БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд
Мэдээ, мэдээллийн EGUUR.MN сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.
СУРВАЛЖИЛГА: 24 цагаар замын хажуугийн үйлчилгээ үзүүлдэг “MAS” компани

Замын голд автомашин тань гэнэт асахаа боливол яах вэ? Эсвэл хөдөлгөөн дунд шатахуун тань дуусаад түгжрэл үүсгэвэл ямар арга хэмжээ авах вэ? Жолооч нар тал талаас орилолдож, дуут дохиогоо дуугаргавал та яах вэ. Манай орны эрс тэс уур амьсгалаас шалтгаалан өвөл зуны дугуй солих, хүйтэнд машины хөдөлгүүр “хөлдөөд” асахгүй байх зэрэг олон бэрхшээл тулгардаг. Монголдоо анхлан “Замын хажуугийн үйлчилгээ”-г нэвтрүүлж, жолооч нарт 24 цагаар хаанаас ч дуудлага өгсөн автомашины засвар үйлчилгээг үзүүлдэг “MAS” компанийн гүйцэтгэх захирал Г.Ууганбаяртай ярилцлаа.
-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Ганбаатарын Ууганбаяр гэдэг. Хөвсгөл аймгийн уугуул, 10 жилээ Мөрөн нэгдүгээр сургууль төгсөн, ШУТИС-ийн КТМС-ийн программ хангамжийн ангийг 2009 онд дүүргэсэн. Манай аав Мөрөн – Улаанбаатар чиглэлийн хот хоорондын тээврийн жолооч насаараа хийсэн хүн байсан. Багаасаа автомашинд дуртай, хоббитой хүүхэд байсан. Одоо ч тэр хоббигоо хаяаагүй үргэлжлүүлсээр байгаа. Мэргэжлээрээ 2008 оноос хойш есөн жил ажилласан. Хүн сонирхолтой, хоббитой зүйлрүүгээ өөрийн эрхгүй татагддаг юм билээ. Нэг мэдсэн сонирхол хоббигоо ажил болгон 2016 оны тавдугаар сараас “MAS” замын хажуугийн үйлчилгээг явуулж эхэлсэн.
–Замын хажуугийн үйлчилгээ гэж юу вэ?
-Автомашинд учирсан энгийн гэмтлийг газар дээр нь засаж хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлийг бүрэн хангах. Олон улсын стандарт үйлчилгээг замын хажуугийн үйлчилгээ гэнэ.
–Замын хажуугийн үйлчилгээ” –д юу юу багтдаг вэ?
- -Манайх үндсэн 6-н төрлийн, 40 гаран үйлчилгээ үзүүлдэг
- Дуудлагын дугуй засвар
- Тос тосолгоо
- Автомашин ачилтын үйлчилгээ
- Асаах үйлчилгээ
- Цоожлогдосон машин онгойлгох үйлчилгээ
- Шатахуун хүргэлтийн үйлчилгээ
Нэмээд шинэ дугуй, аккумулятор, тос тосолгоо, нэмэлт бүтээгдэхүүн худалдаа, үйлчлүүлэгчийн байгаа газар хүргэн угсарч суурилуулж өгдөг
Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Чол Сүн: Өөрийгөө бус өрсөлдөгчөө түрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг

Азийн хамгийн шилдэг тамирчдын нэг бол яах аргагүй Чол Сүн. Ялангуяа бодибилдинг, фитнесийн спортод хамгийн тод мөртэй тамирчдын нэг тэр мөн. 36 настай түүнийг хүмүүс “Азийн Арнолд Шварценеггер” гэдэг. Бахдам амжилт, сүрдэм цол гуншинтай Чол Сүн манай улсад болсон “IFBB Pro Qualifier Mongolia” олон улсын тэмцээний хүндэт зочноор Монголд ирсэн юм. Зөвхөн фэйсбүүк хуудас нь л гэхэд 1.6 сая дагагчтай түүнтэй ярилцлаа.
