” брэндийн пэйж хуудсаар зочлох бол ЭНД дарна уу

Холбогдох утас: 9994 0555

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button