ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Японд парламентын доод танхимын сонгууль болно

Энэ удаагийн сонгуулиар аравдугаар сарын 4-нд тус улсын шинэ Ерөнхий сайд, Либерал Ардчилсан Нам /ЛАН/-ын дарга Кишида Фүмиогийн эвсэл “COVID-19”-ийн цар тахалтай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх, эдийн засгийн чиглэлийг үргэлжлүүлэх бүрэн эрх авах эсэхийг шийднэ гэж Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.

Шинэ Ерөнхий сайд тангараг өргөснөөс хойш хамгийн богино хугацаанд Доод танхимаа тарааж буй хэрэг бөгөөд энэ нь Дэлхийн II дайны дараах Японы улс төрийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд тооцогдож байна.

Эрх баригч ЛАН болон түүний холбоотон “Комэйто” нам нь 465 суудалтай Төлөөлөгчдийн танхимд олонхи болох зорилтыг хэрэгжүүлэхийг зорино. Гэвч социологийн судалгаагаар эрх баригч эвсэл танхимд олонхи буюу 233-аас доошгүй суудал авч үлдсэн ч ЛАН өмнөхөөсөө цөөн суудал авах магадлал өндөр байгаа аж.

Аравдугаар сарын 14-ний өдрийн Ерөнхий сайдын шийдвэрээр татан буугдахаасаа өмнө ЛАН 276 суудалтай байсан.

Мөн “Кёодо” /Kyodo/ агентлагаас явуулсан олон нийтийн санал асуулгаар нэг мандаттай 70 тойрогт эрх баригч эвслийн нэр дэвшигчид болон сөрөг хүчний нэр дэвшигчдийн давуу байдал бараг тэнцүү байгааг харуулжээ.

Бас санал асуулгад оролцогчдын 40 хувь сонголтоо хийхээ шийдээгүй байгаа нь санал хураалтын дүнг урьдчилан таамаглахад хүндрэлтэй байгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/-үүд онцолжээ.  

Японы улс төрийн удирдагчид өчигдөр бямба гараг /2021.10.30/-т сонгогчдод хандан эцсийн уриалга гаргав. Тодруулбал, Кишида Фүмио Ерөнхий сайд Сайтама мужид үг хэлэхдээ, арванхоёрдугаар сараас эхлэн коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийн эмчилгээний орны тоог нэмэгдүүлэх, мөн коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунг тарааж эхлэхээ амласан. Мөн тэрбээр эдийн засгийн хэтийн төлөвийн талаар ч ярьсан юм.

“Бид Японы эдийн засгийг сэргээж, түүний үр өгөөжийг зөвхөн нийгмийн элит давхарга төдийгүй хүн бүр эдлэх баталгааг олгоно. Сөрөг хүчин зөвхөн дахин төлөвлөлтийн талаар боддог, гэвч эдийн засгийн өсөлтгүйгээр цаг хугацаа өнгөрөх тусам төлөвлөх зүйл байхгүй болно” гэж Ерөнхий сайд тодотгожээ. Энэ талаар “Майничи” сонин иш татан нийтэлжээ.

“Энэ сонгууль бол сөрсөн тэмцэл. Гэвч үнэндээ бараг эн тэнцүү өрсөлдөөн” гэж Ерөнхий сайд онцлов.

“Майничи” сонины тэмдэглэснээр, сүүлийн 60 жилийн ихэнх хугацаанд Япон улсыг удирдаж байсан ЛАН одоогийн байдлаар Японы Коммунист Нам  /ЯКН/ болон бусад сөрөг хүчний бүлгүүдтэй эвссэн Японы Үндсэн Хуульт Ардчилсан Нам /ЯҮХАН/-аас илүү ноцтой аюул заналхийлж байна гэжээ. Учир нь, тэд сонгуулийн өрсөлдөөн явуулах боломжтой тойрогт ижил нэр дэвшигчдийг сурталчлах зорилготой байгаа аж.

ЯКН-ын дарга Шии Казүо Чиба хотод хийсэн сонгуулийн сурталчилгааны үеэр хэлсэн үгэндээ “Бид ард иргэд та бүхнээс Ерөнхий сайд асан Абэ Шинзо болон Сүга Ёшихидэ нарын удирдсан есөн жилд ялын тогтоол гаргаасай гэж хүсч байна” гэжээ.

Тэрбээр мөн Засгийн газрыг “COVID-19” цар тахлын эсрэг дорвитой үр дүнтэй хариу арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжлэв.

Ерөнхий сайд асан Абэ Шинзо, Сүга Ёшихидэ нарын үед улс орноо сунжирсан зогсонги байдлаас гаргах зорилготой “Абэномик”-ийн эдийн засгийн чиглэл нь цалин орлогийг бус зөвхөн аж ахуйн нэгжийн орлого, хөрөнгийн биржийн ханшийн өсөлтийг дээшлүүлсэн гэж ЯКН болон түүний холбоотнууд буруутгаж байгаа юм.

ЯКН болон бусад сөрөг хүчнийхэн хэрэглээний татварыг бууруулж, цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дэмжихийг уриалж байгаа билээ.

Үүний хариуд сөрөг хүчний намуудын гадаад бодлого, аюулгүй байдлын талаарх үзэл бодлын зөрүүтэй байдал гаргаж байгаа нь өөрөө улс орныг удирдах боломжгүй болгож байна гэж эрх баригч эвслийнхэн мэдэгдлээ.

Мөн ЛАН болон холбоотнууд БНХАУ-ын цэргийн хүчин чадал нэмэгдэж, Умард Солонгосоос пуужингийн аюул заналхийлэл ирж байгаа асуудалтай холбогдуулан Япон улс батлан ​​хамгаалах зардлаа хоёр дахин буюу ДНБ-ээ хоёр хүртэл хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж “Майничи” онцолжээ.

(Эх сурвалж: Mainichi Shinbun)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button