–Юуны өмнө Монголд анх удаа ирсэн сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Үнэхээр баяртай байна. Сүүлийн жилүүдэд IFBB холбооноос Ази тивд олон тэмцээн зохион байгуулж байгаа. Мэргэжлийн тамирчны (Pro) үнэмлэх олгодог тус тэмцээнд би хүндэт зочноор оролцон, шоу үзүүлбэр үзүүлдэг. Энэ удаа ч бас танай улсад болсон олон улсын тэмцээнд тийм ажлаар ирлээ. Би энд, тэнд урилгаар очихдоо тухайн арга хэмжээ дуусангуут эх орон руугаа буцдаг. Танай улс надад их таалагдсан болохоор олон хонож байгаа юм шүү. Монголын тал нутаг дуу алдмаар сайхан, бүсгүйчүүд нь үнэхээр хөөрхөн юм аа. Тийм болохоор би хоргодоод, болдог сон бол явмааргүй байна. Монголчууд зочломтгой гэдэг нь үнэн юм байна. Дахиад хэд хоновол би хүн биш гахай болох байх (инээв). Нутагтаа очиж, биеэ сайхан сэргээн, амарчихаад зав гарахаараа Монголд заавал ирнэ ээ.
–Та манай улсад болсон “IFBB Pro Qualifier Mongolia” олон улсын тэмцээний хүндэт зочин. Монгол тамирчдын ур чадварыг хэрхэн дүгнэв?
-Үнэхээр мундаг юм байна. Монгол тамирчдыг ийм ур чадвартай, гоё биетэй гэж ёстой төсөөлөөгүй. Мэргэжлийн түвшинд хэрхэн хүрэх, яаж өрсөлдөх учраа л олохгүй байгаа бололтой. Түүнээс биш амжилт гаргах нөөц, боломж дүүрэн байна. Танай улсын тамирчдыг худлаа магтаж байна гэж битгий бодоорой. Би үнэнээсээ хэлж байгаа юм шүү.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
“Жаст”-ын Ш.Батхүүгийн ОНЦЛОХ ГУРВАН ХӨРӨНГӨ хэнд очив

“Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, “Стандарт” банкнаас зээл авсан асуудлаар Монголын тал ялагдал хүлээсэн. Улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас 40 сая ам.долларыг төлсөн билээ. Тиймээс ч Ш.Батхүүд хамаарах хөрөнгүүдийг зарж, хохирлыг барагдуулахаар битүүмжлэл үүсгээд байсан юм.
Тэгвэл, Ш.Батхүүгийн зүгээс зохиомол дампуурал үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, бусдад шилжүүлсэн хөрөнгүүдээ зарахыг зөвшөөрөөд буй. Ийм цаг үед тэрбээр хөрөнгөө хэн хэнд шилжүүлсэн бэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм. Түүний онцлох гурван хөрөнгө болох: “Жаст ойл” ХХК, “Олон овоот”-ын уурхай, “Мах трейд” ХХК-иуд өдгөө хэнд очсон бэ?
“Магнай Трейд” ХХК-ийн захирал Р.Ганзориг 2013 оны долоодугаар сард дампуурлаа зарласан “Жаст” группын “Жаст Ойл” ХХК-ийг 40 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авч, хүү Г.Дашнямд шилжүүлсэн гэх мэдээлэл тухайн үед яригдаж байв. “Жаст ойл” ХХК нь тэр цагт Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Орхон аймгуудад газрын тосны бүтээгдэхүүний агуулахтай, нийслэлээс гадна 16 аймагт шатахуун түгээх станцын сүлжээтэй “том” компани байв. Р.Ганзоригийг албан ёсны зөвшөөрөлгүй ААН худалдан авсан, илтэд хууль зөрчин хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн гэдэг үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж байсан нь ч бий.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Мошод Афолаби: Намайг Монголд хуурч авчирсан агентдаа үнэхээр гомдож байна

Мэргэжлийн хөлбөмбөгчин болох, томоохон клубт хүчин зүтгэх мөрөөдөлдөө хөтлөгдөн Монголд ирсэн Нигерийн тамирчин Мошод Афолаби тун хүнд байдалд байна. Манай улсын хөлбөмбөгийн лигт тоглуулахаар зуучилсан, нутаг нэгт Майкл гэгч эр түүнийг мэхэлжээ. Гадаадын томоохон лигийн хараанд өртөх боломж хайсаар, дэврүүн мөрөөдөлтэй ирсэн Мошод Афолабигийн визнийх нь хугацаа жилээр хэтэрчихсэн, эх орон руугаа буцах зардлын мөнгөгүй ёстой л нөгөө дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдэрч сууна. Визнийх нь хугацаа хэтэрсэн болохоор Монголд ажил хийх, аль нэг багт тоглох боломжгүй. Хүний нутагт хэнд хандах, юу хийхээ үл олж яваа түүний тухай “Аль-Жазира” агентлаг мэдээлсэн нь олны анхаарлыг ихэд татсан. Зарим хүн үүнд Монголын хөлбөмбөгийн холбоог, Мошод Афолабигийн гурван сар хүчин зүтгэсэн “Ховд вестерн ФС” клубийнхныг буруутгаж байгаа нь анзаарагдсан. Тиймээс бид Мошод Афолабитай ярилцан, уншигчдад үнэн, бодит мэдээлэл хүргэхийг зорилоо.
-Майкл Монголын лигт тоглуулах санал танд тавихад хэрхэн хүлээж авсан бэ. Тухайн үед юу болсон талаар сонирхуулахгүй юу?
-Би Майклыг сайн танина. Тэр танай улсын лигт тоглодог байсан. Үнэнийг хэлэхэд би анхандаа Монголын бус Мозанбекийн лигт хүчин зүтгэх сонирхолтой байлаа. Түүнийгээ Майклд хэлэхэд “Би Мозанбект тамирчин зуучилж, тоглуулсан. Цалин багатай, хөлбөмбөг тоглохын хажуугаар ажил хийх боломжгүй, дэмий юм билээ. Би Монголын лигийг сайн мэднэ, ихэнх клубийн удирдлагыг танина. Холбоод өгч чадна. Тухайн клуб чамайг сард 200 ам.доллараар цалинжуулаад, байр, хоол гээд бусад зүйлийг нь даана” гэсэн. Би түүнд итгэсэн, дажгүй санагдсан. Юу ч гэсэн Монголын лигт тоглоод үзье, гадаадын том багийн хараанд өртөж магадгүй гэж бодсон л доо. Монголын лигт хүчин зүтгэдэг нигер хөлбөмбөгчдөөс асуухад “Боломжийн, хүрээд ир” гэсэн. Майкл миний визийг гаргуулж, онгоцны тийз бичүүлэхийн тулд надаас эхлээд 1500 нира авсан. Өвөө, аав хоёр надад туслахын тулд газраа зарсан. Тэгээд би жуулчны нэг сарын визээр Майклын хамт өнгөрсөн оны тавдугаар сарын 10-нд Монголд ирэхдээ түүнд дахиад 1200 ам.доллар өгсөн. Гэтэл энд ирэхэд тэс өөр нөхцөл байдал угтсан. Би анхандаа юу болоод байгааг ер ойлгоогүй. Танай улсад ирэнгүүтээ клубтэй гэрээ байгуулна, өндөр цалин авна гэж бодоод ирсэн шүү дээ. Гэтэл байдал эсрэгээрээ эргэлээ. Яг юу болоод байгааг Майклаас асуухаар “Удахгүй зохицуулна аа” гэдэг байв. Асуудал эвгүйтсэнийг мэдсэн ч надад буцах зардал байгаагүй. Тийм хүнд нөхцөлд байхад “Ховд вестерн ФС” клубийнхэн надад тусалж, багтаа тоглуулсан. Тус клуб мэргэжлийн, дээд лигийн баг биш тул намайг цалинжуулах боломж байгаагүй. Байр, хоол зэрэг бусад зардлыг минь даая гэсэн болохоор 2018 оны тавдугаар сарын 18-нд тэдэнтэй гэрээ байгуулаад тоглосон юм. Монголын хөлбөмбөгийн өнгөрсөн жилийн нэгдүгээр лиг хоёр сар орчим үргэлжилсэн. Тэгж явсаар миний гэрээ өнгөрсөн жилийн наймдугаар сард дуусав. Би “Ховд вестерн ФС” багт тоглосондоо сэтгэл хангалуун байна, 20 гаруй гоол оруулсан. Аав, өвөө хоёр минь надад ямар их итгэж, найдаад явуулсан билээ. Гэтэл ийм юм болчихлоо. “Ховд вестерн ФС” клубтэй байгуулсан гэрээ дууссанаас хойш нэг найзтайгаа хамт байр түрээслэн амьдарч байна. Найз минь нигер, бас визнийх нь хугацаа дуусчихсан. Миний визний хугацаа дууссан болохоор ажил хийх, аль нэг багт тоглох ямар ч боломжгүй. Хуулиндаа хориотой болохоор ямар ч аргагүй. Өнгөрсөн хугацаанд юм юм л хийлээ. Барилгын туслах, угаагч гээд хийж үзээгүй ажил ховор үлдсээн. Хөлбөмбөг тоглохоос өөр чадах юмгүй, мэргэжилгүй болохоор бүр ч хэцүү юм. Би хувь хүнээр дамжуулаад танай улсад ирсэн болохоор Монголын хөлбөмбөгийн холбоо буруугүй.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
СУРВАЛЖИЛГА: Сайн дурын онцгой байдал буюу “Mongolian Pajero club”-тэй уулзсан нь

Өвлийн цасан шуургатайд болон зуны үертэйд автомашинаа гацаасан, живсэн, онхолдсон зэрэг олон бэрхшээлтэй тулгарч тусламж хүссэн иргэдэд үнэ төлбөргүй тусалдаг бараг л “сайн дурын онцгой” гэж хэлж болохоор хүмүүс бол “Mongolian Pajero Club”-ийн хамт олон билээ.Тус клубийн “үүр” гэгдэх автомашины грашаар зочлох зам маань тун амаргүй донсолгоо ихтэй байсан бөгөөд аргагүй л туршлагатай жолоочдын цуглах газарт тохирсон зам хэмээн бодогдуулж байлаа. Хаашаа хэрхэн явахыг клубийнхаа тэмдгээр тун ойлгомжтой заасан байх аж. Ийнхүү бид хүмүүст туслахын сайхныг олонд таниулж буй энэхүү клубийн санаачлагч Н.Болортой уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу? Ярилцлагын эхэнд өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу, “Монголын Mitsubishi Pajero” ТББ-ын тэргүүн Н.Болор гэдэг. Анх энэхүү төрийн бус байгууллагаа 2012 онд байгуулаад, албан ёсны тамга тэмдгээ 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр авч байлаа. Түүнээс хойш одоог хүртэл маш олон аврах болон “sos” ажиллагаанд хамт олноо уриалан авч явж нийгэмд эерэг мессэж өгч байна. Бидний аавуудын үед тээврийн жолооч нар бие биедээ их тусалдаг байсан бол одоо тийм зүйл байхгүй болж, хоорондоо арсалдаж явдаг болсон. Үүнийг өөрчлөн бие биедээ туслах сэтгэлийг түгээе гэсэн уриалгыг 2016 оны нэгдүгээр сарын 4-нөөс өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэн ажиллаж байна.
-“Mongolian Pajero Club”-ийн үндсэн зорилго юу вэ?
-Клубийн үндсэн зорилго бол автомашины мэдлэгийг сайжруулах, авто спортын мэдлэгийг дээшлүүлж, дэмжих, сайн үйлсийн аян зохион байгуулах гэсэн зорилготойгоор үүсгэн байгуулсан. Анх үүсгэн байгуулагдсан өдрөөс өнөөг хүртэл хийсэн сайн үйлс олон бий. Бидний зүгээс хог түүх, овооны модны хадаг яндар түүж цэвэрлэх, хүүхдүүдэд бэлэг тараах, ядарсан айлд нүүрс дөхүүлж өгөх зэрэг дотроосоо бага багаар мөнгө босгоод олон сайн үйлсийн аян хийж үзсэн. Гэвч энэ бүгд бидний хийх зүйл биш гэдгийг ойлгосон юм. Бид бол “extreme awto club” машин маань туулах чадвар сайтай. Иймд клубийн удирдах зөвлөлийн зургаан гишүүн болон жинхэнэ гишүүд болох 117 хүн хоорондоо хуралдаж байгаад албан ёсны байнгын сайн үйлсийн аян буюу авто “sos” гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Үүнийг бид 2014 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр ОБЕГ-ын тусгай дугаар болох 105 дугаарт албан ёсны авто клубээ танилцуулсан. Ямар нэгэн онцгой байдлын үед буюу цасан шуургатай, үертэй нөхцөлд клубийн маань залуус өөрсдийн бинзен болон тусгайлан бэлдсэн автомашинаар туслах болно. Иймд манай залуусыг харьяа дүүргийн салбарууддаа анхны тусламж үзүүлэх мэдээлэл сургалтад хамрагдуулж өгөхийг хүссэн. Одоогоор 32 хүн сертификаттай болсон байна.
Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Д.Цэрэнтогтох В сорьцоо өгсөн тул НЭРИЙГ НЬ ЗАРЛАЛГҮЙ ҮЛДЭЭЖЭЭ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өчигдөр /2019.08.26/ Улсын аварга Э.Оюунболдоос допинг илэрснийг албан ёсоор зарлалаа.
Улсын аварга Э.Оюунболдоос гадна өөр нэг бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо онцолж буй. Гэвч нэрийг нь өчигдөр зарласангүй. Учир нь, эхний шинжилгээгээр допинг илэрсэн бөх В сорьцоо өгөөд байгаа юм.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
ТОДРУУЛГА: 28-р цэцэрлэгийн эрхлэгч өрөөгөө хэт тансаг тохижуулсан уу

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 64 цэцэрлэгийг ашиглалтад оруулах бөгөөд үүний нэг нь Хан-Уул дүүргийн 28-р цэцэрлэг. Тус цэцэрлэг нь 1936 онд ашиглалтад орж, 1994 оноос бидний хэлж заншсанаар “24 цагийн цэцэрлэг”-ээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Гэвч уг цэцэрлэгийн эрхлэгч өөртөө тансаг зэрэглэлийн өрөө тохижуулж байна хэмээх мэдээлэл цахим орчинд цацагдан, МХЕГ-ын байцаагч болон сурвалжлагч нар очин газар дээрээс нь мэдээлэл хүргэсэн билээ. Тэгвэл уг шууд дамжуулалтын үеэр нэгэн иргэн уг цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөг барилгын компани нь өөрөө саналаараа тохижуулж, хийж өгч байгаа гэх мэдээллийг тавьсан байсан юм. Иймд бид тус цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэж буй “Морин сувд” ХХК-тай холбогдож, энэ талаар тодрууллаа.
-Танай компанийн гүйцэтгэж буй 28-р цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөг хэт тансагаар тохижуулах ажлыг танайхаас санал болгон хийлгэсэн гэх мэдээлэл байгаа юм. Үнэхээр танай компани өөрийн саналаар гүйцэтгэж байгаа юу?
-Нийгмийн сүлжээгээр яваад байгаа мэдээлэл хэт нэг талыг барьсан гэж хэлмээр байна. Улсын байцаагчийн хэлж байгаагаар эрхлэгчийн өрөөний хэмжээ хүртэл дүрэм журамд зааснаас өөр гэлээ. Эрхлэгчийн өрөө үнэхээр стандартын дагуу 24м2, харин дотоод засал хийсэн материал нь модон мэт буюу үнэтэй харагдаж байгаа байх. Гэхдээ энэ нь уламжлалт маягаар хийх зургаан давхрага дотоод заслын ажлаас хамаагүй хямд тусах сүүлийн үеийн шинэ материал. Метр квадрат нь 15 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд багш нарын амрах өрөөнд хийсэн материалтай. Амралтын өрөөний өнгө нь цэцэгтэй цагаан хээтэй учраас тэр бүр анзаарагдсангүй. Очсон сэтгүүлч нь бүх хэсгээр нь орсонгүй.
Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
ҮЙЛДВЭРЛЭГЧ Б.Халиун: Бид чанартай ОРГАНИК бүтээгдэхүүнийг “хямд” үнээр борлуулдаг

Сүүлийн үед охид эмэгтэйчүүд органик түүхий эдээр хийсэн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонирхон худалдаж авах болсон. Тэгвэл бид энэ удаагийн ҮЙЛДВЭРЛЭГЧ булангаараа гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй “НАМУУ” хэмээх ванны бөмбөлөг, давс, гуужуулагч зэрэг арьс арчилгааны стандартын сав баглаа боодолтой органик бүтээгдэхүүн хийж борлуулдаг Б.Халиун болон Ц.Анударь нартай уулзаж ярилцлаа.
-Уншигчдад маань өөрийнхөө талаар танилцуулна уу?
–Намайг Б.Халиун гэдэг. Монгол Улсын Их Сургуулийн химийн ангийг төгссөн. Одоо Эко-Ази Байгаль Орчны Дээд Сургуульд экологийн магистр зэрэг хамгаалж байна. Энэхүү компаниа 2016 оны тавдугаар сард байгуулаад бүтээгдэхүүнээ зургадугаар сараас нь борлуулалтанд гаргаж байсан.
-Яагаад банны хөөс, саван гэх мэт арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон бэ? Мэргэжил тань давуу тал болж өгсөн үү?
-Тиймээ. Манай мэргэжлийн онцлог бол ихэнх цагийг лабораторид өнгөрөөдөг. Харин би тэгж удаан суухыг хүсээгүй. Тиймээс өөр юу хийж болох тухай бодсон. Үүний үндсэн дээр саван хийвэл дагалдах банны бөмбөлөг, давс гэх мэт бүтээгдэхүүн хийе гэж шийдсэн. Анх найзтайгаа нийлж бодож байгаад хоёулаа мэргэжлээрээ л ажил хийе гэсэн шийдвэрт хүрсэн юм.
-Одоо хэдэн ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Үндсэн хоёр ажилчин бий. Бусад нь цагийн ажилтнууд. Одооноос тогтвортой ажиллах био технологийн ажилтан авахыг эрмэлзэж байна. Цагийн ажилтнуудаа өөрсдөө сургаж авдаг бөгөөд ихэнхдээ мэргэжил шаардахгүй ажлуудаа хийлгэдэг.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
СУРВАЛЖИЛГА: Дорнод аймгийн Баян-Уул сумын ДРОНТОЙ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД

Дорнод аймгийн Баян-Уул сумын байгаль хамгаалагчид эргүүлийн ажлаа нисдэг камераар /дрон/ хийх болжээ. Ингэснээр тэд байгаль хамгаалагчийн ажлыг зөвхөн өөрсдийн хөл хүрч явж болох газартаа бус бүхий л орчинд хийх боломж нь нээгдэж, ажлын үр дүн нь ахисан байлаа. Иймд бид Дорнод аймгийн Баян-Уул сумын байгаль орчин улсын байцаагч Ж.Лхагвадоржтой энэ талаар хуучиллаа.
-Сайн байна уу? Танайх сумын байгаль хамгаалагчид дроноор эргүүлж хийж байгаа нь их авууштай санагдлаа. Хэзээнээс энэ ажлыг хийж эхлүүлсэн бэ?
–2019 оны гуравдугаар сараас эхлэн байгаль орчны гэмт хэрэгтэй тэнцэх, урьдчилан сэргийлэх ажилд дроныг ашиглаж эхэлсэн. Ингэхдээ МХЕГ-ын даргын албан даалгавраар ан амьтан агнах идэвхтэй үе, мод хууль бусаар огтолж, тээвэрлэх зэрэгт хяналт шалгах тавих үүднээс үүрэгт ажлынхаа тоонд тусган ажиллаж байна.
-Байгаль орчны ажилд дрон ашиглах санааг анхлан яаж гаргасан бэ?
–Байгаль хамгаалагчид бид сумын иргэдийн төлөөлөгчдөд санал болгон, дэмжигдэж уг ажлыг эхлүүлэх болсон. Бид байгаль орчны гэмт хэргийг гарсных нь дараа илрүүлэх бус, гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаар уг нисдэг камерын эргүүлийн ажлыг санаачилсан.
-Төсөв мөнгөө хэрхэн зохицуулж, дроноо авсан бэ. Одоогийн байдлаар ямар ямар техник хэрэгсэлтэй байна бэ?
-Одоогийн байдлаар ганцхан бий. Төсөв мөнгөний хувьд 2018 оны сумын төсвөөс гаргасан. Дрон маань захиалж авчруулсан учир 2019 оны нэгдүгээр сард бидэнд ирсэн. Үнийн дүнгийн хувьд ойролцоогоор дөрвөн сая гаруй төгрөг гэж таамаглаж байна. Санхүү хариуцсан ажилтан маань байхгүй байгаа учраас баттай санхүү төсвийн үнийг хэлэхгүй боломжгүй.
Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Э.Оюунболдын улсын аварга цолыг хураах нь: ЗӨВ VS БУРУУ

Төрийн наадамд түрүүлсэн бөхөөс допинг илэрсэн тохиолдол Монгол Улсын түүхэнд өмнө нь тохиолдож байгаагүй. Гэтэл өнөө жил улсын аварга болсон Э.Оюунболд допингийн шинжилгээнд бүдэрсэн нь яах аргагүй хачин жигтэй үйл явдал. Түүний аварга цолыг хураах уу, Н.Батсуурьт даян аварга цол нөхөж олгох эсэх нь олны анхаарлыг ихэд татаж байна. Допинг илэрсэн бөхийн цолыг хураах хуулийн заалттай. Төдийгөөс өдий хүртэл эл заалтыг мөрдсөөр ирсэн. Улсын цолоо хураалгасан тохиолдол ч цөөнгүй.
Хуулийн дагуу Э.Оюунболдын цолыг хураах эсэхээс ганцхан Н.Батсуурь даян аварга болох бус Д.Анар улсын заан, Б.Цэдэнсодном улсын харцага, аймгийн арслан Н.Мустафа улсын начин болох эсэх шалтгаална. Тэд яах аргагүй амжилт, хөдөлмөрөөрөө хохирсон. Ялангуяа түүнд наймын даваанд унасан Ц.Содномдорж арсланд бүр ч харамсалтай. Энэ хэргийг яаж шийдсэн ч түүнд ашиггүй. Амжилтаараа хохироод үлдэж буй хүчтэн тэр яах аргагүй мөн. Хэрвээ Э.Оюунболд допинг хэрэглээгүй бол улсын наадамд түрүүлэх боломж, нөөц зөвхөн Н.Батсуурь, Ц.Содномдоржид бус бүгдэд нь байсан. Аймгийн арслан Н.Мустафа шуугиулсаар түрүүлэхгүй юм гэхэд улсын цолоо ахиулахыг үгүйсгэх аргагүй. Тамирчны амжилт залуу насных. Бүтэн жилийн хөдөлмөрөөрөөө хохирсон бүх бөхөд харамсалтай байгаа нь мэдээж.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Ц.Борхүүгийн биед халдсан этгээдүүдийг шалгаж эхэлжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх үеэр чуулганы танхимд техникийн саатал үүссэн. Технологийн саатал үүсэх үеэр УИХ-ын Тамгын газрын Техникийн хэлтсийн дарга Ц.Борхүүгийн утас салгаатай, ямар ч сураггүй байсан нь хардлага үүсгэсэн юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-ын Тамгын газрын Техникийн хэлтсийн дарга Ц.Борхүүг өглөө ажилдаа явахаар гарах үед нь гэнэт хоёр этгээд дайрчээ. Түүнийг орцонд нь зодсон бөгөөд Төрийн ордонд техникийн саатал үүсэх үед ГССҮТ-д эмчлүүлж байсан аж.
Одоогоор УИХ-ын Тамгын газрын техникийн хэлтсийн дарга Ц.Борхүүг зодсон этгээдүүдийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Харин УИХ-ын Тамгын газрын техникийн хэлтсийн дарга Ц.Борхүүгийн хувьд ГССҮТ-д эмчлүүлэнгээ холбогдох асуудлаар мэдүүлэг өгч байгаа аж.
Мэргэжлийн хүрээнийнхэн чуулганы танхимд технологийн саатал үүсэх боломжгүй гэж үзэж буй юм. Тиймээс гадны эх үүсвэртэйгээр зориуд гацаасан гэж хардаж байгаагаа нуухгүй байна.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
БАГЦАЛСАН: Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.